ОХУ-Украины дайн Монголын эдийн засагт ямар цохилт өгөв
ОХУ-Украины дайн, түүнээс үүдэлтэйгээр АНУ, Европын улс орнуудаас ОХУ-д тавьсан эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ нь дэлхийн түүхий эдийн зах зээл дэх нийлүүлэлтийг бууруулж, үнийн өсөлтөд нөлөөлж байна. Экспортын хувьд ОХУ байгалийн хий, улаан буудайн тус бүр 18 орчим хувь, газрын тосны 13 хувь, наран цэцгийн тос, бордооны тус бүр 15 хувь, хөнгөн цагаан, зэсийн 10 орчим хувь, наран цэцгийн үрийн таван хувийг дангаар бүрдүүлдэг. Харин Украин улс дэлхийн наран цэцгийн тосны экспортын 55 хувь, эрдэнэ шишийн 18 хувь, улаан буудайн 10 орчим хувийг дангаар эзэлдэг. Украинд эдгээр ургамлыг тариалдаг гол бүс нутгууд (нийт тариалалтын талбайн 70 орчим хувь) дайны хөлд өртөөд байгаа нь 2022 оны тариалалт, ургацаар дамжин эдгээр хүнсний нийлүүлэлт ирэх онд тааруу байхыг илтгэж, нөөцлөлт, хүлээлтээр дамжин үнийн өсөлтөд нөлөөлж эхэллээ. Түүнчлэн Украин, түүний хөрш орнуудад тариалалтад шаардлагатай түлш, үр, бордоо, тоног төхөөрөмж хомсдолтой байгаа нь эдгээр хүнсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж байна.
Дайнаас үүдэн ийм хэмжээний нийлүүлэлт дэлхийн түүхий эдийн зах зээлд буурснаар үнийн өсөлт “богино настай” биш гэсэн хүлээлт давамгайлж буй. Нийлүүлэлт нь буурснаас байгалийн хийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэн бол үр тарианы үнэ сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшнийг давлаа. 2022 оны дөрөвдүгээр сарын сүүлчийн байдлаар нэг баррель газрын тосны үнэ 110 орчим ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 60-70 хувиар өссөн, дэлхийн хүнсний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 27 хувийн өсөлттэй байна. КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй логистик, тээврийн зардлын өсөлт дэлхийн хүнсний үнийн өсөлтөд тусгалаа олоод байсан бол одоо дайнаас үүдэлтэй нийлүүлэлтийн шок цохилт болж эхлэв.
Эрчим хүч (байгалийн хий, газрын тос), хүнсний үнийн өсөлт нь дэлхий нийтэд инфляцын дарамтыг улам нэмэгдүүлж байна. Ялангуяа, өргөн хэрэглээний барааны сагсанд нь эрчим хүч, хүнсний зардлын эзлэх хувь өндөртэй, орлого багатай улс орнуудад илүү хүндээр тусах боллоо.
Инфляцын дарамт нэмэгдэж, төв банкуудын зорилтот түвшнээс хэт давж, инфляц үргэлжлэн өсөх хүлээлт нэмэгдэхийн хэрээр төв банкууд бодлогын хүүгээ илүү хурдан өсгөхөөс өөр сонголтгүй болов. Түүнчлэн өрх гэр, компаниудад үзүүлэх эрчим хүч, хүнсний үнийн өсөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Засгийн газрууд татаас олгох (нэмүү өртгийн болон онцгой албан татварыг бууруулах), үнийн хяналт тогтоох, орлого багатай зорилтот өрхүүдэд олгодог тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, хүнсний экспортыг хориглох, хүнс, шатахууны талон олгох, тариалан эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч компаниудад төрөөс тусламж, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Эдгээр нь улс орнуудын төсөвт томоохон ачаалал бий болгож байгаа бол хүүний өсөлт нь өндөр өртэй Засгийн газруудын хувьд төсөв дэх хүүний зардал өсөж, алдагдал нэмэгдэхэд хүргэлээ.
