О.Баасанхүү: НӨАТ-ыг гурван хувь болговол ЖДҮ эрхлэгчдийн нуруу тэнийнэ

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа. Тэрээр НӨАТ-ын хувь хэмжээг багасгах хуулийн төсөл санаачилжээ.
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар мөн Бямбацогт нарын гишүүд хуулийн төсөл өргөн бариад байгаа. Таны боловсруулсан хуулийн төслийн гол үзэл баримтлал нь юу вэ?
-НӨАТ 10 хувь байх нь өндөр байна. Үүнийг гурван хувь болгох боломжтой гэж үзлээ. НӨАТ төлөгч аж ахуйн нэгж падаанаас болж сар бүр дарамтад ордгийг болиулах зорилготой юм. Зөвхөн падаан цуглуулахын тулд томоохон аж ахуйн нэгжид 2-3 нягтлан бодогч ажилладаг. Энэ чирэгдлийг арилгах ёстой. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг бий болсон татварыг эцсийн хэрэглэгч л төлдөг болгох юм. Одоогийн мөрдөгдөж буй хуульд байгаа зөрчил, алдаа дутагдлыг засах зорилгоор Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд, энэ салбарын эрдэмтэд, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ярилцаж, санал бодлыг нь авсан. Үүний дараа уг хуулийн төслийг боловсруулсан юм. Хууль батлагдсанаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруу тэнийнэ. Аж ахуйн нэгжүүд падаан нэртэй цааснаас болж эрүүгийн хэрэгт татагдахгүй болно.
-Тухайн аж ахуйн нэгжийн орлогод босго тогтоож өгөх үү?
-Одоогийн мөрдөгдөж буй хуулиар тухайн аж ахуйн нэгж 10 саяас дээш төгрөгийн орлого олвол 10 хувиас дээш татвар төлдөг. Хувь хүний орлогын албан татвартайгаа нийлээд 20 хувийн татвар болдог. Үүнийг би 13 хувь болгох гээд байгаа юм. Хувь хэмжээг нь багасгаж буй болохоос босгод хэмжээ тогтоогоогүй. Одоогийн мөрдөгдөж буй 10 саяыг 70-80 сая болгож өндөрсгөж л болно.
-Улсын төсөв татвараас бүрддэг. Аж ахуйн нэгжүүд гурван хувийн татвар төлөөд эхлэхээр улсын төсвийн орлого тасалдана. Өнгөрсөн онд төсөв нэг их наяд гаруй төгрөгөөр тасалдсан нь энэ жил тэвчиж болох бүхий л зардлыг танахад хүргээд байгаа?
-НӨАТ гэдэг нь нэмүү өртөг шингээсний төлөө аваад эргүүлээд аж ахуйн нэгжид нь олгодог зүйл. Төсөв нэмэгдүүлдэг, орлого бүрдүүлдэг гэдэг бол харьцангуй ойлголт. Жилд тодорхой хэмжээний бэлэн мөнгөний хуримтлал үүсч байгаа гэдэг утгаараа төсөвт тусгагдаж буй ч НӨАТ жилийн эцэст эргэн төлөгддөг зүйл юм. Тиймээс үүнийг улсын төсөвтэй холбож яриад байх нь харьцангуй ойлголт л доо. Дэлхий нийтэд байдаг жишгийг бид авч үзэх ёстой. Тэр нь НӨАТ-ыг эцсийн хэрэглэгч төлөх юм. Эцсийн хэрэглэгч төлснийх нь хариуд улс тэдэнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг тогтолцоо бий. Энэ нь төрийн бодлогын нэг хэлбэр. Одоогийн байгаа нөхцөл байдал, гажуудлыг харахад хүн бүр НӨАТ-аас зугатаах, түүнийг төлснөөрөө эргээд хэрэгт төвөгт орооцолдчих гээд байдаг болсон байна. Нөгөөтэйгүүр бизнес эрхлэгчид НӨАТ-ыг яаж төлөх эсэх нь хуулинд тодорхой биш байгаа. Тиймээс хуулийн заалт бүрээр нь тодорхой өөрчлөлт оруулах юм.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийн нэрийг өөрчлөөд дахин оруулж ирсэн нь хардлага төрүүлж байна. Уг хуулийн төсөлд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улсад алт хэрэгтэй. Гэхдээ алт нэмэн өртөг шингээдэггүй бүтээгдэхүүн. Тиймээс алтны татвар өндөр байгаад эмзэглэх хэрэггүй. Засгийн газар алтны татварыг багасгаад нөөцийг нь нэмэгдүүлнэ гэж улайрч буй нь хэн нэгний лобби явагдаж буйн шинж. Хятадууд манайд металл шалгадаг скайнер бэлэглэж байгаа юм билээ. Ийм техник нэмээд асуудлыг шийдэж болох ч хүндрүүлээд байна. Алтыг хууль бусаар хил гаргадаг бүлэглэлүүд үүнд сандарч, уг хуулийн төслийг батлуулах гэж улайрч байна. Өсөн нэмэгдэх рояалтиг багасгаж Монголдоо үлдээж буй нэр зүүгээд өөрсдөө баяжихыг хүсээд байна шүү дээ. Хууль бус бизнесийн эсрэг зогсох уу, бууж өгөх үү гэдгээ УИХ шийдэх ёстой.
