Оюутолгойн ерөнхийлөгч Камерон МакРэй эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзлаа

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубынхан “Оюутолгой” ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРэйтэй өнгөрөгч гуравдугаар сарын 7-нд уулзлаа. Камерон МакРэй нь Оюутолгойн нийгэм, эдийн засгийн нөлөөний тухай танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

“Оюутолгой” нь дэлхийн хамгийн том, одоогоор олборлож эхлээгүй байгаа алт-зэсийн орд юм. Анх 2001 онд нээсэн энэхүү орд Монгол Улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз компанийн хамтын эзэмшил билээ. Рио Тинто 2010 оны арванхоёрдугаар сараас эхлэн тус төслийг удирдаж байгаа бөгөөд Айвенхоу Майнзын хувьцааны 51 хувийг эзэмшдэг. Энэ оны наймдугаар сард үйл ажиллагааны эхний үе шатыг эхлүүлэх “Оюутолгой” жил тутам 450 мянган тонн зэс, 330 мянган унц алт олборлох дэлхийн хэмжээний хамгийн том алт- зэсийн уурхайнуудын нэг болох юм.

Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс өмнө 7.7 их наяд төгрөгийн /зургаан тэрбум ам доллар/ хөрөнгө оруулалтыг уурхайд оруулсан байна. Эрчим хүчийг эхний ээлжинд Хятад улсаас авахыг тохирчээ. Мөн цаашдаа ойрын гурван жилийн дотор бүсийн хэмжээнд ажиллах хүчин чадалтай цахилгаан станцыг уурхайн дэргэд барихаар төлөвлөсөн аж. “Оюутолгой” компани олон улсын байгаль орчны хамгийн дээд стандарт болох байгаль орчны менежментийн ISO 14001 гэрчилгээг авахаар ажиллаж байна.

Дэлхийн хэмжээнд хамгийн бага ус хэрэглэдэг уурхайн нэг болж, усыг хамгийн хэмнэлттэйгээр ашиглахаар тусгажээ. Баяжуулах үйлдвэр хоногт 110 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадлаар ажиллах үед хэрэглэх усны хэмжээ дунджаар 100 мянган шоо метр байх ба үүнээс 90 хувийг нь хүдэр боловсруулахад ашиглана. “Оюутолгой” компанийн нийгмийн хариуцлагын бодлогын талаар тодруулахад, ерөнхий захирал Камерон МакРэй “Зэс үйлдвэрлэлтэй холбоогүй олон үйл ажилагаанд бид хөрөнгө оруулдаг. Жишээ нь, орон нутагт, сургалтын төв, их дээд сургуулиуд, урлагийн зөвлөлд. Ингэхдээ бид хийж байгаа зүйлээ монголчуудад хамгийн их үр ашигтайгаар хүргэхийг зорьдог. Иймд, зөвхөн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ гэдэгтээ биш, харин яаж хийж гүйцэтгэж байгаа вэ гэдэг тал дээр анхаардаг” гэж ярилаа.