Оюутолгой төсөл Монголд ашигтай гэдэгт итгэлтэй байна

Мongolian Economy сэтгүүлийн 2015 оны №092 дугаараас

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нарыг редакцидаа урьж, энэхүү том төслийн эргэн тойрон дахь сэдвээр ярилцлаа.

-Оюутолгой төслийг эхлүүлэхийг иргэд дэмжиж байгаа. Төсөл хэрэгжсэнээр олон зүйл сайн тал руу гаа өөрчлөгдөнө гэсэн хүлээлт гадуур байна. Бас сөрөг шүүмжлэл ярьж хэлэх нь ч байна. Харин та хоёрын хувьд энэ байдлыг яаж харж байна вэ?

Да.Ганболд /"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал/:

-Гэгээлэг талаас нь харвал олон давуу тал бий. Товчхондоо хэлэхэд хүн бүр бүх салбарын талаар нарийн мэдээлэлтэй байх албагүй. Мэдэх юмаа л мэднэ. Гэтэл хүмүүс зайлшгүй мэдэх ёстой өөрийн эрүүл мэндээ мэддэггүй шүү дээ. Элэг, ходоод, зүрх ямар байгаагаа тэр бүр мэддэггүй. Насанд хүрэгсэд жил бүр шинжилгээ өгч, даралт, сахар зэргийг үзүүлж байх хэрэгтэй гэдэг. Гэтэл эрүүл мэндээс бусад зүйлсэд хэтэрхий мэдэмхийрч ханддаг тал байна.

Миний хувьд нэг зүйл дээр санал нийлдэг. Оюутолгой бол хүссэн ч хүсээгүй ч Монголын ард түмний өмч. Мэдсэн ч мэдээгүй ч ард түмэнд өгөөжөө өгөх том орд учраас л сонирхоод байна. Хүмүүс мэдэхгүй зүйлээсээ эхэндээ айж бишүүрхдэг. Шинэ юм бүхэн айдас дагуулдаг. Анхны автомашин явж эхлэхэд урд талд нь хүн яваад “Энд машин явж байна шүү, зам тавиарай” гэдэг байсан. Харин өнөөдөр урдаа явган хүн явуулах юм бол машин унахын хэрэг юу байна. Машины түгжрэлийг цагдаа зохицуулна. Хүн замчилдаг цаг байхгүй болсон. Үүнтэй л адилхан Оюутолгой өөрөө шинэ зүйл.

Сүүлийн 30-аад жилийн хугацаанд Оюу толгой шиг том төсөл манайд хэрэгжээгүй. Эхний жилүүдэд үл ойлголцол, тохиромжгүй зүйл их гарсан. Энэ бүгдийг зөв талаас нь шийдсэн гэж хатуу итгэлтэй байгаа учраас л төсөл хэрэгжиж эхэлсэн. Эерэг талаас нь харвал энэ төслийн үр өгөөжийг зөвхөн төр, засаг гэлтгүй нийт монголчууд, гурван сая иргэн ямар нэг байдлаар хүртэнэ. Монголтой харилцаж байгаа улс орнууд болон дэлхийн бүх хүнд эерэг дохио болж сайн үр дүн авчирна.

-Ялангуяа бизнес эрхлэгчдийн зүгээс Оюутолгойг ихэд дэмжиж, энэхүү том төслийг урагшлуулах, Засгийн газрыг тогтвортой ажиллахыг хүсэж байгаа. Тэд нэгдэн нийлж, улстөржихөө болих цаг ирсэн талаар уриалга гаргалаа.

Б.Бямбасайхан /“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал/:

-Хамгийн чухал нь Оюутолгой өөрөө хоёр эзэнтэй бизнес гэдгийг ойлгох. Олон жилийн хугацаанд бүтээн байгуулалт нь үргэлжлэх том төсөл. Бизнесийн байгууллагуудын хувьд Оюутолгой бол үнэхээрийн хэрэгтэй төсөл. Учир нь гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтын олон төсөл зогссон. Янз бүрийн л тоо байна. Тухайлбал, 50 гаруй компанийн шинэ төслүүд хэрэгжих боломжгүй болсон. Хамгийн багаар бодоход л хоёр тэрбум гаруй долларын хөрөнгө оруулалтын шинэ төслүүд зогссон байгаа юм. Мөн Тавантолгойн цахилгаан станц, Цагаан суварга, Тавдугаар цахилгаан станц гэх мэт. Эдгээр том төслийн хөрөнгө оруулалтыг тооцвол дөрөв орчим тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт зогссон байдалтай байна.

Бизнесийн өрсөлдөх чадварт санхүүжилтийн зардал чухал зүйл. Аливаа бизнесийг хийхэд мөнгө босгох хэрэг гарна. Сүүлийн 2-3 жилд санхүүжилтийн өртөг дор хаяж таван хувиар нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголын компаниудын гаднаас зээлэх мөнгөний хүү нь нэмэгдэн хоёр дахин их болсон гэсэн үг. Тэгэхээр бизнес хийж байгаа хүмүүс ашиггүй ажиллаж, үүнийг дагаад өртөг нэмэгдэж, ажлын байр олноор буурсан. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалттай шууд болон шууд бус холбоотойгоор өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 3000-4000 ажлын байр байхгүй болсон. Үүнийг цалин гэж үзвэл 100 сая ам.долларын мөнгө иргэдийн гар дээр очсонгүй.

Том төсөл араасаа том өсөлт дагуулдгийг бид ойлгосон. Дэлхий дээр Монгол шиг өндөр өсөлттэй эдийн засагтай орон байсангүй. Том төсөл жижиг бизнесүүдийн өрсөлдөх чадвар, санхүүжилтийн өртөг, ажил, ашиг орлогод нь сайнаар нөлөөлдөг.

Засгийн газар энэ хоёр жилийн хугацаанд олон зүйл дээр алдсан. Тухайлбал, татваруудаа авч чадаагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн бол 250-300 сая долларын НӨАТ болон гаалийн татвар улсад орох байлаа. Мөн 40-50 сая долларын нийгмийн даатгал зэрэг бусад татвараа аваагүй өнгөрөөсөн. Энэ алдагдсан боломж иргэн, аж ахуйн нэгжид өнөөдөр хэрхэн нөлөөлж байгааг бид харж байна.


