Оюутолгой бидэнд юу өгөв?

Оюутолгой бидэнд юу өгөв?

2010-2017 онд Оюутолгой компани цалин, татвар, төрөл бүрийн хураамж, түүнчлэн дотоодын компаниудын ханган нийлүүлэлтийн хэлбэрээр Монголын эдийн засагт нийт 12.9 их наяд төгрөгийг оруулжээ. Үүнээс 735 тэрбум төгрөгийг ажилчид, туслан гүйцэтгэгчдийн цалин хөлс болгон өгсөн нь 92 мянган оюутны сургалтын төлбөртэй тэнцэх мөнгө юм.

Оюутолгой компани 17 төрлийн татвар хураамж төлдөг. 2010-2017 онд үндэсний ханган нийлүүлэгчдээс 9.5 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авсан байна. 2018 оны эхний улирлын байдлаар дотоодын худалдан авалтад 280 тэрбум төгрөг зарлагадаад байгаа аж.

Уул уурхайн үйл ажиллагаа явуулахад хоол хүнс, хувцас, тээврийн хэрэгсэл, ажлын багаж хэрэгсэл, ажилчдын талбай дээр байрлах байр, инженер техникийн үйлчилгээ, аюулгүйн ажиллагааны сургалт, ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх гээд маш олон бараа, үйлчилгээг худалдан авах шаардлагатай. Оюутолгой компани энэ бүхнийг Монголын компаниудаас худалдан авч эсвэл түрээсэлдэг. Эдүгээ Оюутолгойтой хамтран ажилладаг компаниудын тоо 1146-д хүрчээ.

Оюутолгойтой холбоотой ажил эрхэлдэг хүмүүс 55 000 болсон. Хэрэв нэг ажилтны ард гэр бүлийн 3.6 гишүүн байгаа гэж үзвэл Оюутолгой компани 198 000 хүнийг шууд болон шууд бус орлогоор хангаж байна.

Мөн Оюутолгойн гүйцэтгэгч компаниуд ч улсын төсөвт төрөл бүрийн татвар, хураамж төлөх байдлаар эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Эдийн засгийн эргэлтийн зарчмаар Оюутолгой компанийн нэг ажилтан гүйцэтгэгч компанид нэг ажлын байр бий болоход шууд нөлөөлдөг.

Үүнээс гадна Оюутолгой компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулдаг. 2015 оноос Өмнөговь аймгийн бүх суманд 367 тэрбум төгрөгийн өртөгтэй 78 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 640 хүүхдийн сургууль, 900 хүүхдийн дөрвөн цэцэрлэг, эмнэлэг, мал эмнэлэг, хоёр сумын уурын зуухыг барихад хөрөнгө зарцуулжээ. Эдгээр төсөл, хөтөлбөрийн үр шим 109 200 хүнд хүрчээ.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн бичсэнээр хэрэв 2015 онд энэ төслийг хөдөлгөөгүй бол жил бүр 400 орчим сая долларын хэмнэлт орлогоо алдаж, 2020 онд гүний уурхайн олборлолт эхлэхгүй байх байв. Мөн түүний тооцоолсноор Оюутолгойн нөлөөгөөр 41 000 хүн бизнесээ тэлэх боломж олж, жилдээ хасах 200 сая доллар хүрч буурч байсан гадаадын хөрөнгө оруулалт 1,5 тэрбум доллар болж өсөн, үүний гурван доллар тутмын хоёрыг нь Оюутолгой гүний уурхайн хөрөнгө оруулалт хангаж байна.

Оюутолгойн гэрээг цуцалвал бид юу алдах вэ?

Оюутолгойн бүтээн байгуулалтад нэг ч төгрөгийн хөрөнгө оруулаагүй манай улс Рио Тинтотой 34 хувиар гэрээ байгуулсан нь ашигтай, ашиггүй гэдэг дээр эцэс, төгсгөлгүй маргаж ард түмнийг төөрөгдүүлэн популизм хийж болно. Гэвч энд зүйлийг мартаж болохгүй. Бид нэгэнт гэрээ байгуулсан. Гадна, дотны судлаачдын үзэж буйгаар гэрээг өөрчлөх эсвэл цуцлах алхам нь 34 хувиа эзэмшээд явснаас илүү хохиролтой.

Яагаад?

Оюутолгойн төслөөс ухарснаар бид нэгдүгээрт олон улсын тавцанд нэр хүндээ бүр мөсөн алдаж хүсээд байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг олон жилээр хаана. Гэрээ ашиггүй болсон гэх бодол эрх баригчдын дунд төдийгүй олон нийтийн дунд ч байгаа. Гэхдээ амлалтаасаа ухарсныхаа төлөө бид үүнээс ч илүү өндөр үнэ төлөх болно. Дэлхийн хэвлэлүүд Монголын Засгийн газрыг газар дор ортол муулж, гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд, зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын олон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдох сувгуудыг хааж эхэлнэ.

Эцсийн эцэст манай улс бол дэд бүтэц, аж үйлдвэр сул хөгжсөн учраас гадаадын хөрөнгө оруулалтаас асар их хамааралтай гэдгээ мартаж болохгүй. Гадаадын хөрөнгө оруулалт бидний хувьд хүчилтөрөгч гэсэн үг.