Орос устаж, үгүй болно гэв үү

Орос ахан дүүсийн ирээдүй бүрхэг байна гэнэ. Дэлхийн тэргүүлэгч эдийн засагчдын нэг Нурейл Рубини, Eurasia компанийн ерөнхийлөгч Иан Бреммер нар ОХУ дэлхийд эзлэх байр сууриа алдсан, G8-д байх эрхгүй тул тус улсыг чухал хэвээр гэж баширлах хэрэггүй хэмээн үзжээ. Уг мэдэгдлийн “ундарга” нь ОХУ-ын хүн ам хөгширч, залуу халуун үеэ өнгөрөөсөн гэх тайлбар аж.Рубини болон Бреммер хэлэхдээ тус улсын хүн ам өнгөрсөн 20 жилийн хугацаанд зургаан саяар хумигдсан гэжээ. Няцааж боломгүй баримт. Гэхдээ насжилт G8-аас “жийх” шалтгаан болж чадах уу?

ОХУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч хорооноос 2011 оны тайлан, тус улсын Нийгэм, хүн ам зүйн бодлого хэрэгжүүлэгч хорооноос бэлтгэн гаргадаг “ОХУ дахь согтууруулах ундааны хэрэглээ: Нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө болон түүний эсрэг арга хэмжээ” тайлан, ОХУ-ын Эрүүл мэндийн яам зэрэг байгууллагуудаас авсан доорх мэдээллээс үзвэл ОХУ жил бүр ойролцоогоор 1.5 сая иргэнээ алсын замд нь үддэг ажээ. Мансууруулах бодис хэтрүүлэн амиа алдагсдын дийлэнх нь 15-34 насны залуус байдаг нь тун харамсалтай. Түүнчлэн зүрх судас, хорт хавдрын улмаас өөд бологсдын тоо 1.1 сая хол давсанг холбогдох албаныхан мэдээлж байгаа. Хэдхэн жилийн өмнө хүүхдийн эндэгдлийн тоо 50 мянга хэмээн мэдээлдэг байсан тус улсын Эрүүл мэндийн яам уг тоог 80 мянгад хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Улирах он бүрт хоёр сая иргэнээ тэнгэрт даатгадаг энэ улсад жилд дунджаар 1.5 сая хүүхэд мэндэлдэг аж. Ингээд үзэхэдFinancial Times сэтгүүлийн мэдээлж буй зургаан сая балчир тоо юм.

Нас баралт, насжилтын хажуугаар цагаачлалын асуудал ОХУ-ыг “иргэнгүйдүүлж” байна. Иймэрхүү байдлаар иргэдээ алдаад байвал хойд хөршгүй болж мэдэх юм. Хойд ахан дүүсийг арслан заан мэт үгүй болж байна гэх яриаг“Орос эхлээд иргэдээ, дараа нь газар нутгаа алдах вий дээ” гэх олон улсын зовинол бататгах шиг. Гэсэн ч Оросуудыг “булшлах” цаг хол байгаа талаар тус улсын албаныхан баримтжуулах гэж хичээж буй биз.