-Цаг хугацаа алдсаны бас нэг хамгийн гол учир бол төслөөс ашиг хүртэх талуудын хүсэл эрмэлзэл байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр хэсэг бүлэг хүмүүс Оюутолгой Монголд ямар ч ашиггүй гэж л эсэргүүцээд байгаа. Та нар болохоор ашигтай гэдэг. Иргэд хэн нь зөв яриад байгааг мэдэхээ байлаа. Янз бүрийн мэдээлэл хүмүүсийг төөрөлдүүлж байна?

Да.Г: Ашиг гэдэг нэр томьёо нь өөрөө их сонин. Зах дээр яваа хоёр хүн наймаа хийж байгаа юм биш л дээ. Хоёр талдаа л ашигтай. Ашиггүй ажил хийхээр сэтгэл санаагаар төдийгүй олон талаар хохирно. Хямрал, алдагдал, сөрөг үр дагавар гарна.

Зуун жил ажиллах уурхай дээр ашиг, алдагдал ярих нь их хийсвэр яриа болоод хувирчихдаг. Яагаад гэвэл нэг ч улстөрч, эдийн засагч бодит жишээгээр тайлбарлаж томъёолж гаргаж ирж чадахгүй. Тооцоолол, томъёо, хүснэгт, тохиролцооны зүйлүүдийг зөв ойлгож уншиж, зөв төсөөлж, дэлхийн бусад жишигтэй зөв харьцуулж чаддаг хүмүүс л ямар нэгэн зөв дүгнэлт, үнэлгээ хийж чадна. Тийм харьцуулалт хийж чадахгүй хүн энэ талаар хэзээ ч мэдэхгүй. Бодит мэдээллийг нь аваагүй тохиолдолд зөв тооцоо, дүгнэлт хийж чадахгүй. Тэгэхээр үүнтэй жишихэд өмнө нь манай улсад машинтай хүн хэд байв. Зураг харвал Улаанбаатарын гудамжууд хоосон, машинтай хүн тун цөөн байсан. Явж байгаа нь нийтийн тээвэр эсвэл алба, амины цөөн машин. Ихэнх нь үеэ өнгөрөөсөн, улсын албанд явж байгаад актлагдчихсан машин байв.

Үүнтэй адилхан тэр үед “Эрдэнэт” гээд нэг үйлдвэр нээгдсэн. Тухайн үед Монгол нэг намтай, босоо удирдлагатай орон байсан. Хэдий тийм ч дотроо өөр үзэл бодолтой хүмүүс олон байв. “Эрдэнэт үйлдвэрийн гэрээ ашиггүй боллоо. Зөвлөлт холбоот улс буурай орныг хэтэрхий их шулж байна. Шударга бус гэрээ хийснээр Монгол Улс энэ их өрнөөс үүрд салахгүй. Яагаад гэвэл 51 хувиа зээлээр авсан” гэж ярьж байсан удаатай. Тэгээд тухайн үеийн улс төрийн системийн аргаар хүмүүсийн амыг тагласан байдаг. Ажлаас нь халж, ямар нэгэн улс төрийн торгууль, шийтгэл оногдуулж, дахиж юм ярих эрхгүй болгосон. Түүнээс хойш улс орон маань ч өөр боллоо. 40 жил өнгөрчээ. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсыг дампууруулсан уу, тэжээсэн үү гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэр үед ч шүүмжлэх зүйл байсан. Одоо ч байсаар байна. Магадгүй 10 жилийн дараа ч байсаар байх болно. Анх 1974 онд байгуулсан гэрээнээс үүдэлтэй зарим нэг заалт ашиггүй, шүүмжлэл дагуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг муу юм нь нэг сайн зүйлээр нөхөгддөг. Олон талын хамтын ажиллагаа нэг нэгнийхээ дутууг нөхдөг.

Бид сүүлийн хэдэн сар тоо баримт, тооцоо дээр сууж ажиллалаа. Оюу толгой Монголд, ард иргэдэд ашигтай гэдэгт итгэлтэй байна. Үүнд Б.Бямбасайхан захирал бид хоёр л сохроор итгэж хийгээд байгаа зүйл бас биш юм аа. Нэг гоё зүйр үг байдаг. Өөрийн нутагт бурхан байдаггүй гэж. Монголчуудын дотроос нэг нь босож ирээд юм ярихаар “За энэ юугаа мэддэг юм, майжиг гутал өмсчихөөд гудамжинд явж л байсан шүү дээ” гэдэг. Дан ганц монголчууд өөрсдөө анализ шинжилгээ хийгээд сайн, муу, ашигтай, ашиггүй гэж хэлэх нэг хэрэг.

Дэлхийн түвшний мэдлэгтэй, том төслүүд дээр ажиллаад үзчихсэн, яаж шалгадаг, яаж тооцоолол хийдэг, ойрын болон дунд, урт хугацааны ашиг, алдагдлыг мэргэжлийн үүднээс задлан шинжилдэг хүмүүс “Энэ нь танайд ашигтай гэрээ байна. Монгол Улс эндээс хожино” гэсэн дүгнэлт хийсэн.

Шалгадаг хүмүүс нь шалгаж байна. Манайд ч өөрийн шалгадаг байгууллагууд байгаа. Сангийн яам, татварын алба, статистикийн газар, зохих шийдвэрүүдийг цаг хугацаанд нь гаргаад явсан.

-Олон зүйлд ашигтай гэлээ. Баримтаар баталж өгнө үү?

Б.Б: Гүний уурхай яагаад Оюутолгойн бизнест хэрэгтэйг тайлбарлъя. Тус ордыг дэлхий дээр хамгийн том өрсөлдөх чадвартай уурхай болгох боломж нь гүний уурхайд л байгаа юм. Гүний уурхайг ашигласнаар Оюутолгойн орлого нэмэгдэж, зардал багасна. Өөрөөр хэлбэл, ил уурхайг ашиглахад хэдэн жилийн дараа нөөц дуусчихна. Тэндээс хүртэх манай өгөөж сайндаа л 6-7 тэрбум доллар. Харин гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийснээр хүртэх өгөөж хэд дахин нэмэгдэнэ. Өнөөгийн үнэ цэнээр 50 тэрбум хүртэлх долларыг хүртэх боломжтой. Бизнес учраас аливаа зардлыг өөрийн хөрөнгө эсвэл зээлээр санхүүжүүлж болно. Энэ зарчим болон 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу банкнаас зээл авч, компани хөрөнгө оруулалтын өртгийг багасгаад илүү ашигтай ажиллах нөхцөлөө бүрдүүлээд явж байгаа бизнес.