Цар тахал, түүнээс үүдэлтэй хүндрэлүүдтэй “ноцолдож” байсан манай эдийн засагт ОХУ-Украины дайн мөн том цохилт болж байна. Шатахууны эцсийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог, нийт импортын 30 гаруй хувийг ОХУ эзэлдэг Монгол Улсын хувьд тус дайны тусгал олон сорилтыг дагуулах боллоо. Дэлхийн зах зээл дээрх шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь манай эдийн засагт инфляцын өсөлт, төлбөрийн тэнцлийн хүндрэл, улмаар ханш сулрах дарамтыг нэмэгдүүлэхээс гадна шатахуун, эм тариа зэрэг стратегийн чухал барааны гадаад төлбөр тооцоонд хүртэл эрсдэлийг бий болгов. Тухайлбал, өрхүүдийн өргөн хэрэглээний барааны сагсанд шатахууны бүлэг зургаан хувь, хүнсний бүлэг 26 орчим хувь, импортын бүлэг 30 гаруй хувийг бүрдүүлж байна. Эндээс харахад хэрэглээний сагсны 1/3-ийг хүнс, шатахууны бүлэг бүрдүүлж байгаа тул дэлхийн зах зээл дээрх газрын тос, хүнсний үнийн өсөлт нь инфляцад шууд хүчтэй нөлөө үзүүлэх нь дамжиггүй.
Энэ үүднээсээ өнөөдрийн инфляцын 50 орчим хувь нь “импортлогдсон” байгааг Үндэсний статистикийн хорооны сар бүрийн статистикийн тайлангаас харж болно.
Эдийн засгийн загварт суурилсан шинжилгээгээр дэлхийн зах зээлийн үнэ одоогийн түвшиндээ байх буюу өнгөрсөн оны мөн үеэс 70 хувиар өсөх нь манай инфляцыг 3.75 нэгж хувиар нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Дайны үр дагаварт импортын шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнүүд үргэлжлэн өсөх, өндөр түвшинд хадгалагдах нь манай орны инфляц ойрын хугацаандаа эргэн хурдан буурахгүй байх, улмаар аж ахуйн нэгжүүдийн зардлыг өсгөх, өрхүүдийн бодит худалдан авах чадварыг бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг үргэлжлэн үзүүлэх буюу стагфляц (=стагнац/зогсонги байдал/+инфляц) даамжрах эрсдэлийг бий болгож байна.
Манай орны хувьд 2021 оны байдлаар нефть бүтээгдэхүүний импорт 1.2 тэрбум ам.доллар, хүнсний импорт 850 сая ам.доллар байв. Эдгээрийн нийлбэр болох хоёр орчим тэрбум ам.доллар нь 2021 оны эцэс дэх гадаад валютын нөөцийн 45 хувь, одоо байгаа нөөц (3.2 тэрбум ам.доллар)-ийн 60 хувьтай тэнцэх өндөр дүн юм. Дэлхийн зах зээл дээрх хүнсний бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос дунджаар 30 хувь, газрын тосны үнэ 70 хувь өсөөд байгаа баримтыг оруулж тооцвол 2022 онд эдгээр бүлгийн импорт 3.1 тэрбум ам.долларт хүрч нэмэгдэх буюу нэмэлтээр 1.1 тэрбум ам.доллароор өсөх энгийн тооцоо гарч байна. 2021 онд цар тахлын нөлөөгөөр эдгээр барааны импортын биет хэмжээ бага байсан бөгөөд биет хэмжээ өсөхгүй гэсэн даруухан таамаглал ашиглав. Энд зөвхөн шатахуун, хүнс гэсэн бүлгийг авч үзсэн бөгөөд бусад импортын барааны үнийн өсөлт өндөр байгааг тооцвол импортын дарамт энд дурдсанаас ихээр нэмэгдэх боломжтой.
Урд хил, боомт дээрх хязгаарлалттай холбоотойгоор нүүрсний экспортын орлого өмнөх оны түвшинд хүрэхгүй, бууралттай байгаа энэ үед импортын төлбөр ийнхүү үнийн өсөлтөөр нэмэгдэж байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдлаар дамжин гадаад валютын нөөц хурдацтай буурах, улмаар ханшийн сулрах дарамт нэмэгдэхэд шууд нөлөөлж байна.
Цаашид экспортын орлогын гацаа үргэлжилж, дэлхийн зах зээл дээр газрын тос, хүнсний үнэ өссөөр (дайны нөхцөл байдал үргэлжилсээр) байвал гадаад санхүүжилтийн хэрэгцээт дүн дагаад өсөх төлөв харагдаж байна.
Иймд экспорт богино хугацаанд хангалттай сайн сэргэхээргүй байгаа энэ үед гадаад санхүүжилт (жишээ нь, экспорт, хөрөнгө оруулалт болон өрийн дарамт багатай урт хугацаатай эх үүсвэрүүд оруулж ирэх) татах, импортыг боломжит түвшинд бууруулах (төсөвт тохируулга хийх, ялангуяа инфляц, импортыг өсгөх зардлыг бууруулах) замаар гадаад валютын цэвэр орох урсгалыг сайжруулах хэрэгцээ үүслээ. Дэлхий дахинд төв банкууд хүүгээ өсгөж, зарим орнууд гадаад өр дээрээ дефолт зарлаж эхэлж байгаа нь манай орны гадаад өрийн дахин санхүүжилтэд сөрөг мэдээ болж байна. Гадаад, дотоод орчны нөхцөл байдал жаахан л муугаар эргэвэл эдийн засгийн хямралт нөхцөл байдал, дефолтын эрсдэл “хаалга”-ны цаана хүлээж байгааг мартаж болохгүй.