-Оюутолгойн гэрээ муу болсон гэдэг дээр УИХ, Засгийн газрын гишүүд өнгөрсөн оны эхэнд санал нэгдсэн. Үүнээс хойш жилийн хугацаа өнгөрөөд байхад ямар ч өөрчлөлт орсонгүй. Та ч мөн адил чимээгүй байгаад байна. Дуугарч болдоггүй юм уу?
-Манайхан Оюутолгойн өмнө буулт хийгээд байгааг би ойлгохгүй байна. Энэ талаар намайг ярихад нэг хүн “Чи Оюутолгойн эсрэг ярьснаараа дотоодын 350 компанийн эсрэг зогсч байна. Дээрх компаниуд чамайг үзэн ядна” гэсэн. Гэхдээ би 4, 5 магадгүй 10 сая болох ард түмнийхээ ирээдүйн төлөө ярьж байгаа гэж боддог. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр гэдэг. Гэрээгээ өөрчилье, авах ёстой зүйлээ авъя гэж хэлсний төлөө ариун цэврийн цаас, ус, ундаа, ажлын хувцас нийлүүлдэг 350 компанид ашиггүй байж болно. Тэд одоо иргэдийг ажлын байраар хангаж, ашигтай ажиллаж буй ч 20 жилийн дараа бүгд хэцүү болно. Байгалийн баялгаа зөв ашиглахын тулд хэсэг хүний алдаа дутагдлыг хэлж, засч залруулаад нийтэд тэгш хуваарилмаар байна. Нийтийн эрх ашиг чухал.
-Шонхор шувууг худалдан борлуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан байна лээ. Чухам ямар өөрчлөлт оруулах гэж байгааг тань сонирхъё?
-Шонхрыг худалдан борлуулахыг хориглосон Засгийн газрын тогтоол байдаг. Гэвч гүйцэтгэх засаглал шонхрыг бэлэглэж болно гэсэн тогтоол нэмж гаргасан. Үүнээс болоод Арабын баячуудад шонхор бэлэглэх явдал түгээмэл болоод байна. Энэ хууль батлагдсанаар ийм асуудал цаашид гарахгүй. Манайх шонхрыг үндэсний бахархалт шувуу гэж зарласан. Тиймээс энэ шувууг бэлэглэх, худалдахад маш хянуур хандах ёстой. Цаашлаад 21 аймаг бүр ямар нэг ховордсон ан амьтныг бэлгэдлээ болгож яагаад болохгүй гэж. Тэгвэл ховор ан амьтны тоо толгой цөөрөхгүй. Энэ сарын 13-нд Үндсэн хуулийн өдөр тохионо. Уг өдрөөр бид нэг зүйлийг мартаж болохгүй. Бид 20 гаруй жилийн өмнө шонхор шувууг төрийн сүлдэндээ оруулах гэж ярьж байсан. Тухайн үед АНУ-ын Батлан хамгаалахын сүлд гээд болиулж байж. 24 жилийн дараа энэ явдлыг эргээд харахад бид шонхор шувууг орхигдуулж болохгүй байсан нь харагдаж байна. Тэр утгаараа ядаж нийслэл хот маань шонхор шувууны зурагтай сувинертэй болох ёстой. Энэ нь түүх болж үлдэнэ шүү дээ.