Бизнес эрүүл явбал ”Оюу Толгой” ХХК-ийн үнэ цэнэ Монголд мэдээж сайнаар нөлөөлнө. Тухайлбал, шинэ хөрөнгө оруулалтууд татна. Эдийн засаг сайжирна. Монголын хөрөнгийн хэмжээ Эрдэнэт, Оюутолгой гэсэн том компаниудын чансаагаар тодорхойлогдоно. Засгийн газар болоод бизнесийнхэн гаднаас мөнгө босгох том боломж нээгдэнэ. 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулж 2010 онд хүчин төгөлдөр болоод бүтээн байгуулалтын ажил хийгдэх үед Монголд олон шинэ бизнес төрсөн. Оюу толгойн нэг онцлог нь бизнесийн шинэ стандартыг Монголд нэвтрүүлсэн. Тэр нь тухайн компани Оюу толгойд нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ чанартай сайн үйлдвэрлэж чадах юм бол хамтран ажилладаг зарчим тогтсон. ”Эрдэнэт” үйлдвэртэй Оюутолгойг их харьцуулж байна.

Бизнес эрхлэгчдийн хувьд Оюутолгой юугаараа онцлог вэ гэхээр тус компанитай хамтран ажиллахын тулд Саарал ордонд тухлах хэн нэгнийг таньдаг байх албагүй. Эзэн өөрөө л бүтээгдэхүүнээ сайжруулж, чанартай, стандартын түвшинд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж л байвал Оюутолгойтой гэрээ хийж хамтран ажиллах боломжтой. Харин "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийхийн тулд танил тал хэрэгтэй болох гэх ч юм уу. Тэгэхээр Оюу толгойг дагаад бизнес сэргэж эхэлнэ.


-Улс төрд ямар ашигтай төсөл вэ?

Да.Г: Монгол Улс их том газар нутагтай. Харамсалтай нь манай хоёр хөрш гүрэн илүү том газар нутагтай учраас газрын зураг дээр манайх жижиг харагдаад байгаа юм. Дэлхийн 200 гаруй улс үндэстэн дотор эхний 15,16-д ордог газар нутагтай улс. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ, газар доорх баялгаараа дэлхийд эхний байруудад жагсах орон. Улс төрийн өнцгөөс аваад үзвэл Монголын нэр хүнд дэлхийд улам өсөж байгаа. Хоёр том хөршийн харилцаанаас даваад Англи, Америк, Япон, Солонгос, Герман улсуудын том бизнесүүд Оюу толгой төсөлтэй уялдаж орж ирэх гээд байна. Гүний уурхайн үйл ажиллагаа явж эхлэхэд Финлянд, Солонгос, Японы зэс хайлуулах технологи манайд баталгаатай орж ирнэ. Цахилгаан, эрчим хүчний олон төсөл хэрэгжинэ. Бидний мэддэг нүүрс шатаадаг уламжлалт цахилгаан станц биш шүү. Ус, салхи, нар, хий зэрэг орчин үеийн технологиуд орж ирнэ.

Өнөөдөр ”Оюу Толгой” ХХК-д 2500 гаруй ажилтан байнгын орон тоонд ажиллаж байна. Төсөл эхлэх үед гадаадын хэдэн зуун мэргэжилтэн байсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сайн, муугаараа хэлүүлэн ажилласан гадаадынхан эрс цөөрч монголчууд нийт ажилчдын 95 хувийг эзэлсэн. Монголчууд ажиллаад явж чадах юм байна гэсэн улс төрийн дүгнэлт хийж байна. Итгэлцлийг мөнгөөр хэмжиж болдоггүй юм.

Улс орнууд Элчин сайдын яамаа манайд нээж эхэллээ. Улсууд визийн журмаа хөнгөвчилж байна. Цаашдаа визгүй ч болох байх. Ам.долларын ханш буурч ирлээ. Энэ улстай хамтарч ажиллах боломжтой юм байна гэсэн ойлголт яваад байна. Энэ бүхэн Монголд эерэгээр л тусна. Энэ бүхэн зүгээр л наад захын жишээ.

Б.Б: Хөрөнгө оруулалт гэж их ярьж байна. Эдийн засаг өндөр өсөлттэй байх 2011-2012 онд бид Монголд салхин цахилгаан станц хүртэл барьж байгуулсан. Өндөр эрсдэлтэй төслүүдэд хөрөнгө оруулалт татаж чадсан. Өнөөдрийн зээлжих зэрэглэл буурсан, итгэл алдарсан нөхцөлд том төслүүд хэрэгжих боломжгүй. Харин Оюу толгойн гүний уурхай хөдөлж эхэлснээр өөр салбаруудад хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ.

Эдийн засгийн асуудлууд хоорондоо уялдаатай нэгийгээ дагаад сэргэдэг. Эдийн засаг өсөлттэй үед гадаадын том компаниудын захиралтай очоод уулзахад улаан хивсээ дэлгээд хамгийн том дарга нь хүлээж аваад дайлж, цайлдаг байсан. Яг тэр компаниудынхаа захиралтай өнгөрсөн хоёр жилд уулзъя гэхэд цаг ч гаргахгүй болж байлаа. Найзууд учраас кофе уух 15 минут олгоё, харин ажил ярихгүй шүү гэж тохирч байх жишээтэй.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь өгөөж өндөртэй биш, харин төслийг дагаж орж ирж буй өгөөж нь өндөр юм гэх тайлбар байгаа?

Да.Г: Өгөөж нь өөрөө юу юм бэ гэдгийг хэн ч нарийн тодорхойлж чадахгуй. Өөрийгөө мундаг эдийн засагч гэж бодож, хүнд ярьсан ч би үүнийг мэдэхгүй. Яагаад гэвэл, Монголын нэг зүйр үг бий. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэж. Маргаашийн өөх үү, өнөөдрийн уушиг яриад байна уу. Мөн тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр гэж бас ярьдаг. Юмны үнэ цэнэ нөхцөл, цаг үеээс хамаараад өөр өөр байдаг. Өгөөж гэдэг нь эдийн засгийн нэр томъёо биш. 100 жил явах уурхайн өгөөжийг хүн мэдэхгүй. Учир нь өнөөдрийн нүдээр, өнөөдөр гар өргөж шийдвэр гаргадаг хүмүүс л маргаад байна шүү дээ. Өнөөдрийн энэ сэдвээр 100 жилийн дараахыг дүгнэхэд хэцүү. Өгөөжийн хувьд.

