Пиетро Доран: Солонгосын институционал хөрөнгө оруулагчдыг Монголд татах сонирхол их байна

“Korea Mongolia resources” сангийн гүйцэтгэх захирал Пиетро Дорантай ярилцлаа. Тэрбээр Солонгос улсад хөрөнгө оруулалтын томоохонд тооцогддог “Doran Capital Partners” группийн эзэн бөгөөд манай “Eurasia Capital” компанитай хамтран “Korea Mongolia resources” санг байгуулаад байгаа билээ. Түүнийг Монгол Солонгосын бизнесийн форумын үеэр ирээд байхад нь уулзаж ярилцсан юм.


-Юуны түрүүнд Таны Монголд ирсэн зорилго юу вэ?

-Би Монголыг илүү ихээр таньж, мэдэх зорилготойгоор ирсэн. Дөрвөн жилийн турш “Eurasia Capital” компанийн дэргэдэх зөвлөлийн гишүүнээр ажилласан. Энэ хугацаандаа тус компанийн захирлын ажил явуулж буй арга барил, олон улсын хөрөнгө оруулагчдын дунд танигдсан байдал, ярих чадвар зэрэг олон чанарыг өндрөөр үнэлсэн. Тиймээс “Eurasia Capital” компанийн захирал Алишер Алитай хамтран хөрөнгө оруулалтын сан байгуулаад байна.

Ер нь бусад улс оронд ховорхон тохиолддог боломж Монгол Улсад өнөөдөр нээгдсэнээр томоохон хүлээлт бий болоод байна гэж үзэж байгаа. Миний хувьд сүүлийн 20 жилд яг танай орон шиг үсрэнгүй хөгжлийг дагасан орнуудад ажиллаж байсан. Тухайлбал, Өмнөд Солонгос улсад байсан тэр эдийн засгийн үсрэнгүй хөгжил танайд мөн хүлээгдэж байгааг харлаа. Үүнийг би мэдэрч байна. Улс орон бүрийн хөрөнгийн зах зээлийн салбарт нь надтай адилхан хашир туршлагатай мэргэжилтнүүд ажиллаж байдаг. “Eurasia Capital” компанийн захирал Алишер Алигийн хувьд мөн энэ талын нэлээд туршлага, мэдлэгтэй хүн. Тиймээс бид хамтраад ажиллахад Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах байх аа гэж бодож байна. Ер нь бол БНСУ-ын хөрөнгийн зах зээлд хуримтлуулсан арвин туршлагыг танай орны боломж бололцоотой нэгтгэн ажиллаж чадвал амжилтад хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Манай Солонгос дахь компанийн хувьд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалт хийх талд дэс дараалалтай нэлээдгүй олон шаардлагыг тавьж ажилладаг. Ингэснээрээ бид томоохон хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийхэд нь тусалдаг. Зарим тохиолдолд хөрөнгө оруулагчдын хийсэн хөрөнгө оруулалт амжилтгүй болоход тухайн улс болон хөрөнгө оруулагчдын нэр хүнд олон улсын зах зээлд буурдаг. Энэ мэт эрсдэлээс Монгол Улсыг төдийгүй хөрөнгө оруулагчдыг зайлсхийхэд нь манай сан туслах зорилготой юм. Бид хамтарч ажилласнаар гадаадын тэр дундаа Солонгосын мэргэжлийн хөрөнгө оруулагч нарт Монголд хөрөнгө оруулах ямар боломж бололцоо байна гэдгийг таниулах, ямар эрсдэлүүд гарч болзошгүй талаар зөвлөгөө өгч, хууль эрх зүйн талаас нь дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулна. Монгол орны хувьд хууль эрх зүйн тогтворгүй байдал нь багагүй эрсдэлийг дагуулж болзошгүй. Хөгжиж буй орнуудад улстөрийн болон хууль эрх зүйн орчин нь тогтворгүй байх зэрэг тодорхой эрсдэлийг дагуулж байдгийг мэднэ л дээ. Иймэрхүү эрсдэлээс хөрөнгө оруулагчдыг хол байлгахыг хүсэж байна.

