ОХУ-ын инфляци “унав”

ОХУ-ын инфляцын түвшин өнгөрсөн сард 0.1 хувь хүртэл буурснаар 2012 оны хамгийн бага үзүүлэлт боллоо. Үүнээс өмнө дөрөвдүгээр сард мөнгөний ханшийн уналт 0.3 хувьд хүрсэн нь хамгийн доогуурт тооцогдож байв. Харин өнгөрсөн долоодугаар сард тус улсын бүтээгдэхүүний үнэ, ханш 1.2 хувиар буюу огцом өсчээ. Энэ нь зохицуулдаг тариф өссөнтэй холбоотой аж. Өнгөрсөн сард үнийн өсөлт доогуур гарсан нь хүнсний үнэ тал хувиар буурснаас үүдэлтэй гэж ажиглагчид үзэж байна. Хэдийгээр үнийн өсөлт доогуур гарсан ч хүнсний бус бараа таваар 0.4 хувиар, үйлчилгээ 0.6 хувиар өссөн байна.

ОХУ-ын инфляцын түвшин 2011 онд сүүлийн 20 жилийн хамгийн бага буюу 6.1 хувьтай гарсан. Тиймээс тус улсын эдийн засагчид болон Эдийн засгийн яамнаас инфляцыг энэ онд сул тавихгүй байх арга хэмжээг сайтар авахыг эрмэлзэж байгаа аж. Тэдний таамаглалаар мөнгөний ханшийн уналтыг энэ онд 5-6 хувьд барих боломжтой байгаа аж.