Орчны эрүүл мэнд санаа зовоож байна

Иргэд Тавантолгойн хувьцаа болон төрөөс өгөх сая төгрөгийг чухалчилж, Хүний хөгжил сангийнхаа 21 мянган төгрөгтөө дугаарлаад эрүүл мэндээ бодох ч сөхөөгүй явна. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч төсөв, мөнгөний бодлого, уул уурхайн их бүтээн байгуулалтад анхаарлаа түлхүү хандуулж эрүүл мэндийн асуудлыг нэг их тоохгүй байх шиг . Чухам энэ үед манай эрүүл мэндийн байгууллагууд хамтран энэ сарын 7-9-нд “Эрүүл ахуйч, халдвар судлаачдын үндэсний анхдугаар зөвлөлгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөлгөөнд эрүүл мэндийн салбарын төлөөлөл, орон нутгийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, судлаач, багш нар гээд 200 гаруй хүн оролцсон байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Эрүүл мэндийн салбарт эрх зүйн орчноос эхлээд орчин үеийн техник технологи, эмнэлгийн орчин, чанар гээд шийдэх асуудал олон бий. Хамгийн гол нь иргэдэд эрүүл мэндийн зөв зан үйлийг төлөвшүүлэх нь чухал байна. Өнөөдөр манайхан өвчин тусчихаад хүндэрчихсэн хойно нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэгддэг буруу хэвшил тогтчихож. Нэг үгээр хэлбэл, эмнэлэг гэдгийг өвдсөн хойноо очдог газар гэсэн өрөөсгөл ойлголт бөх бат оршсоор байна. Уг нь иргэн та өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө өвчлөлөөс урьдчилан сэргийлж эмнэлэгт хандах ёстой” гэсэн юм. Тиймээс иргэн бүр өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд шинжилгээнд тогтмол хамрагдаж, эрүүл хүнс хэрэглэх нь чухал талаар мэргэжилтнүүд онцолж байв. Харин үүний тулд эмнэлгүүдийн шинжилгээний чанарын асуудлыг баталгаажуулах нь хамгийн чухал юм. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү “Өнөөдөр эрүүл мэндийн салбарыг зөвхөн өөрийн орны хэмжээнд авч үзэх нь өрөөсгөл. Тухайлбал, хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь импортоор орж ирж байна. Түүнчлэн глобалчлалтай холбоотойгоор олон асуудал дэлхийн нийтийнх болоод байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн асуудал. Тиймээс бид дэлхий дахины арга туршлага, технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх чухал юм. Одоо нэн шаардлагатай зүйл бол сүүлийн үеийн оношлогооны лабартори” гэлээ.

Уг зөвлөлгөөнийн үеэр гурван салбар хуралдаан болсон юм. Үүнд Орчны эрүүл мэнд, хөдөлмөрийн эрүүл ахуй, Халдвар судлал, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй, Хүнсний эрүүл ахуйн чиглэлээр хуралдсан. Эдгээрээс орчны эрүүл ахуйн асуудал нь бусад салбар хуралдаантай хамааралтай байсан учраас оролцогчдын анхаарал энэ зүгт чиглэж байлаа. Тухайлбал, С.Ламбаа сайд “Өнөөдөр Улаанбаатрын иргэд ямар орчинд амьдарч байгаа нь санаа зовоож байна. Утааны асуудал эрүүл мэндийг заналхийлж буй. Хөрсний бохирдол мөн адил. Гэр хорооллын айлууд нь бүгд ил “00”-той. Тэр нь үер болохоор орон сууц, сургууль, цэцэрлэгийн хонгилд урсаж ирээд тогтдог. Энэ бүхэн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна” гэв. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд 200 мянга орчим ил “00” байна гэсэн статистик байдаг аж. Харин Монгол Улсын хэмжээнд иргэдийн 70 гаруй хувь нь боловсон “00”-гүй байна. Үүнтэй холбоотойгоор орон нутаг болон Улаанбаатар хотод гэдэсний халдварт өвчний тархалт ихэссэн гэдгийг эмч нар сануулж байлаа. Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Гомбосүрэн “Орон нутгийн хэмжээнд эрүүл мэндийн салбар сүүлийн 20-иод жил үсрэнгүй хөгжсөн гэж үзэж болно. Гэхдээ орчны эрүүл мэндийн асуудал хангалттай гэж хэлж чадахгүй. Манай аймгийн хувьд гэдэсний А вирусын гаралтай халдвар их байгаа. Энэ нь бохир орчинтой шууд холбоотой” гэв. Түүнчлэн зөвлөлгөөний үеэр эрүүл мэндийн салбарт төрөөс баримтлах бодлого хэрэгжилт болон сургалт, мэргэжилтний бодлого, хяналт гээд олон чухал асуудлаар санаа бодлоо солилцсон юм. Уг зөвлөлгөөний талаар Ахлах байцаагч Л.Гэрэл “Энэ зөвлөлгөөн болсноор нийгмийн эрүүл мэндийн талаарх дэлхий нийтийн чиг хандлагыг өөрийн орны онцлогт уялдуулах, тодорхой мэдлэг, хандлагатай болох явдал юм. Түүнчлэн олон талын хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл ахуй, халдвар судлалын өнөөгийн байдлыг хэлэлцэх гээд чухал асуудлуудаар ярилцлаа” хэмээн сонирхуулав.

Эдийн засагч С.Одонтуяа “Эрүүл мэндгүй бол хүнгүй болно. Монгол хүн байхгүй бол энэ их баялаг тэгээд хэнд хэрэгтэй юм бэ? Тэгэхээр Монгол Улсын гол баялаг эрүүл Монгол хүн. Үүний төлөө хөрөнгө оруулалт хийхдээ гар татах хэрэггүй” гэжээ. Мөн иргэн таныг эрүүл мэндээ зөнд нь хаяхгүй байхыг эрүүл мэндийн салбарынхан зөвлөж байна.