Тэгэхээр хамгийн эхэнд ярьсан тооцоо гэж байдаг. Тооцоог олон өнцгөөс хардаг. Хүн нийгмийг үнэлдэг. Уулын мухарт сууж буй малчин зөвхөн тэр хавийгаа л дурандаж харна. Мал нь алга болчихвол дараагийн довон дээр очоод харна. Байхгүй бол буцаад ирнэ. Сансар дээрээс бол хүн өөр юм харна. Хаана хуй салхи ирж байна. Монголд аадар бороо ороод үер болох юм байна гэх мэт. Тэрийг бол өөр хүн харахгүй.

Өвөг дээдсийнхээ ачаар монголчууд газар доороо арвин баялагтай үлджээ. Энэ чинь маргаашийн өөх. Гэтэл "Рио Тинто” гэх мөнгөтэй компани орж ирээд “Би мөнгийг нь олоод газрын дорх зэсийг гаргаад ирье. Борлуулалт хийсний дараа танай улс мөнгөний талыг манайд өгөх үү“ л гэдэг асуудал яригдаад байна л даа.

Манайхаас бол нэг ч төгрөг гараагүй. Эсвэл 500 жил хүлээе. Үр хүүхдүүддээ үлдээе гэж ярьдаг ч хүмүүс байдаг. Тэгээд өөрсдөө гуйлгачин царайлаад сууж л байя гэж байгаа бололтой. Талууд энэ асуудал дээр наймаалцсан л хэрэг шүү дээ. 50:50, 70:30 байх уу гээд л ярилцана. Гэхдээ эцсийн дүндээ өнөөдрийн зах зээл дээрх зэс, шатахууны үнэ зэрэг олон талын асуудлыг тооцохоор 53 хувийн өгөөж нь Монголд ирэхээр боллоо. Хөрөнгө оруулагч тал мөнгөө гаргасны хувьд 47 хувиа авч байна. Улс төрийн хувьд тохирлоо. Гэтэл арай бага гэж юу яриад байгаа юм бэ.


Б.Б: Мөнгөний өнөөдрийн үнэ цэнэ “Time value of money” гэх ойлголт байдаг. Тэр тухай л бид яриад байгаа юм. Зах зээл, бизнест маш чухал ойлголт. Өнөөдрийн нэг төгрөг маргаашийн нэг төгрөгөөс илүү үнэтэй. Тэр нэг төгрөгийг л олж авах нь чухал гэдэг ойлголт. Оюутолгой татвар төлсөөр байгаа. Өнөөдрийг хүртэл 1.3 тэрбум долларын төрөл бүрийн татвар Монголд төлжээ. Үүн дээр Оюу толгойгоос цалин авдаг хүмүүсийн төлдөг шимтгэл бүх юмыг нэмбэл бүр их тоо гарна. Засгийн газар тийм хэмжээний их орлогыг сүүлийн таван жилийн хугацаанд Оюу толгойгоос авсан байна.

Тэгвэл Оюу толгой ирээдүйд бидэнд юу өгөх вэ. Тухайлбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлдөг болно. Аливаа компани ашигтай ажиллаад ирэхээр энэ татварыг төлж эхэлдэг. Өнөөдрийн үнэ цэнээр 15-16 тэрбумын хэмжээтэй татварыг төлөх нь. Роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 8-10 тэрбум долларыг Оюу толгойгоос авна. Мөн компанийн эзэн учраас ногдол ашгаа бас авна. 8-10 тэрбум ам.долларын ашиг манайд өгнө. За тэгээд бусад төрлийн олон татвар байгаа.

Оюутолгой өөрөө бизнес учраас бусад бизнестэй адил хөрөнгө мөнгөө босгоод явж байгаа компани. Хөрөнгө оруулсан буюу хувьцаа эзэмшигч нь бусад бизнесийн эзэдтэй адилхан эрсдэлийг үүрч байгаа. Зэсийн үнэ унаж, Оюутолгой ашиггүй ажиллаад байвал энэ бизнес ашиггүй байна. Өнөөдөр “Оюу толгой” компани борлуулалт хийж эхлээд хоёрхон жил болж байгааг бид мэднэ.

-Оюутолгойг бизнес гэж та хоёр дахин давтаж хэлээд байгаа. Тэгвэл Оюутолгойг улс төр гэж хардаг хүмүүс бас байна шүү дээ?

Да.Г: Бүх юм улс төр юм аа. Эхнэр, нөхрийн хоорондын харилцаа ч улс төр. Гэр бүлийн хуулиар зохицуулдаг. Аль өнцгөөс хараад байгаагаас хамаарна. Улс төр гэдэг зарим хүний оноо цуглуулдаг ярианы сэдэв. Тэр зүйл удахгүй өнгөрчихдөг юм. Яагаад гэвэл тэр хүмүүсийн ярианы сэдэв мундахгүй. 2016 оны сонгуулийн яг маргаашнаас Оюутолгойг ярих хүн бараг байхгүй болно. Харин УИХ-ын сонгууль дуусах сүүлийн өдөр хүртэл Оюутолгой бол хамгийн чухал сэдвүүдийн нэг байсаар байх болно.

-УИХ-ын зарим гишүүн болон эвсэл Оюутолгойн гүний уурхайн төлөвлөгөөний тодорхой заалтуудыг үгүйсгэсэн. Энэ тал дээр ямар нэг үндэслэлтэй хариу байна уу?