-Тэдгээр эрсдэлээс зайлсхийхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Нэгдүгээрт, тухайн улсад ажилладаг томоохон түнштэй байх шаардлагатай. Мөн дотоодын эдийн засгийг сайн мэддэг, тогтвортой ажиллдаг сайн баг бүрдүүлэх ёстой. Дотоодын зах зээлийг сайтар судалж мэдсэн тохиолдолд эрсдэлээс зайлсхийх боломжтой. Төрийн тогтвортой бодлого, зохицуулалт зэрэг нь чухал асуудлын нэг.Төрөөс шинээр санаачилж байгаа хууль, дүрмүүд нь хуулийн цоорхойгүй байх шаардлагатай. Хуулийн хэрэгжилт ч мөн сайн байх нь хамгийн гол юм. Монгол Улс уул уурхайн салбартаа түшиглэн хөгжиж байна. Уул уурхай өөрөө нэлээд хөрөнгө шаарддаг салбар. Энэ утгаараа Монгол олон улсын хөрөнгө оруулалт, томоохон капиталуудыг татах хэрэгтэй. Бидний хувьд Солонгос улсын институционал хөрөнгө оруулагчдыг Монголд оруулж ирэх сонирхол их байна. Учир нь, Монгол орны хөрөнгийн зах зээл дэх өнөөгийн дүр зураг 20 жилийн өмнөх Солонгос улсынхтай адилхан байгаа юм. 20 жилийн өмнө тус улсад хөрөнгө оруулахад саад бэрхшээл үзүүлэхээр хуультай байсан гэж ярилцдаг байв. Ийм учраас солонгосчууд Монголын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдлыг ойлгож, энэ бүхэн ирээдүйд өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байгаа учраас тэд Монгол орныг сонирхож хөрөнгө оруулна гэж бодож байна. Энэ нь танай орны хувьд бас нэг томоохон давуу тал гэж ойлгож байгаа.

-Солонгосын хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцана уу?

-1990-ээд оны үед Солонгосын хөрөнгийн биржийн индекс нь 700 гэсэн үзүүлэлтээс дээшээ гарч байгаагүй. Учир нь, тус улсын зах зээлийг тухайн үед ойлгодог хүн ховор, бизнесийн болон хөрөнгө оруулалтын орчны мэдээлэл маш дутмаг, компаниуд нь ч ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус байсан л даа. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалсан хуульгүй байлаа. Компаниуд нь хувьцаа эзэмшигчдээ өөрсдөд нь хэрэгтэй хүмүүс гэж боддоггүй, нэр төдий л хүлээн авна. Харин энэ бүхэн аравхан жилийн дотор бүрэн өөрчлөгдсөн. Аж ахуйн нэгжүүд нь ил тод нээлттэй болсон. Санхүүжилт олохын тулд гаднын туршлага, мэдлэгийг судалж эхэлсэн. Тэгээд гаднын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгоод ирэхээр хуулиараа дотоодод хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, компаниудыг ил тод нээлттэй байхыг шаардаж байсан. Үүнийг дагаад дотоодын зах зээл нь нээлттэй болж, улмаар Солонгосын нэр хүнд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд өсөж эхэлсэн гэж хэлж болно. Өнөөдөр Солонгосын хөрөнгийн биржийн индексийн үзүүлэлт 2200 болжээ. Миний хувьд тус орны хөрөнгийн зах зээлийн өсөлтөд 1998 оны Азийн санхүүгийн хямрал томоохон нөлөө үзүүлсэн гэж боддог. Тухайн үед томоохон компаниуд зээл авах замаар үйл ажиллагаагаа явуулдаг байгаад хямралын дараа хувьцааны зах зээл рүү шилжин орсон. Энэ нь илүү хямд, ашигтай орчинг бий болгосон бөгөөд компаниудыг илүү нээлттэй байхыг шаардсан юм. Эндээс нэг сонирхолтой зүйл харагдаж байна. Хорин жилийн өмнө хөрөнгө оруулагч нарт халгаатай байсан улс өнөөдөр гадагш хөрөнгө оруулахдаа хорин жилийн өмнө өөрсдөөс нь шаардаж байсантай яг ижил зүйлийг шаардаж байна. Гаднын хөрөнгө оруулалт нь солонгос компаниудыг илүү нээлттэй ил тод болгосон гэдгийг дахин хэлмээр байна. Энэ нь тэдний үнэ цэнийг өсгөсөн. Харин одоо солонгосчууд, Монголын компаниудаас илүү ил тод байхыг шаардаж байна. Энэ бүгдээс харахад компаниудын ил тод нээлттэй байдал, хувьцааны зах зээл, хөрөнгө оруулагчдыг хүндэтгэх зэрэг нь ашигтай ажиллах гол хүчин зүйл гэж би дүгнэдэг. Өнөөдөр Солонгос улс зах зээлийн ил тод, хөрөнгө оруулагчдын эрхийг хүндэтгэдэг байдлаар нэлээд сайн гэж бодож байна. Хувьцааны, үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь сайн зохицуулалттай бөгөөд би эдгээр зах зээлд нэлээд туршлагатай гэж хэлж болно.
Би Солонгос оронд 40 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна гэж дуулсан. Тэдний нэлээд хэсэг нь оюутнууд байгаа нь мэдээж. 20 жилийн өмнө яг үүнтэй адил солонгосчууд Америк улс руу оюутан залуусыг суралцуулахаар явуулж, тэдгээр оюутан нь Америкийн туршлага зах зээлийн сайн талуудыг эх орондоо авчирсан. Түүн шиг монгол оюутнууд Солонгосоос хөрөнгийн зах зээл дээр ажиллах мэдлэг туршлага хуримтлуулаад эх орондоо ирэх болно.
Солонгос хүмүүс өөрсдийгөө эртний монголчуудаас үүсэлтэй, төрөхдөө хөх толботой төрдөг гэж ихэд бэлгэшээдэг. Энэ утгаараа Монголд хөрөнгө оруулахдаа өвөг дээдсийнхээ эх орныг хөгжүүлж байна хэмээн баяртай байх болно. Бидний ажилд ийм сэтгэлгээ нь ихээхэн тус болно гэж бодож байгаа. Нэг зүйл хэлэхэд, монголчууд хөгжлийн загварыг Европ, Америк зэрэг улсаас хайх биш, харин Солонгосоос үлгэр дууриалал авах нь зүй.

