ОХУ - Ханш, татвар, зээл

Ханш

Энэ долоо хоногт рублийн евротой харьцах ханш огцом суларч, 49 болов. Он гарсаар ийнхүү найман хувиар унаад байгаа нь рублийн хувьд маш тааруухан үзүүлэлт болохыг AFP агентлаг мэдээлжээ. Харин ам.доллартай харьцах ханш нь 35.91 байна. Үүний шалтгааныг шинжээчид АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлого сүүлийн үед өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж буй.

Татвар

Тус улсын Сангийн яам гаалийн татваргүй цахим худалдаанд хориг тавих хуулийн төслийг дэмжсэн талаар “Интерфакс” мэдээллийн агентлаг мэдээлэв. Одоогоор хувь хүн нэг сарын хугацаанд 1000 евро хүртэлх үнийн дүнтэй, 31 кг хүртэлх жинтэй илгээмжид татвар төлдөггүй юм байна. Уг хуулийн төсөл батлагдвал 150 еврогоос дээш үнийн дүнтэй болон 10 кг-аас дээш жин татсан интернэт худалдан авалт бүрт татвар ногдуулах аж.

Зээл

ОХУ-ын иргэд 2017 он гэхэд интернэтээр зээл авах боломжтой хэмээн “Российская Газета” сонинд бичжээ. Тухайн зээл нь одоогийнхоос гуч хүртэлх хувиар хямдхан байх аж. Энэхүү санаачилга нь тус улсын санхүүгийн зах зээлийн үйлчилгээнд тохиромжтой болохыг Оросын Төвбанк мэдэгджээ. “Итар-Тасс” агентлагийн мэдээлснээр 2017 онд зээлийн үйлчилгээний тэн хагас нь бэлэн мөнгө бус хэлбэрээр хийгддэг болох юм байна.