Да.Г: Улс төр талаас нь энэ хүмүүс яагаад ингэж яриад байгааг би ойлгож байна. Миний хувьд илэрхий утгагүй юм ярилаа гэж хэлмээргүй байна. Жишээлбэл, дөрвөлжин үү, хар уу гээд хэлээд байх юм бол би хэлбэрийг нь дөрвөлжин гэж маргана, нөгөөх нь хар өнгөтэй хэмээн өөр өнцгөөс өөр юм яриад явна. Зарим хүний ярьж буй зүйлүүд дотор зөв юм бий. Бүх юм нь ашигтай юу гэж. Үгүй. Нэгэнтээ дан ганц Монгол Улс өөрөө хөрөнгөө гаргаад зэсээ олборлож чадахгүйгээс хойш хүртэж болох ашгийнхаа тодорхой хэсгийг нөгөө талд өгч л таарна. Нөгөө тал мөнгөө зараад манай газар доорх баялгийг маань гаргаад өгье гэж байна. Тэгэхээр нөгөө талын авах зүйлсийн араас “Миний хоолыг идчихлээ” гээд уйлаад байж боломгүй. Маргаж болно. Зарим улс төрийн шийдвэрийн үр дүн удаан хугацааны дараа мэдэгддэг. Дэлхийн хоёрдугаар дайнд ОХУ хорин хэдэн сая хүнээ үхүүлэн байж өнөөдрийн том гүрнийг аваад үлдэж, дэлхийн лидер улс болоод явж байна. Шүүмжлэе гэвэл олон асуудал байгаа. Юу ч ярьж болно. Гэхдээ ямар нэг юмыг өгч байж нөгөөг авдаг.

Бид Оюу толгойн гэрээг цааш нь үргэлжлүүлээд явбал Монгол Улсын эдийн засгийг аварч байна гэж үзэж байгаа.

Б.Б: 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцэж баталсан. Зах зээлээс хөрөнгө оруулалт татах том нөхцөл бүрдсэн. Үр дүнд нь манай эдийн засаг өссөн. 17 хувийн өсөлттэй эдийн засаг өнөөдөр дөрвөн хувьд уналаа. Гэрээг сөрөг талаас нь хардаг хүмүүс бий.

Гэхдээ сайныг нь өнөөдөр хараад, өгөөжийг нь хүртээд явж байна. Хөрөнгө оруулалтын гэрээг бид дэлхий нийтэд зарлачихсан шүү дээ. “Энэ компаниудтай бид гэрээ байгууллаа, Монголд итгээрэй” гэж. Үүний үр дүнд наад захын жишээ “Чингис бонд”-ыг босгож чадсан. Яагаад том төслүүд дээр олон улсын компаниуд орж ирэх нь зөв бэ гэхээр мэргэжлийн хөрөнгө оруулалтын болоод уул уурхай, эрчим хүчний том компануид энэ бизнесийн эрсдэлийг хамгийн сайн ойлгодог. Эрсдэлийг ойлгож байгаа учраас хамгийн хямд зардалтайгаар уг бизнесийн үйл ажиллагааг явуулж чадах хүмүүс.

Тэр хүмүүстэй хамтраад явбал хэдэн жилийн дараа бид нэг км-ийн гүнд, 200 гаруй км-ийн туннелүүдийг барьж байгуулна. Тэндээсээ олборлолт хийгээд явах энэ бүх процессыг Монгол хүн ашиглаад сурчихна. 20 жилийн дараа “Эрдэнэс Монгол” компани “Рио Тинто”-той адил өөр газар уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт хийх чадавхи, хөрөнгөтэй болчихно гэсэн үг.

-Талууд харилцан буулт хийсэн. Монголын тал арай илүү буулт хийчихэж гэсэн шүүмж гараад байгаа. Ямар буултууд хийсэн юм бэ?

Б.Б: Монголын тал хоёр жилийн өмнө хөрөнгө оруулалтын гэрээгээ өөрчилье гэдэг байр суурьтай байсан. Харин өнөөдөр бид зарчмын байр сууринд хүрсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ нь маш чухал зүйл юм байна. Үүнийгээ дагаж мөрдье. Монголд Оюутолгой баригдчихсан байна. Ил уурхай, баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орчихсон, олон монгол хүнийг ажиллуулаад явж байна. Өмнө нь барилгын үйл явцад олон хүн ажиллаж байсан. Энэ бол батлагдсан хэрэгсэл байгаа юм. Үүнийгээ цаашид төслийнхээ үргэлжлэх хугацаанд бариад явна гэх зарчмын байр суурь дээр бид зогссон. Хэлэлцээр амжилттай болсны үр дүнд өнөөдөр төлөвлөгөө гэдэг баримт бичгээ тохирч чадсан. Цааш явах дүрмээ маш тодорхой болголоо гэсэн үг.

Хөрөнгө оруулалтын гэрээ дээр хоёр утгатай ойлгож байсан заалтуудаар нэг мөр ойлголцож чадсан. Талууд нэлээд зарчимч байр сууринаас хандсан гэдгийг хэлмээр байна. Монгол Улсад хэрэгжиж байгаа бүх хууль, мөн гэрээгээ дагаж мөрдөх байр сууринаас хандсан учраас бид хэл амгүй ойлголцсон. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ бол хүчин төгөлдөр. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газар, хувь нийлүүлэгчдийн гэрээг “Эрдэнэс Монгол” ХХК, “Туркойз Хилл Ресурс” компанитай байгуулсан.

Мөн бүтээн байгуулалтын дараагийн ажилд ийм дүрмээр оролцоно гэдгээ маш тодорхой болгож өгсөн. Жишээлбэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тодорхой зардлуудыг хасч тооцох гэдэг байр суурьтай байсан бол Монголд өнөөдөр байгаа бүх жишгийн дагуу зардлуудыг хасахгүйгээр мөрдөхөөр болсон.

Түүнчлэн BHP ком-панийн хоёр хувийн роялти татварыг шийдвэрлэсэн. Оюутолгойн хувьд маш өндөр энэ зардлыг байхгүй болгосон. Мөн татварын маргаантай асуудлуудыг цэгцэлж, төсөвт Оюутолгой компани 40 гаруй сая долларыг өнөөдрийн байдлаар нөхөөд төлчихсөн байгаа. Мөн 30 сая долларын татварын маргаан олон улсын арбитрын шүүх рүү очихоор байсан. Бид зарчмаа, хөрөнгө оруулалтын гэрээгээ барьж хэлэлцээр хийсний дүнд энэ татварын актыг хүлээн зөвшөөрөөд төлсөн.