-Та Солонгос улсад ажиллахдаа хүндрэлтэй байсан асуудлуудыг хэрхэн шийдэж байсан бэ?

-Сайхан асуулт байна. Тухайн үед гаднын хүмүүс Солонгос руу томилолтоор явах дургүй байсан. Анх намайг тохиолдлоор энэ улсад ирэхэд америк цэргүүдээс өөр гадаад хүн бараг байдаггүй байж билээ. Мэдээж ажиллахад хүндрэлтэй асуудлууд их гарна. Энэ үед надад гурван том давуу тал байсан юм. Нэгдүгээрт, залуу, хоёрдугаарт, тэнэг, гуравдугаарт, адал явдал хайгч. Залуу байна гэдэг эрч хүч, итгэл зориг дүүрэн байна гэсэн үг шүү дээ. Туршлага ч багатай, юмны учир начрыг сайн ойлгодоггүй байсан тул ямар нэг зүйлийг ийм л хүнд хэцүү байдаг юм болов уу гэж төсөөлж хүлээж авдаг байсан. Хялбар бөгөөд амархан гарах гарцыг олж хардаггүй байж. Солонгос оронд анхлан очиход оюутан залуус нь сургуулиа төгсөөд сайн ажиллах ёстой гэсэн зорилготой ажиллаж, сурдаг, иргэд нь барагтай бол инээмсэглэдэггүй ч их энергитэй байлаа. Энэ бүгдийг хараад би бас ийм байх ёстой юм байна гэж бодож билээ. Харин сая Монголд ирэхэд бас яг ийм сэтгэгдэл төрлөө. Монгол орон хөгжих хандлага байна, иргэд нь инээмсэглэдэггүй ч тэднээс их энерги мэдрэгдэж байна. Солонгос оронд ирсний дараа хүмүүс чи зургаан сарын дараа гэртээ харина гэж хэлж байсан. Тэгвэл би өнөөдөр тус оронд томоохон үл хөдлөх хөрөнгийн компани, бас бус жижиг компаниудыг босгосон. Өөрөөр хэлбэл, өөрийн гэсэн “хотыг” байгуулчихаад байна.

