Оюу толгойн эрчим хүчийг дотоодоос хангана

B Shurenchimeg
2022-01-27 15:20:33
Ангилал: Эдийн засаг

Оюу толгойн цахилгаан эрчим хүчийг дотоодоосоо хангах, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Өмнөд бүсийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” компанийн удирдлагууд өчигдөр гарын үсэг зурлаа. Оюу толгой уурхайн амин чухал хэрэглээ, олон жилийн турш яригдсан цахилгаан эрчим хүчний шийдлийн асуудал ийн шийдэгдэж байна. Түүнчлэн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн өдөр эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэж байгаа нь онцгой давхцал юм. Оюу толгойн эрчим хүчийг дотоодоос хангаснаар импортыг орлож, жилд 120 сая ам.долларын орлогыг дотооддоо үлдээх тооцоо бий. Үүний тулд 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой.

Оюу толгой уурхайн амин чухал хэрэглээ, олон жилийн турш яригдсан цахилгаан эрчим хүчний шийдлийн асуудал ийн шийдэгдэж байна.

Гэрээнд гарын үсэг зурах үеэр Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хангамжийг шийдвэрлэж буй энэ мөч нь эрчим хүчний салбарын хувьд тэмдэглүүштэй үйл явдал болж байна. Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани хооронд Оюу толгойн ирээдүйн хөгжил, үйл ажиллагааг тодорхойлох өөр бусад чухал асуудлыг шийдвэрлэж, санал нэгдсэн том амжилтын нэг хэсэг нь энэ болж байна” гэв.

Харин “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” компани үр бүтээлтэй, харилцан ойлголцож хамтран ажилласны дүнд дотоодын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгууллаа. Ингэснээр Оюу толгойгоос Монгол Улсад оруулах хувь нэмэр, өгөөж улам бүр нэмэгдэнэ” хэмээн онцоллоо. 

Монгол Улсын Засгийн газраас өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд болох Нарийн сухайт, Овоот толгой, Тавантолгой, Оюу толгойн зэс-алтны орд, Цагаан суварга, Шивээ-Овоо ордуудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээг 2013 оноос эхлэн шат дараатай хэрэгжүүлж байгаа. Үүний хүрээнд дээрх орд газруудыг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 670 км урттай 220кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, томоохон чадлын 220кВт-ын гурван дэд станцыг өнгөрсөн онд барьж дуусгасан. 

Харин 2025 онд 450 мВт-ын Тавантолгойн цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Төслийн санхүүжилтийн 30 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлнэ. Үлдсэн санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн тендерт оролцогч өөрөө санхүүжүүлэхээр зохицуулаад буй.  Эл цахилгаан станц ашиглалтад орсноор өмнийн говьд уул уурхайн эрчим хүчний найдвартай эх үүсвэр бий болох юм. Цаашлаад цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, ажлын байр бий болох, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих зэрэг олон эерэг нөлөө үзүүлэх ихээхэн ач холбогдолтой мега төсөл билээ. 

 

 

 

 

 

B Shurenchimeg