Одоо бидний гол анхаарах ёстой зүйл бол хийх ажил. 4.2 тэрбум ам.долларын дэлхийн хамгийн том уул уурхайн зээлийн багцыг Монголдоо татах боломжтой болсон. Үүнд “Рио Тинто” баталгаа гаргасан тул ”Оюу Толгой” компани өөрийн санхүүжилтын өртгийг багасгаж өгч байгаа юм. Хоёр орчим хувиар багасгах нөхцлийг бүрдүүлсэн. Ингэснээр компани илүү ашигтай ажиллана. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явна. Бидний хариуцлага энэ бүх ажлыг дуусгасны дараа ”Оюу Толгой” ХХК өөрөө ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэх явдал.

үний уурхайн аюулгүй байдал хамгаас чухалд тооцогддог. Монголд гүний уурхайг ашиглах хууль эрх зүйн орчин бүрдсэн үү?

Б.Б: Дэлхийн шилдэг уурхайг Ханбогдод бий болгох гэж байна. Хамгийн орчин үеийн, дэвшилтэт техно-логи ашиглана. Уурхайн аюулгүй байдал нэгдүгээрт тавигддаг. Бид их ашиг, том тоонууд яриад байгаа. Нөгөө талдаа энэ чинь хүний амьтай зүйрлэх юм биш. Аюулгүй байдлыг чанга мөрдөх бүх стандартыг мөрдөж ажиллах асуудал их чухал. Оюутолгойгоор Монголын бизнест ирж буй бас нэг шууд бус өгөөж нь Монгол компаниуд өнөөдөр аюулгүй байдалд анхаарлаа ихэд хандуулж эхэлж байна.

Да.Г: Эрдэнэтийн үйлдвэртэй гэрээ байгуулахад хамгийн том заалт нь аюулгүй ажиллагаа байсан. Техник, технолгийн хувьд өөр л дөө. Нэг нь ил, нөгөө нь гүний уурхай. Гэхдээ Оюутолгойгоос сурах юм нь аюулгүй ажиллагаа. Аюулгүй ажиллагаа, машин техник гэдэг нэг хэрэг. Ямар ч хүнгүй техник байсан ч тэртээ тэргүй цаана нь заавал хүний оролцоо байж л таараа. Хүн шатаахууныг нь хийнэ, тогийг нь залгана. Хүн заавал оролцоно. Зуун хувь роботын нийгэм хол байна. Хэвшиж чадаагүй олон зүйлийг ” Рио Тинто” Монголд сургаж байгаа.

Нэг ажилтан нь хуруугаа юмаар цохичиход гадны компанид бөөн асуудал болдог. Гэтэл манай ямар ч байгууллага тэрийг осол боллоо гэж бүртгэхгүй, анзаарахгүй. Алив зүйл багаас эхэлдэг юм байна. Энэ бол аюулгүй ажиллагааны талаас соёл. Байгаа юмаа хэвшүүлэх нь том соёл юм байна. Үүнийг манайхан удахгүй ойлгож, мөрддөг болно.

өрийн өмчит компаниудын хариуцлагыг сайжруулах, хувийн компани шиг ажиллуулах асуудлыг сүүлийн үед нэлээд ярьж байна. Сингапурын Темасекийн туршлагыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хэзээ үр дүн гарах бол?

Б.Б: Темасекийн загвар маш энгийн. Ерөөсөө л Темасек бол компани шиг үйл ажиллагаагаа явуулдаг. Хөрөнгө оруулалтын компани ямар байх ёстой вэ, түүний дагуу л ажилладаг. Ямар нэг илүү, дутуу давуу эрх эдэлдэггүй. Бизнесийн гол зорилго нь эзэндээ ашиг хүртээх. Бизнесийн ашгийг зөвхөн ногдол ашгаар хэмждэг дутуу ойлголт байна. Энэ бол эзэндээ өгч буй ашгийн нэг л хэлбэр. Компани өөрөө том байж баланс нь том байна. Жишээлбэл, тухайн компанийг зарахад ашиг нь гараад ирнэ.

Дахиад хэлэхэд бизнес өөрөө тогтмол мөнгөн урсгалтай байх нь хамгийн чухал. Мөн тухайн компани үр ашигтай менежмент явуулбал тэр компанийн үнэ цэнэ зах зээл дээр үнэлдэг аргачлалын дагуу нэмэгдэнэ. Тийм учраас бизнес шиг бизнес байхыг зорьж байгаа. Түүнийг зохицуулдаг эрх зүйн орчин бүрдсэн. Тэр нь Компанийн тухай хууль.

Ер нь хөрөнгө оруулалт буюу эзэн байна гэдэг нь огт эрсдэлгүй зүйл биш. Эзэн бол тэр эрсдэлийг байнгын үүрээд явдаг. Энэ утгаар бид Оюутолгойд эзэн шиг нь ханддаг байх тэр зам руу эргээд гарчихлаа. Хүний юм гэж хэсэг ярьсан. Хараад байсан чинь өөрийн юм байсныг ойлгосон.


-Оюутолгойн хэлэлцээрийг олон сарын хугацаанд хийсэн. Халширмаар хэцүү үе байсан уу?

Б.Б: Хоёр эзэн хоорондоо асууд-луудаа тохиролцохоор ажиллаж буй бизнесийн процесс шүү дээ. Гол нь цээжний пангаар биш, тооцоо, судалгаа, санхүүгийн загвар зэрэг бүгдийг хийж, хууль болоод гэрээгээ урдаа тавьж байгаад л хэлэлцээрийг үргэлжлүүлсэн. Улс орныхоо хувь заяаны асуудлыг ярьж байгаа болохоор цаг наргүй ажилласан. Гэр бүлийнхэнд маань л хүнд байсан байх. Оройтлоо, ажил дээрээ хонолоо гэж гэр бүлийнхэн маань жаахан уурласан байх даа.

Да.Г: Лондонгийн цагийн зөрүүнээс шалтгаалан бид ажилласаар өглөөний 05.00 цагт гэртээ орох тохиолдол олон байсан.