Тиймээс Солонгос оронд тусалж чадсан шигээ Монголд бас туслахыг хүсэж байна. Одоо миний давуу тал гэвэл илүү туршлагатай, ухаантай болсон. Ийм учраас л би Монголд ирэхээр шийдсэн юм. Монголд ажиллахад бидэнд нэг нууц байгаа. Бид энэ удаа саад бэрхшээл биш цоо шинэ боломжуудыг харж байна. Мөн энэ нь бидний хувьд ч ховорхон тохиох боломж. Хэрвээ ямар нэг бэрхшээл тулгарвал түүнд нь тохирсон зөв шийдлийг гаргаж чадна. Шийдвэр гэдэг маань ямар нэг хууль, дүрэм, нэр, томъёонд баригдсан зүйл огт биш. Харин хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн зөв шийдвэрийг гаргаж чадна. Энэ бол бидний хамтын ажиллагааны нууц гэж ойлгож болно.

-Танай сангийн Монголд үйл ажиллагаа явуулах эхний алхам чухам юу байх вэ?

-Эхний алхам бол хамгийн гол зорилгоо нэн түрүүнд тодорхойлох. Мөн хамгийн их ашиг өгч болох салбарыг тодорхойлж, солонгос хөрөнгө оруулагчдыг татах. Аль нь, ямар салбарын бизнес Монголын нөхцөлд тохирох таарах зэргийг сонгох гээд олон ажил байна. Энэ бүгдээс өмнө хаашаа хөрөнгө оруулах вэ гэдгийг л маш сайн мэдэх хэрэгтэй юм даа.

Хөрөнгө оруулахдаа бид тухайн компанийн засаглалыг ихээхэн анхаарна. Компанийн удирдлага өөрсдийн хийж байгаа, хийх гэж байгаа зүйлдээ хэр итгэлтэй байна гэдгийг харна. Хэрэв тэд өөртөө итгэж чадахгүй байх юм бол бид хөрөнгө оруулахгүй. Мэдээж тухайн компани ямар үйл ажиллагаа явуулахаас хамаараад хаашаа хөрөнгө оруулахаа, дараа нь тухайн хөрөнгө оруулалтаас хэрхэн ашиг хүртэх вэ гэдгээ тодорхойлно. Бидний анхны хөрөнгө оруулалт тухайн компанийн цаашдын үйл ажиллагаанд шууд нөлөөлөх нь дамжиггүй. Хэрвээ алдаа гаргах юм бол олон улсын хөрөнгө оруулагчдын дунд Монгол Улсын нэр хүнд унах эрсдэлтэй. Тийм болохоор бид ямар ч алдаа мадаггүй үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлмээр байна.

-Таны Солонгос улсад хийсэн анхны хөрөнгө оруулалт ямар амжилт бас ямар эрсдэлийг дагуулсан бэ?

-Би анхлан ганцаараа ажлаа хийж байлаа. Дөрвөн жилийн дараа гэхэд арван дөрвөн хүнийг удирдан ажиллаж байсан. Гэхдээ ажлаа эхэлснээс хоёрхон жилийн дараа нь дэлхийн хөрөнгө оруулалтын хамгийн том “Морган Стэнли” компани миний жижигхээн компанийг худалдаж авсан. Бид тус компанийн нэрийн өмнөөс хоёр тэрбум ам.долларын гаднын хөрөнгө оруулалтыг Солонгос улсад татсан.

Миний бодлоор амжилтыг гэнэтийн үсрэлт гэх мэт томоохон байдлаар дүрслэхэд хэцүү байна. Харин шат шатаар нь үнэлэх хэрэгтэй байх. Анх би ямарч туршлагагүй байсан хэдий ч арван жилийн дараа гэхэд Солонгос улсын хамгийн том хөрөнгө оруулагч компанийг удирдаад явж байсан. Өнөөдрийн байдлаар манай компани Сөүл, Хонконг, Лондон, Дели гэх мэт дэлхий даяар салбартай болжээ. Одоо Монголд салбараа нээхээр ирээд байгаа минь энэ.
Та амжилт болоод эрсдэлийн талаар асуусан. Тухайн үед миний хувьд багахан амжилт ч том мэт санагддаг байсан. Эрсдэл бол хаа ч адилхан байдаг. Тухайлбал, 20 жилийн өмнөх Солонгост гарч байсан эрсдэлийг өнөөдөр бид Монголд хүлээж байх жишээтэй. Гэхдээ хамгийн том эрсдэл бол бидний нэр хүнд юм.