Путин яллаа

Оросын ерөнхийлөгчийн сонгууль дууслаа. Владимир Путин ба түүний дэмжигчид ялалтаа тэмдэглэж байна. Энэ улсын ерөнхийлөгчийн суудал түүнд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ерөнхий сайд байсны эцэст гуравдахь удаагаа эргэн ирлээ.
Одоогоор бүх саналын дийлэнх хувийг тоолж дууссан бөгөөд сонгуулийн коммиссын хэлснээр Оросын шинэ ерөнхийлөгч 64 хувийн саналаар илүүрхжээ. Энэ үед ноён Путин дэмжигчдэдээ хандан өөрийгөө нээлттэй шударга тулаанд ялалт байгуулсан хэмээн хэлжээ. Харин сөрөг хүчнийхэн үүнийг эсэргүүцэн луйврын сонгууль боллоо хэмээн үзэж, даваа гаригийн үдээс хойш бослого зарлахаар зэхэж байгаа аж.

Чөлөөт сонгуулийн “хоточ нохой” хэмээн нэрийдэх хөндлөнгийн ажиглагч Голос хэлэхдээ “Ноён Путин 50 хувиас ялимгүй давсан үзүүлэлтээр буюу сонгуулийн хорооны хэлж буй тооноос харьцангуй бага хувиар ялсан” гэлээ. Сонгуульд оролцогчид хэд хэдэн саналын хуудас бөглөсөн гэх мэдээлэл ч байгаа гэнэ. Ням гаригийн үдэш туг дарцаг барьсан Путиныг дэмжигчид Кремлиний гадаа цугларч баярын концертонд оролцжээ. Энэ үеэр Путин ерөнхийлөгч Дмитрий Медведевийн хамтаар гарч ирэн нүдэндээ нулимстайгаар тус улсын өнцөг булан бүр дэх өөрийнхөө дэмжигчдэдээ талархлаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр хэлэхдээ “Бид ялна гэж би та нарт амласан, тэгээд бид яллаа. Орос улсын яруу алдар бадартугай” гэжээ. Түүний дэмжигчдийн барьсан уриа лоозон дээр “Путин бол бидний ерөнхийлөгч”, “Бид Путинд итгэдэг” гэх мэт үгс бичээстэй байжээ. Гэвч зарим нэг оролцогч тус арга хэмжээнд хүчээр оролцсон гэх хардлага ч нийгэмд тараад байна.

Сонгууль хаасны дараа түүний өрсөлдөгч Геннадий Зюганов хэвлэлийн бага хурал дээр тус сонгуулийг шударга бус, ямар ч үнэ цэнэгүй болсон хэмээн тайлбарлалаа. Мөр тэрбээр хэлэхдээ “Олон нийтийн энэ их дургүйцэл дунд Путин хуучин шигээ удирдлагаа авч явах боломжгүй юм” гэж хэлжээ. Харин нөгөө талаас ноён Путины кампанит ажлын дарга Станислов Говорюхен хэлэхдээ “Энэ бол Оросын түүхэн дэх хамгийн цэвэрхэн сонгууль” гэжээ

2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиар ноён Путин үндсэн хуульд заасны дагуу дараалан гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй байсан тул Кремлинд Медведевийг дэмжин, улмаар өөрөө ерөнхий сайдын суудалд заларсан билээ. Харин өнөөдрөөс эхлэн тэрбээр 2018 он хүртэл энэ байр сууриндаа бат суух бөгөөд түүний дараагийн зургаан жилд ерөнхийлөгчийн албыг хаших сонгуульд дахин оролцох ч боломжтой болж байгаа юм.