“Оюутолгой”-д хандах Засгийн газрын шинэ хувилбар

“Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулахыг Засгийн газраас салбарын сайдад үүрэг болгосон. Хоёр талын хамтарсан хэлэлцээрийн эцсийн шийд хараахан гараагүй ч төслийн бүтээн байгуулалтад Засгийн газраас дэмжлэг үзүүлэхээр болсон нь энэ. Нэг талаасаа Засгийн газар “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгч тал болох “Рио Тинто” компанийн өмнө буулт хийлээ.

Дөрвөн сарын нүүр үзэх гэж буй хувь нийлүүлэгчдийн VI хуралдаан үргэлжилсээр байгаа ч Засгийн газар өөр хувилбар дэвшүүллээ. Энэ нь ”Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор, бүтээгдэхүүнээ энэ оны зургадугаар сард экспортод гаргахаар төлөвлөж буй. Тиймээс баяжмалыг төлөвлөсөн цаг хугацаанд нь экспортлох боломжийг бүрдүүлэхийн тулд төслийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх шийдвэрт Монголын Засгийн газар “тамгаа дарлаа”. Нэг талаасаа зөв алхам байж болох Засгийн газрын шийдвэр нөгөө талдаа хөрөнгө оруулагчдад боломж олгосон мэт.

Анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн, Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон зөрчил, төслийн техник эдийн засгийн үндэслэл гээд “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчаас шалгаах асуудал байхгүй биш байгаа.

Монголын Засгийн газар дээрх байдлаар зургаан асуудал хөндсөн ч хөрөнгө оруулагч талаас хүссэн хариултаа авч чадаагүй байна.

Засгийн газраас “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай газар олголт, газар эзэмшүүлэх, ашиглах эрх, Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн автозам, гадаад ажиллах хүчний хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл гээд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсон.

Мөн баяжмалын гаалийн бүрдүүлэлт, байгаль орчин, ус, цахилгаан станц, хөндлөнгийн хяналтын лаборатори, дэд бүтцийн коридор нэвтрүүлэхэд туслана гэдгээ илэрхийлсэн нь шинэ хувилбар боллоо.