Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх Хамтарсан мэдэгдэл

Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компаниуд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар санал солилцож дууссан талаараа доорх хамтарсан мэдэгдлийг гаргажээ.

1. Хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын хууль тогтоомж, түүнчлэн 2009 оны 7 дугаар сард УИХ–аас гаргасан 57 дугаар тогтоолд бүрэн дүүрэн нийцүүлж байгуулсан гэдгийг талууд дахин нотлов.
2. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ нь заавал дагаж мөрдөх гэрээ гэдгийг талууд бататгаж, тус гэрээнээс Монголын ард түмэн үлэмж хэмжээний ашиг тус хүртэж байгааг тэмдэглэв.
3. Дэлхийн эдийн засгийн байдал ихээхэн тогтворгүй байгаа энэ үед Оюутолгой төслийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх нь Монголын Улсын эдийн засгийг хямралын нөлөөллөөс хамгаалахад чухал юм гэдгийг талууд онцлон тэмдэглэв. Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд итгэлтэй байх нь эдийн засгийн өсөлтийг дэмжих урьдчилсан нөхцөл юм.
4. Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид Монгол Улсын эдийн засгийн хөгжил, орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулна хэмээн гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлэхээ бататгав. Оюутолгой ХХК нь Монгол дахь хамгийн том дэд бүтцийн хөтөлбөрийг санхүүжүүлснээр Гашуун сухайт хилийн боомт хүртэл авто зам барьж, олон улсын стандартын нисэх онгоцны буудал, усан болон цахилгаан түгээх систем, мөн Монгол Улсын нутагт таван хотод мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг барьж байгуулна.
5. Оюутолгой ХХК нь Өмнөговь аймаг болон Ханбогд сумыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн бизнесийг хөгжүүлэх санаачлагуудад үргэлжлүүлэн хөрөнгө оруулах замаар Монголын ханган нийлүүлэгчдийг хөхүүлэн дэмжинэ.
6. “Рио Тинто” компани нь төслийг удирдан хэрэгжүүлж байгаагийн хувьд уг төсөлд оролцож буй Монгол Улсын иргэдийг Оюутолгой төсөлд болон уг төсөлтэй холбогдох бусад салбарын чиглэлээр сургах, тэднийг дэвшүүлэн удирдах албан тушаалд ажиллуулахын чухлыг бататгав. Монгол Улсын иргэдийн оролцоог 90 хувь хангана гэсэн зорилттой уялдуулан сургалт, гадаад, дотоод тэтгэлэг, дадлагажуулах хөтөлбөр, хангамжийн бодлого, журмыг боловсруулж хөрөнгө оруулалт хийх аргаар Монгол Улсын иргэдийг төслийн удирдан манлайлах үүрэгт хурдан шуурхай бэлтгэнэ.
7. Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компаниуд Оюутолгой төслийг ашиглалтад оруулах талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэдгийг дахин нотлов. Цаашид, Оюутолгой төслийн үйл явц, төслөөс Монгол Улсын эдийн засаг болоод ард түмэнд үзүүлж буй үр ашгийн талаар олон нийтэд байнга мэдээлж байх тал дээр талууд хамтран ажиллах болно.
2011.10.06