Ерөнхий томъёоллыг нь зөв олоод хэлчих ёстой байх. Зөвхөн "Рио Тинто”, "Түркойз Хилл Ресурс” гэхээс гадна манайхнаас хамаатай зүйлүүд ч байсан. Хүнд суртал, өөр дээрээ хариуцлага хүлээж авахаасаа айх, зугтах зайлсхийх гэх мэт. Зарим түргэн шийдэх боломжтой асуудлуудыг цаг тухайд нь шийдэж өгөхгүйгээс болоод асуудал хойшлогдож байсан. Нэг ёсондоо манай команд хоёр фронтоор байлдаж байсан гэсэн үг. Нөгөө талтай, эргээд өөрийнхөнтэйгээ бас хэл амаа ойлголцоход цаг зарсан. Яах вэ, бүрэн ойлгох цаг нь ирнэ. Гэхдээ энэ нь нэг талын амьдрал, нөгөөтэйгүүр ажилд их садаа болдог.

үний уурхайн бүтээн байгуулалт хэр удаан үргэлжилж, олборлолт нь эхлэх вэ?

Б.Б: Барилга, угсралтын ажил 6-7 жил үргэлжилнэ. Энэ нь Оюутолгойн орлого нэмэгдэх цагийг л хүлээж байгаа юм. Гэхдээ энэ хугацаанд бас огт олборлохгүй гэсэн үг бас биш.

Да.Г: Туннел барих явцад олборлолт хийгдэж л байна. Учир нь туннел орд дотроо баригдах учраас замд таарсан баяжмалуудаа олборлож, боловсруулна. Гэхдээ энэ нь үндсэн олборлолт биш. Тэргүүн зорилго нь туннел ухах. Мэдээж хэрэг олон зуун километрийг 20, 30 жил ч ухах байх. Ямар ч байсан эхний 5-7 жилийн дотор жигд олборлолт эхэлнэ.

Б.Б: Гүний уурхайн гол онцлог нь зардал багасч байгаа. Яагаад гэхээр хүдэрт байгаа зэсийн агууламж нэмэгдэнэ. Энэ нь хаягдал шороо нь бага гарч, Оюутолгойн бүтээгдэхүүн үнэтэй болж байна гэсэн үг. Гүний уурхай дахь хүдрийн агууламж ил уурхайгаас хоёр дахин их юм.

-Зардлын хэтрэлттэй холбоотой нэг асуулт байна. 1.2 тэрбум ам.долларын зардлын хэтрэлтийг хүлээн зөвшөөрсөн. Энэ тоог зүгээр санаанаасаа биччихээгүй болов уу. Ямар хэлэлцээ хийгдэж энэ дүнд хүрсэн бэ?

Да.Г: Улс төрд хэрэгтэй сэдэв л дээ. Эдийн засагт бол хоёр өнцөгтэй асуудал. Өртгийн хэтрэлт ямар ч тохиолдолд муу. Таван саяын үнэтэй барааг авах гэтэл 10 сая болчихвол ашиггүй. Харин эргүүлээд 15 саяар зарчихвал ашигтай болно. Өнөөдрийн уушиг уу, маргаашийн өөх үү гэдгийг би өнөөдөр мэдэхгүй. Бодитой юу, үгүй юу гэдгийг түүх, цаг хугацаа харуулдаг. Өнөөдөр жишээлбэл, монголчууд ихэнх машин техникээ Японоос авч байна. Нэг ч эд ангийг нь Монголд хийдэггүй. Дэлхийн дундаж жишиг үнээр л авч байгаа. Тэр үнээрээ Монголын тайланд бүртгэгдэнэ. Тайланд тусгагдсан үнээрээ л хөрөнгийн баталгаа болно. Өнөөдрийн уушиг гэж харвал энэ нь муу мэдээ. Яваандаа үнэ хүрнэ, ажил нь өргөжинө, илүү их бүтээмж, ашиг авч ирнэ гэж харвал хэтрүүлсэн үү, хассан уу гэдэг нь хэнд ч сонин биш.

Б.Б: Монголын талын эзэмшдэг 34 хувийг бид 2010 онд зээл аваад санхүүжүүлсэн. Энэ тоо өөрчлөгдөхгүй. Зардал хэтэрлээ гээд бид нэмж зээлээгүй. Ахиад хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг томоохон банкуудаас зээлж байгаа. Сая баталсан төлөвлөгөө дээр Монголын талын эзэмших 34 хувиа хадгалж үлдэнэ гэдгийг маш тодорхой болгосон. Цаашид “Оюу Толгой” ХХК ямар ч зээл авсан энэ тоо өөрчлөгдөхгүй.

-Монголын бизнесийнхэнд Оюу-толгойн ханган нийлүүлэгч болж, ямар нэг байдлаар тус компанитай хамтран ажиллах хүсэл, хүлээлт бий болсон байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг дагаад ямар төрлийн бизнесийн боломж нээгдэх бол?

Да.Г: Түмэн бизнесийн боломж нээгдэнэ. Монголд дангаараа хөрөнгө босгож том үйлдвэрлэл эхлүүлэх, явуулах чадвартай компани байхгүй. Заавал хэн нэгэнтэй хамтрах хэрэг гардаг. Оюутолгой төсөл явах эсэх нь тодорхойгүй үед азнасан, хүлээсэн олон төсөл байгаа. Надад байгаа мэдээгээр 30 жил ажилласан ”Эрдэнэт үйлдвэрийн бараа, ажил үйлчилгээг аваад үзэхэд 30 гаруй мянган бизнесийн боломжууд байдаг. Тэгвэл Оюутолгойг хамгийн муугаар бодоход үүнээс дутахгүй. Өнөөдөр Оюутолгойд ханган нийлүүлэгч компаниудын жагсаалт гэхэд хэдэн мянга давсан. Үүнээс 500 гаруй нь монгол компани байна.

Б.Б: Сүүлийн хоёр жилд дотоодын ханган нийлүүлэгч буюу монгол компаниуд бараг тэрбум орчим долларын боломжоо алдсан. Одоо эргээд боломжууд нээгдэж байна.

-Бид зуун жилийн настай төслийн тухай ярж байна. Зуун жилийн дараах Монгол Улсыг төсөөлж үзсэн үү. Ямар байх бол?

Да.Г: Ойрын энгийн жишээг ярихад 20 жилийн өмнө малчид малаа оторлуулж яваад дэлхийн өнцөг булан бүрт гар утсаараа холбоо барьдаг болно гэхэд “Мөн залж байна даа” гэдэг байсан. Төсөөлөхийн аргагүй байсан шүү дээ.