Ийнхүү цар тахлын үр дагавар арилаагүй, төсвийн болон төсвийн шинж чанартай арга хэмжээний зардлын тэлэлтүүд үргэлжилсэн үед Украин дахь дайнтай холбоотой нэмэлт шокууд орж ирж стагфляцын нөхцөл байдлыг даамжруулж байгаа нь мөнгөний бодлогын сонголтыг хүнд байдалд оруулж байна. Инфляц өндөр түвшинд хүрч, цаашид “аргамжаа”-наасаа алдуурах, хадгаламжийн бодит хүү (нэрлэсэн хүү, инфляцын хүлээлтийн ялгавар) сөрөг түвшинд удаан хугацаанд хадгалагдаж банкны салбараас эх үүсвэр гадагшлах, долларжилт нэмэгдэх, төгрөгийн ханшийн хэт өндөр сулралтыг бий болгохоос сэргийлэх үүднээс бодлогын хүүг өсгөх шаардалага нэг талдаа үүсэж байна. Энэ ч үүднээс бодлогын хүүг гурван нэгж хувиар өсгөж есөн хувьд хүргэсэн.
Гэхдээ нөгөө талдаа сангийн бодлого дээр хангалттай тохиргоо хийгдэхгүй тохиолдолд бодлогын хүүг дангаар өсгөх нь инфляцыг тогтворжуулж, бууруулах зорилтын хувьд хангалттай үр дүнд хүрэхгүй, харин зээлийн хүүний өсөлтөөр дамжин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг хумих, өртэй өрх гэр, компаниудын хүүний төлбөрийн дарамтыг улам нэмэгдүүлэх, хөгжлийн банк, Засгийн газрын гадаад өрийн дахин санхүүжилт, шинэ бонд гаргах хүүг өсгөх зэрэг сөрөг үр дагаварыг дагуулна. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг “жин”-гийн туухайн дээр сайтар дэнслэх ёстой болж байна.
Дайны үр дагаварт стагфляц, төлбөрийн тэнцлийн хүндрэлтэй нүүр тулж, дээрээс нь том дүнтэй гадаад өрийн төлбөрүүд хүлээгдэж буй энэ үед богино хугацааны макро эдийн засгийн бодлого нь төсвийн дунд хүрээний мэдэгдэл дээр зорилтот бүлэгт төвлөрсөн, импортыг хумих чиглэлд бодлогын тохиргоог хангалттай хийж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх (олон улсын санхүүгийн байгууллагуудаас бага хүүтэй, урт хугацаат эх үүсвэрүүд авах, экспортын аж ахуйн нэгжүүдийн орлогын урьдчилгаа авах, банк санхүүгийн байгууллагууд гадаад эх үүсвэр авахыг дэмжих), мөнгөний бодлогыг инфляц буурах тренддээ баттай орж, инфляцын хүлээлт тогтворжих хүртэл алгуур чангаруулах хэрэгцээ өндөр байна. Нийлүүлэлтийн хязгаарлалттай, төсвийн тэлэлттэй, инфляц-цалингийн харилцан нэгнээ өсгөх нөлөө илэрч эхэлсэн, инфляцын хүлээлт өндөр, долларжилт эргэн идэвхжих хандлагатай, банкны салбарын төгрөгийн эх үүсвэр буурч байгаа энэ үед бодлогын бодит хүүг сөрөг түвшинд хадгалж, эдийн засгийг дэмжих оролдлого нь стагфляцыг улам даамжруулах, санхүүгийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй юм. Макро эдийн засгийн бодлого хэр үр дүнтэй, харилцан уялдаатай хэрэгжихээс эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал, ирэх жилийн гадаад өрийн төлөлт, дахин санхүүжилт шууд хамаарна.
Үүсээд буй хүндрэл буюу “ширүүн салхи”-ийг сөрөх гэж хугацаа алдах нь илүү өндөр зардал, үр дагавартай тул “салхинд тэсэж үлдэх” стратеги, түүнд шаардлагатай арга хэмжээ, тусламжийг одооноос авч эхлэх нь чухал боллоо.
эдийн засагч Д.ГАН-ОЧИР