​Оюунлаг, залуу иргэдээ алдахгүйн тулд татварын хөнгөлөлт үзүүлнэ


- Польш улс өндөр бүтээмж, чадамжтай 1.7 сая залуусаа алдсаны эцэст орлогын албан татвараа бууруулав -

Залуухан Польш хүн байх нь хэзээ ч өнөөгийнх шиг ашигтай байсангүй.

Ингэж хэлэх болсны шалтгаан юу вэ. Өнгөрсөн долоо хоногоос Польш улсад шинээр хэрэгжиж эхэлж буй хуулиар хоёр сая гаруй хөдөлмөр эрхлэгч залуучуудыг орлогын албан татвараас чөлөөлөх юм. Польш улс 15 жилийн өмнө Европын холбоонд элссэнээсээ хойш залуухан, хөдөлмөрийн өндөр чадамж бүхий ажиллах хүчнээ гадагшаа их хэмжээгээр алдах болсонтой холбоотойгоор Засгийн газар нь ийм шийдвэр гаргаж байгаа юм.

Ерөнхий сайд Матеуш Моравецки “Татвараас чөлөөлөх эл шийдвэр залуучуудынн хувьд олон шинэ боломж бий болгоно” гэжээ.

Ингэснээр наймдугаар сарын 1-нээс эхлээд 26-аас доош настай, жилд 85.528 злотын (22.547 доллар) орлоготой залуу ажилтнууд 18 хувийн орлогын татвараас бүрэн чөлөөлөгдөх юм. Польш улсын дундаж цалин 60.000 злот буюу 15.700 доллар байдгийг ташрамд сануулъя.


Ямартай ч засгийн газраас өгч байгаа мэдээллээр энэхүү хөнгөлөлт хоёр сая гаруй хүнд хүрэх төлөвтэй байна.

Польш болон Зүүн Европын долоон улс 2004 онд Европын холбоонд нэгдэхдээ ажиллах хүчнээ ямар нэгэн визний асуудалгүйгээр солилцож болохоор тохиролцоо хийж байсан нь өнөөдрийн энэ шийдвэр гарах анхдагч нөхцөл болжээ. Энэ талаар тус хуулийг санаачлагч Ерөнхий сайд М.Моравецки “Дээрх шалтгааны улмаас сүүлчийн 15 жилд Польш улсын 1.7 сая иргэн эх орноо орхин өөр улсад ажиллахаар явсан. Энэ бол Варшав хотын иргэд бүгд нүүж явсантай тэнцэх хэмжээний маш том алдагдал юм” гэдгийг онцолсон байдаг. Мөн тэрбээр “Энэ явдал үүгээр эцэслэх ёстой. Залуучууд Польшдоо үлдэх ёстой” гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

Ажиллах хүчний энэхүү алдагдал нь эдийн засагт маш их сөрөг нөлөө бий болгожээ. “Сүүлийн 3, 4 жилд бид тэрхүү алдсан ажилчдын урсгалыг эргүүлэх ёстой гэдгийг онцгойлон авч үзэж эхэлсэн” гэж шилжилт хөдөлгөөний эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах байгууллагын Варшав хот дахь тэргүүн Барбара Янкевич өгүүлэв.

Цагаачлал, шилжилт хөдөлгөөний мэргэжилтнүүд энэ стратеги үр дүнгээ баттай өгнө гэсэн байр суурьтай байна. Гэтэл Англид ажиллаж, амьдардаг залуу Польш цагаачдын эх орноо орхих хамгийн гол шалтгаан нь гэр бүл, дассан орчноосоо холдож бие дааж сурах сонирхол байдаг ажээ.

Кинга Китовска бол эх орноо орхигсдын нэг бөгөөд 22 настайдаа Лондонд суралцахаар очоод санхүүгийн салбарт ажиллахаар үлджээ. Тэрбээр засгийн газрын гаргасан шийдвэр маш өгөөмөр гэдгийг онцолсон ч эх орондоо эргэж очих хангалттай шалтгаан болж чадахгүй гэв. Тэрээр “Залуучуудыг иймэрхүү аргаар авч үлдэх нь юу л бол... Энэ бол дан ганц санхүүгийн асуудал төдий бус тэдэнд ажиллах шинэ орчин, шинэ салбар, боломжуудыг нээж өгөх асуудал давхар яригдах ёстой” гэсэн юм. “Цалин чухал ч гэсэн хамгийн чухал зүйл мөн үү гэвэл үгүй. Учир нь би цалингийн төлөө бус өөртөө боломж хайж ажил хийдэг. Жишээлбэл миний одоо хийж байгаа ажил Польшид байхгүй” гэж К.Китовска нэмж хэлэв.


Англи бол Польш цагаачдын хамгийн их зорьдог улс. Одоогоор Британийн арлуудад ойролцоогоор нэг сая польш амьдарч байна. Сүүлийн жилүүдэд Польшийн эдийн засаг сайжирч, цалингийн хэмжээ өссөн ч Англиас бага хэвээрээ байгаа юм. Тиймээс 18 хувийн татварыг хөнгөлсөн ч орлогын зөрүүнд нөлөөлөхгүй гэж олон польш залуу үзэж байна.

Нөгөөтэйгүүр энэ шийдвэр ирэх арваннэгдүгээр сард болох сонгуультай холбоотой популизм байх магадлалтай хэмээн олон нийт эргэлзсээр байгаа юм.