П.Товуудорж: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 20 хувьд хүргэх зорилт тавьсан

Эрчим хүчний яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга П.Товуудоржоос цөөн асуултад хариулт авлаа.

-Нүүрс эрчим хүч үйлдвэрлэгч. Тиймээс нүүрсний уурхай дагасан эрчим хүчний хэрэглээг хэрхэн хангах вэ?

-Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах эрчим хүчний суурь дэд бүтэц чухал гэдгийг бид ойлгож байгаа. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монголын нийт 330 гаруй сум, сууринд цахилгаан эрчим хүч холбосон. Эрчим хүчний хэрэглээ жилд 10-12 хувийн өсөлттэй байна. Тиймээс эрчим хүчний шинэ эх үүсвэрийг барьж байгуулах шаардлага тулгарч байгаа. Манай эрчим хүчний компаниуд 100 хувь төрийн өмчит. Тиймээс гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчинг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын өнөөдрийн үнийн хараат байдлаас ангижрах зэрэг хэд хэдэн үе шаттай арга хэмжээ авах, эх үүсвэрүүдийг барьж, байгуулах бодлогын өөрчлөлтөд шилжих ёстой.

2010 онд Концессын тухай хууль гэж гарсан нь ахиц дэвшил болсон гэж ойлгож байгаа. Ялангуяа, Эрчим хүчний яамнаас говийн бүсэд үүсээд байгаа стратегийн ордуудын эрчим хүчний хангамжийг найдвартай хангахын тулд уурхайн аман дээрх цахилгаан станцыг барьж байгуулах нь зүйтэй. Жишээлбэл, Тавантолгой ордыг түшиглэн Баруун, Зүүн цанхийн эрчим хүчний нүүрсийг ашиглаад 220 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих боломжтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Тавантолгойн ордод эхний ээлжинд 300 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц барих ТЭЗҮ нь хийгдсэн. Үүнийг барихад хоёр үндсэн түүхий эд болох нүүрс, ус байхад л хангалттай. Эхний ээлжинд Тавантолгойн цахилгаан станцыг барья. Цаашид өргөтгөе. Зөвхөн нүүрсээр ажилладаг цахилгаан станц гэхгүйгээр байгаль орчин, олон улсын чиг хандлагыг ч баримтлах учиртай. Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг өргөжүүлэх шаардлага үүсэж байна. Энэ хүрээнд бид тодорхой хэмжээний нар, салхины эрчим хүчийг хослон ажиллуулахаар шийдвэрлэж, гэрээ хэлцэл хийгээд явж байгаа. 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг 20 хувьд хүргэх зорилт тавьсан.

-Эрчим хүчний үнэтэй холбоотой алдагдалыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Эрчим хүчний үнэ Засгийн газар, улс төрөөс хараат байгаа. 2010 онд УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан. 2014 он хүртэл эрчим хүчний салбарын үнийг индексжүүлэх, чөлөөлөх арга хэмжээ авахаар тогтсон. Харамсалтай нь бидний төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжиж чадахгүй байна. Эрчим хүчний үнэ өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс нэмэгдэхээр бүх компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдаад явсан. Харамсалтай нь сонгуулийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвшөөрөл гараагүй. Сая нэмэгдэх байсан ч үнэ хөдлөөгүй байгаа. Станц, уурхай, дагаад төмөр зам бүгд алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн оны долдугаар сарын байдлаар эрчим хүчний компаниудын нийт алдагдал 54 тэрбум төгрөгт хүрсэн. Эрчим хүчний компаниуд зарим шаардлагатай хөрөнгө оруулалт, их засварынхаа зардлыг танахаас аргагүй байдалд оруулсан. Байдал өөрчлөгдөхгүй байгаа нь салбарын найдвартай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.