П.Баярхүү: Гэр хорооллын амьдрах орчинд хувьсал хийнэ


Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй ярилцлаа.

-Улаанбаатар хот дэд бүтцийн чиглэлээр 2018 онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-Дэд бүтцийн чиглэлээр Гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах, авто замын ажлууд, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, бүтээн байгуулалтын ажлууд багагүй хийгдэхээр төлөвлөгөө нь гараад эхнээсээ хэрэгжилт рүүгээ ороод явж байна.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт цаашаа хэрхэн үргэлжлэх вэ. Ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт 1.3 сая гаруй иргэдийн 48 гаруй хувь нь орон сууцанд амьдарч байгаа бол үлдсэн хувь нь инженерийн шугам сүлжээний хүртээмжгүй гэр хороололд аж төрж байна. Авто зам болон инженерийн байгууламжийн хүрэлцээгүй байдал нь агаар, хөрсний бохирдлыг бий болгож гэр хороололд төдийгүй нийслэл хотын хөгжилд сөрөг үр дагавар авчирч байна. Тиймээс УИХ-ын тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлага”, БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын 2017 оны хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажилтын төлвөөс хамаарч гурван бүсэд хуваан хөгжүүлэхээр болсон. Үүнд, орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол, хэсэгчилсэн дэд бүтэцтэй Сервис центр бүхий дундын бүсийн гэр хороолол, захын бүсийн гэр хороолол буюу нөхцөл сайжруулах шинэ технологийн бүс гэж гурав хуваасан.
Улаанбаатар хот 2018 оныг иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан хийх нэг ажил нь Сервис центрийн төвүүдийг барих юм. Хэсэгчилсэн дэд бүтцийн төв буюу Сервис центр нь гэр хорооллыг агаар, хөрсний бохирдлоос салгах цогц шийдэл болно.
-Сервис центрүүд баригдсанаар гэр хорооллын хэчнээн айл өрх холбогдох боломжтой вэ?
-Энэ нь 200-300 өрхийн дунд дулаан, цахилгаан, цэвэр ус, бохирын системээр холбосон инженерийн дэд бүтцийн төв юм.
Энэхүү Сервис центр нь дэлхийн олон улс орон ашигладаг бөгөөд хамгийн оновчтой шийдэл болох нь батлагдсан. Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 50 байршилд сервис центр барихаар төлөвлөж байна.
Эхний ээлжинд хот өөрийн санхүүжилтээр жишиг болгож Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд сервис центр төв барихаар 2018 онд нийслэлээс таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Одоогийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) гарсан. Харин ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө хийснээр энэ дөрөвдүгээр сараас барилгын ажилдаа орно. Үүнээс гадна гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж өмнөх Засгийн газрын үед БНХАУ-ын буцалтгүй тусламжаар олгох хоёр тэрбум юань, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дэд бүтцэд шаардлагатай байгаа 192 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүд нь бүгд шийдчихсэн байгаа. УИХ, Засгийн газар, хот, хариуцсан яамд гээд холбогдох газрууд нэгдсэн бодлогын хүрээнд дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.
-Гэр хороололд дэд бүтцийг шийдээд өгчихлөө. Иргэдийг ипотекийн зээлд хамруулж амины сууц барихад нь дэмжлэг болох талаар бас яригдаж байгаа. Та энэ тал дээр юу хэлэх бол?
-Одоогийн байдлаар ипотекийн зээлийг зөвхөн орон сууцанд олгож байгаа. Гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх хүрээнд гэр хороололд амины орон сууц барихад ипотекийн зээлийг олгоё гэсэн санал гаргасны дагуу хариуцсан газрууд нь одоо ид ажил болгохоор судалж, ажиллаж байна.
-Иргэд түрээсийн орон сууцаа өмчилж авах боломж нээгдэнэ гэж байсан?
-Орон сууцны хороолол болгон хөгжүүлэх төвийн бүсийн гэр хороолол бодлогын хүрээнд нийслэл түрээсийн болон орлогод нь нийцсэн орон сууц гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, энэ хавраас барилгын ажил нь эхэлнэ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороо буюу Ханын материалд таван га газарт түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг барихаар БНХАУ-ын урт хугацааны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэнэ. Залуу гэр бүлийг дэмжиж, сар бүр тодорхой бага мөнгө төлөөд 10-15 жилийн хугацаанд орон сууцаа өмчилж авах боломж бүрдүүлэх юм.
