Орос улс зуны цагийн хуваариараа өвөлжинө

Хойд Европ өнгөрсөн ням гаригт буюу аравдугаар сарын 30-нд өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ. Харин манай хойд хөрш энэ жил ерөнхийлөгч Дмитри Медведевийн шийдвэрийн дагуу зуны цагийн хуваарьтаа өөрчлөлт хийсэнгүй.

Ерөнхийлөгч Медведев энэ оны гуравдугаар сард тус шийдвэрээ олон нийтэд албан ёсоор танилцуулсан бөгөөд “ Цагийн өөрчлөлттэй холбоотой стрессийг багасгах зорилгоор уг шийдвэрийг гаргалаа “ хэмээн тайлбар хийсэн юм.

Албаныхан энэ үеэр цагийн өөрчлөлтөөс шалтгаалан жил бүр өсөлттэй гарч байгаа амиа хорлох хэргийн талаар ярилцсан юм. Өдөр уртассантай холбогдон өсдөг амиа егүүтгэх гэмт хэргийн тоо эмэгтэйчүүдэд бус эрчүүдийн дунд илүү ажиглагддаг байна. Энэ талаар хийгдсэн 2008 оны Австрали улсын судалгаагаар өдөр уртассаны дараагаас эрэгтэйчүүдийн дундах амиа хорлолт ойролцоогоор 0,44 хувиар ихэсдэг гэнэ. Өвлийн цагт тохиож буй цагийн өөрчлөлт нь хүний сэтгэл санааны хямралыг харанхуй дүнсгэр өнгө төрхөөрөө улам их лавшруулж байдаг учир амиа хорлолт ихсэх шалтгаан болдог байна. Хаврын улирал энэ төрлийн гэмт хэргийн гаралтын оргил үе юм.Үүнээс гадна цагийн өөрчлөлтийн нөлөөгөөр зам тээвэр болон ажлын байрны осолын тоо ч нэмэгддэг гэнэ. Мөн иргэдийн эрүүл мэндийн хувьд хууч өвчин сэдрэх ялангуяа зүрх судасны өвчлөл цагийн өөрчлөлтийн эхний гурван долоо хоногт таван хувиар нэмэгддэг гэсэн судалгаа ч бий аж.

Энэ өвөл Орост шөнийн харанхуй удаан ноёлож, үдийн нар яаралтгүй хэлбийх ажээ. Хойд Европын ихэнх хэсэг нэг цагаар амьдралын хэмнэлээ хойшлуулах үест Орос улс ганцаараа бүтэн жилийн турш зуны цагийн хуваариараа байна.
Гэвч энэ нь зарим бизнесийн салбар болох банк, агаарын тээвэр болон төмөр замынхны хувьд хүндрэл үүсгэх бололтой.