-Шонхрыг экспортлохгүй гэсэн үг үү. Дахиад л улсын төсвийн орлогод нөлөөлөх юм биш үү гэж асуух гээд байна л даа?
-Амьд амьтанг зарна гэдэг сайхан зүйл биш. Худалдан борлуулж байгаа бол бахархалт гэж өргөмжлөөд хэрэггүй шүү дээ. Бахархлаа зардаг, худалддаг байж болохгүй гэж үзсэн учраас уг хуулийн төслийг санаачилсан юм. Улсын төсвийг шонхор шувуугаар бүрдүүлнэ гэдэг инээдэмтэй зүйл. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж татвар өгснөөрөө улсын төсөвт онцгой үүрэг гүйцэтгэдэггүй. Монгол Улсын экспортын ихэнхийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Тэгэхээр бид шонхор шувууг гадагш гаргахгүй байснаар төсвийн орлого бүрдүүлэлтэд төдийлэн нөлөөлөхгүй. Бахархалт шувуугаа ингэж хамгаалах нь хойч үеийнхэнд түүх болж үлдэнэ. Би нэг түүхэн баримт хэлье. Тэртээ Хидан улсын үед манайх далбаан дээрээ шонхрыг дүрсэлж байсан юм билээ. Тэр үеэс явж байсан түүх Америкийг хүчирхэг байлгаж, улмаар батлан хамгаалахынхаа лого болгоод байна шүү дээ. Монгол Улс өөрийнхөө түүхийг бусдад алдахгүйгээр өөрсдөө өвлөж авах ёстой.
-Тамхины тухай хуульд ямар өөрчлөлт оруулахаар болсон бэ?
-Тамхины тухай хуульд тамхи худалдаалагч онцгой албан татварыг гурван жилд нэг удаа өсгөсөн байдлаар өгдөг болох заалт оруулахаар хуулийн төсөлдөө тусгалаа. Тамхи худалдаалагчид тодорхой хэмжээний ашиг олдог. Татвараас ашгийг нь багасгахаас гадна өөрсдөө хүмүүнлэгийн байгууллагад нэрээ нууцалж, хандив өгдөг болъё гэх заалт юм. Ингэхдээ жилийн эцэст татварын байгуулагад тайлангаа өгдөг байх ёстой.
-УИХ-ын даргад гурван хуулийн төсөл өргөн барилаа. Батлагдах болов уу. “Шударга ёс” эвсэл болон сөрөг хүчний гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл хатуу даваа давдаг гэлцдэг. Та үүнтэй санал нийлэх үү?
-АН-ынхан хуулийн тухай хууль гэж яриад байгаа. Үүний үндсэн санаа нь хууль санаачлагчдыг хааж, боох зорилготой. Өөрөөр хэлбэл, гишүүн бүр хууль санаачилбал дор хаяж 10-20 гишүүний гарын үсэг цуглуулдаг болъё гэж байна лээ. Мөн боловсруулсан хуулийн төслийг нь Засгийн газар дэмжээгүй бол өргөн бариулахгүй байя гэж байна. Энэ Үндсэн хуулийн эсрэг зүйл. Зарим хүн нэг хуулийн төсөл өргөн барихаар 1000 ам.доллар авдаг гэж харддаг юм билээ.Үнэн хэрэгтээ нэг ч төгрөг авдаггүй. Нэг хуулийн төсөл боловсруулахын тулд хуулийн болон эдийн засагчдын баг ажиллаж байдаг. Үзэл баримтлал, эдийн засгийн үзүүлэлт, зорилго, чиглэлийг нь нарийн боловсруулсны дүнд төслөө УИХ-д өргөн мэдүүлдэг юм. Ийм олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл шингэж бүтсэн хуулийн төсөл зарим үед хэлэлцэгдэхгүй байгаад сэтгэл эмзэглэж явдаг. Тухайлбал, хэвлэл мэдээллийнхнийг хүн гүтгэлээ хэмээн ялласаар байна. Тэгсэн хэр нь гүтгэх, доромжлох хоёрынхоо ялгааг гаргаж, хуульчилж өгөөгүй л байна шүү дээ. УИХ-ын гишүүн чуулганы хуралдааны индрээс хүн доромжилж болж байхад сэтгүүлч хэвлэлд нийтлэл бичингүүт өөрсдөд нь таалагдахгүй бол доромжиллоо гэж үзэн яллаж байна. Ийм шударга бус байж болохгүй.