Харин орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр нь тухайн хүний орлогод нийцсэн хэмжээ талбайтай, орон сууц худалдаж авсан тухайн газартаа ажлын байр бий болгохыг төрөөс дэмжиж, өөрийн орон сууцтай болох боломжийг бүрдүүлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг ямар байдлаар яаж явуулах вэ гэдэг дээр өнгөрсөн онд бичиг баримт, хууль, дүрэм боловсруулалт дээр ажилласан бол энэ жилээс дээр дурдсан тодорхой ажлууд эхэлнэ.
-Зуун айлын “Ногоон нуур”-т 1000 айлын орон сууц баригдахаар шав тавигдаж байсан. Энэ ажил хэр урагштай байна вэ?
-БНХАУ-ын Ерөнхий сайдын буцалтгүй тусламжаар долдугаар хорооны нутаг дэвсгэр “Ногоон нуур”-ын хойд дэнжид 1008 айлын түрээсийн орон сууц барина. Энэ орон сууц бол газраа чөлөөлсөн 1008 айлын газраар нь шууд солих маягаар орон сууцанд оруулаад үргэлжлэх ажил юм. Энэ нь өмнөх Засгийн газрын үед шийдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, газрыг орон сууцаар солих хот төлөвлөлтийн цоо шинэ төсөл. Ингэснээр цаашид газар чөлөөлөлтийн зардал багасна. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр БНХАУ-ын Бугат хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажлын албаны дарга Ли Юн Жян болон бусад албаны төлөөлөгч нартай уулзаж “Ногоон нуур орчмын түр оршин суурьших орон сууцны хотхон” барих төслийн ажлыг явцтай танилцаж, санал солилцлоо. Барилгын ажлыг хавраас эхлүүлнэ.
-Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах вэ. Цахимаар газар олгож байсныг зогсоочихсон байгаа?
-Газар олголт, өмчлөлийг явуулахдаа цахим хэлбэрээр явуулахыг зогсоосон. Учир нь цахим өмчлөлтэй холбоотой маш их гомдол гарсан. Дөнгөж төрсөн хүүхдэд хүртэл газар өмчлөх шийдвэр гаргасан байсан нь эргээд хуультайгаа зөрчилдсөн. Мөн нэлээд олон хүн цахимаар олгосон газраа цуцалъя гэдэг санал ирүүлсэн. Учир нь жалга, гуу, уулын орой гэх мэт хүн амьдрахын аргагүй газруудад газар олгосон байсан. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд цахим газар олголтоос үүдсэн хийгээд газрын зөрчилтэй асуудлыг цэгцлэх ажил хийлээ. Одоо хуучнаараа буюу иргэдийн хүсэлт гаргасны дагуу газар олгож байгаа.
-Нийтийн тээврийн шинэчлэл хийнэ гэсэн. Ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?
-Өнгөрсөн онд нийтийн тээврийг цахимжуулж, олон улсын жишигт нийцүүллээ. Ингэснээр нийтийн тээврийн бодит судалгаа бий болж байна. Одоо нийтийн тээврийг CNG газ руу шилжүүлэх ажлыг хийж байна.
Хэдий болтол гудамжаар хар утаа хаясан автобус үйлчилгээнд явсаар байх билээ. Хот энэ асуудлыг шийдэх гарц, шийдэл дээр ажиллана. Энэ ондоо CNG шинэ автобусуудыг оруулж ирнэ.
-“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэрхэн яаж дүгнэх вэ. Өнөөдөр хэдэн хувьтай явж байна вэ?
-Аз жаргалгүй байгаа учраас аз жаргалтай хот болохын төлөө зорилт тавьж, тодорхой ажлууд хийж байгаа. Хот маань шороо тоостой, түгжрэлтэй, бухимдалтай байгаа юу гэвэл тийм. Үүнээс салж бүгдээрээ сайхан амьдаръя гэдэг үүднээс “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Миний хувьд энэ нэрнээс ичээд байх зүйл алга. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэ хөтөлбөрийн дөнгөж эхний жил нь өнгөрч байна. Ямартай ч гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх, ипотекийн зээл олгож эхлэх гэх мэтээр нааштай сайн ажлуудын эхлэл тавигдаж байна.