ОХУ нефть олборлолтоор дэлхийд толгойлсон хэвээр

ОХУ-д өнгөрсөн онд 670,5 тэрбум шоо метр хий болон 511,4 сая тонн нефть ба хийн конденсат (хоногт 10,27 сая баррель) олборлосон гэж “Интерфакс” агентлагаас мэдэгдлээ. Хойд хөрш нефть олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг бөгөөд удаад нь Саудын Араб ордог билээ. Тус улс хоногт 10 орчим баррель нефть олборлодог.
Оросын өнгөрөгч онд олборлосон хий болон нефтийн хэмжээг 2010 оны үзүүлэлттэй харьцуулахад хийн олборлолт 3,1, нефть харин 1,2 хувиар нэмэгдэж рекорд тогтооход хүрсэн аж. Өмнө нь рекордын түвшинг 2008 онд нийт 665 шоо метр хий олборлотоор тогтоож байв.

Оросын хий нийлүүлэгч хамгийн том компани “Газпром” 509,7 тэрбум шоо метр хий, “Роснефть” компани 114,5 сая тонн нефть нийлүүлдэг байна. Эдгээрийн өрсөлдөгчөөр “Новатек”, “Лукойл”, ТНК- ВР нар тодорсон аж.
Байгалийн баялгийн олборлолтын хэмжээ хэдийгээр нэмэгдсэн ч далайн чанадад гаргах нефтийн экспорт 3,9 хувь буюу 212 сая тонн хүртэл буурчээ. Энэ хэмжээнээс 188 сая тонн нефтийг “Транснефть” компанийн хий дамжуулах хоолойгоор экспортолсон байна.
Беларусийн нефтийн экспорт өнгөрөгч оны байдлаар 40,5 хувь буюу 18,1 сая тонноор өссөн байхад Украины нефтийн экспортын хэмжээ 21,8 хувь буюу 4,7 сая тонноор, Казахстаных 7,4 сая тонн болтлоо тус тус буурчээ.