Б.Б: Таван жилийн дараахийг л ярья. Манай эдийн засгийг хурдтай өсөх боломжтой гэцгээж байна. Манай дэд бүтцийн хөгжил олон улсад хол хаягдсан, өрсөлдөх чадвар ямар байгааг бид мэднэ. Өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Түүнийг дагаад дэд бүтцийн салбарт асар их хэмжээний хөрөнгө оруулалтууд орж эхэлнэ.

Том төслүүдээ явуулчихвал жилд 15 орчим хувийн өсөлт байх болов уу гэж төсөөлж байна. Арав, тав, гурав, нэг жилээр бизнесээ төлөвлөдөг ерөнхий зарчим бий. Үүний дагуу жилд 10-15 хувийн өсөлттэй байна гэж бодохоор эдийн засгийн багтаамж өнөөдрийнхөөс хоёр дахин, сайнаар бодоход гурав дахин нэмэгдэх боломжтой. Тэгэхээр өнөөдрийн 10 тэрбум ам.долларын эдийн засагт байгаа зовлон өөр асуудлуудаар солигдоно. Гэхдээ тэр үед хүн бүр аюулгүйн бүсээ зүүдэг, гэрээ хэлцлээ хариуцлагатай хийдэг, хүлээсэн үүргээ биелүүлдэг болно. Бидний засгаас хүлээдэг зүйл бол хууль бүх хүнд шударгаар үйлчилдэг байх. Таван жилийн дараахыг мэргэжлийн талаас нь, хувь хүн талаас харсан ч нэлээд их өөрчлөлт гарах байх.

Да.Г: Жаахан цаашлаад 10 жил гэж яръя. Төв аймаг, Улаанбаатартай нийлчих болов уу. Хөшигийн хөндий Налайх, Багануураас дутахгүй том дүүрэг болчихсон байна. Цэвэрлэх станц баригдаад одоогийн зовлонгоосоо сална. Багануур дүүрэг нэлээд томорч, Ханбогд 20 гаруй мянган хүн амтай хот суурин болчих байх. Хар зам дутуу орсон аймгууд сайн чанарын засмал замаар Улаанбаатартай холбогдчихно. Сургууль завсардалт үгүй болно. Гадагшаа явж эмчлүүлдэг хүмүүсийн тоо эрс буурч, өнөөдөр үнэтэй эмнэлгүүд хэвийнд тооцогдоно. Дээд сургуулиудын чанар сайжирч, иргэд дотооддоо нэр хүндтэй сургуульд сурах сонирхолтой болно гэж харж байна.

-"Оюу Толгой" ХХК-д “Рио Тинто”, “Эрдэнэс Монгол” гэсэн хоёр үндсэн эзэн бий. Гүйцэтгэх захиралаар монгол хүн томилогдох цаг ирэх болов уу?

Да.Г: Урьдчилан таамаглахад хэцүү. Боломжтой зүйл. Гэхдээ хоёр хувилбар байна. Эхнийх нь Монголын Засгийн газрын мандаттай хүн томилогдох магадлал ойрын жилүүдэд байхгүй болов уу. Хоёр дахь нь монгол, монгол угсааны, монгол цустай ч юм уу хүн томилогдох магадлал харин илүү өндөр байх. ”Оюу Толгойн” ТУЗ-ийн дарга нь монгол хүн ажилладаг. ЕР НЬ компанийн хувьцааны олонхийг эзэмшиж байгаа нь л захирлыг томилдог зарчим үйлчлээд явах байх аа.

Б.Б: Бизнесийг хамгийн их хувьцаа эзэмшигч нь удирдах үүрэг хүлээж, хүнээ томилдог. Хэнийг томилох вэ гэдэг тэр талын л мэдэх хэрэг. Шалгуурыг нь хангавал боломж өнөөдөр ч байгаа. Ер нь дэлхийн хэмжээний том уурхайг удирдах чадавхийг бүрэлдүүлж, туршлага хуримтлуулж яваа, бид.

үний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурсан нь бас л сэдэв боллоо. Монголдоо зурж болоогүй юм уу?

Д.Г: Бидний хэлэлцээр зөвхөн Улаанбаатарт болоод байгаагүй юм аа. Лондон, Сингапур гээд өөр газруудад үргэлжилсэн. Ер нь монголчууд бид хорин нэгдүгээр зуунд амьдарч байна. Цаг үе өөр болсон. Мэдээлэл, технологийн хөгжил маш эрчимтэй, танигдахын аргагүй хөгжиж байна. Глобачлал, даяаршлал бол зөвхөн хүн хоорондын харилцаа биш болжээ.

Зарим улстөрч Дубайд очоод ямар нэгэн юмыг нууж, зориуд бултаж байгаад Оюу толгойн гэрээг зурчихлаа гэж хардаад байх шиг. Хэрэв нууцаар гэрээ байгуулъя гэвэл заавал Дубай явах шаардлагагүй. Улаанбаатарын хаа нэгтээ нууц гэрээ байгуулчихаж болно. Нэгэнтээ техник, технологийн эрин зуунд амьдарч буйн хувьд ялангуяа цаасан дээр бууж байгаа баримт бичиг, гэрээнүүд, бизнесийн хэлэлцээрүүд хаана ч хийгддэг болсон цаг.

Нэгдүгээрт, Лондон-Улаанбаатарын хооронд дундын орон зайг ашиглаж, хоёрдугаарт, гадаадад хүрэх мессэжийг зөв, хурдан шуурхай өгөх үүднээс Ерөнхий сайдын айлчлалыг тохиолдуулан Дубайд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг баталсан юм. Эндээс явахдаа зурна гэсэн төлөвлөгөө байгаагүй. Хэрэв зарчмын гол, гол асуудлаа хөрөнгө оруулагчтай тохирч чадвал зурж болох юм гэсэн бодолтой явсан.

Дубайн хэлэлцээний үеэр талууд үлдсэн асуудал дээрээ ярьж тохирсон учраас монголчуудын хэлдгээр “ямааны мах халуун дээрээ” гээд төлөвлөгөөнд гарын үсгээ зурсан. Тэр даруйдаа олон нийтэд мэдээлсэн. Энэ бол олон улсын стандарт. Түүнээс нууж хаагаад байсан асуудал байхгүй.