Оюутолгой дахиад л “завсарлага” авлаа

“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт есдүгээр сар хүртэл хойшилжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Рио Тинто” группын гүйцэтгэх захиралд захидал явуулаад ч энэ асуудал нааштай эргэсэнгүй. Ингэснээр төслийн хоёр дахь шатны санхүүжилт дахиад л “завсарлага” авч байна.

Өнгөрсөн оны долдугаар сард далд уурхайн санхүүжилтийг зогсоосон билээ. Түүнээс хойш талууд Лондон болон Монголд хэд хэдэн удаа хэлэлцээр өрнүүлсэн ч шийдэлд хүрч чадсангүй. “Рио Тинто” компанийн зүгээс Оюутолгойн далд уурхайн 5.1 тэрбум ам.долларын бүтээн байгуулалтаа царцаагаад байгаа нь энэ.

“Туркойз Хилл Ресурс” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли “Оролцогч талууд Оюутолгойн бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх, мөн үлдсэн хувь нийлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Хэлэлцээ үргэлжилж байна” гэснээс өөр тодорхой зүйл өгүүлсэнгүй.

Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн талууд хамтран зээл олгох банкуудын зээлийн баталгааны хугацааг ирэх есдүгээр сарын 30 хүртэл сунгах хүсэлтийг илгээсэн билээ. “Рио Тинто” компаниас далд уурхайн санхүүжилттэй холбоотой үүсээд буй зөрүүтэй байдлыг ирэх есдүгээр сар гэхэд шийднэ гэж итгэж буйгаа илэрхийлээд байна.