ОУВС: Дэлхийн эдийн засгийн өсөлт буурна


Олон улсын валютын сан (ОУВС)-гаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг 0.3 хувиар бууруулж, 2.9 хувь болгожээ. Харин ирэх оны өсөлтийн төлвийг 0.2 хувиар мөн бууруулж, 3.6 хувь болгон тооцсон байна.

Ийнхүү өсөлтийн төлөвийг бууруулах болсон шалтгаан нь хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт тааруухан байгаатай холбоотой аж. АНУ, Их Британи зэрэг хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт сайжирч байгаа боловч Бразил, БНХАУ, Энэтхэг, ОХУ зэрэг хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг хойш нь татаж буйг ОУВС-гаас анхааруулав.

Өнгөрсөн долоодугаар сард ОХУ, БНХАУ, Энэтхэг болон Мексикийн эдийн засаг таамаглаж байснаас харьцангуй доогуур өсөлттэй байжээ. Энэ нь зарим талаараа АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлого өөрчлөгдсөнтэй холбоотой гэж үзэж буй. Тус банк эдийн засагтаа үзүүлэх дэмжлэгээ багасгах болсон нь шинээр хөгжиж буй орнуудын Төвбанкны бодлогын хүүнд сөргөөр нөлөөлсөн хэмээн ОУВС-гаас мэдэгдсэн байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төлөв төдийлэн сайнгүй байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй гэсэн итгэл, үнэмшил нэлээд газар авч буй талаар дурджээ.

АНУ-ын айдас

ОУВС АНУ-ыг дэлхийн эдийн засгийг голлон чиглүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. Гэхдээ тус улсын Засгийн газар зээлийн босгоо нэмэгдүүлэх тал дээр улс төрийн мухардалд ороод буй. Хэрэв энэ байдал даамжирч, өр төлбөрөө төлөх үүргээ биелүүлж чадахгүйд хүрвэл энэ нь эргээд “дэлхийн эдийн засагт ноцтой аюул учруулна” хэмээн анхааруулж байна.

АНУ-ын эдийн засгийн өсөлтийн энэ оны төлөвийг 0.1 хувиар бууруулж 1.6 хувь, ирэх оны төлөвийг 0.2 хувиар бууруулж 2.6 хувь тус тус болгожээ. Өчигдөр буюу мягмар гарагт Вашингтон хотноо тус улсын Ерөнхийлөгч Барак Обама болон Конгресс дахь Бүгд найрамдах намын гишүүд уулзав. АНУ-ын зээлийн дээд хэмжээг шинэчлэн тогтоох зорилгоор Засгийн газрын зарим салбарыг түр хаах, хууль тогтоомжийн асуудлын тал дээр талууд харилцан зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа билээ. Хэвлэлийн хурлын үеэр Обама “АНУ-ын “Өрийн босго” гэх энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй аваас энэ нь дэлхий дахины итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болж, улмаар зээлийн зардлыг байнга өсгөх болно” гэсэн мэдэгдэл хийжээ.

Евробүсийн тогтворжилт

Евробүсийн хувьд Итали, Испани зэрэг орнуудын эдийн засаг тогтворжиход тун ойрхон байгааг “Бизнес эрхлэгчдийн эдийн засагт итгэх итгэлийн индекс” (business confidence indicators) харуулж байгаа аж. Европт хамгийн томоохонд тооцогдох Герман зэрэг зарим орны эдийн засаг аль хэдийнэ сэргээд эхэлсэн билээ.

Тус бүсийн эдийн засгийн өсөлт энэ онд таамаглаж байснаас 0.4 хувиар буурах төлөвтэй бөгөөд өнгөрсөн долоодугаар сарын таамгаас 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин ирэх онд нэг хувиар өсөх хандлагатай хэмээн ОУВС тодорхойлжээ.

ОУВС-гийн эдийн засгийн зөвлөх Оливиер Бланчард “Товчхон хэлэхэд, евробүс хямралаас гарч байгаа боловч хэтэрхий удаашралтай байна. Санхүүгийн тогтолцоонд бүтцийн хувьсгал хийгдэж байгаа боловч ирээдүйн өнгө, төрх ямар байх нь одоогоор тодорхойгүй. Цаашид олон жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг хувьсан өөрчлөгдөж, өөрийн өнгө, төрхөө олох хүртэл дээрх асуудлууд байсаар байх болно” гэжээ.

Р.Гантулга