Рио Тинтогийн захидал ба Монголын боломж

Mongolian Economy
2021-09-02 12:25:01
Ангилал: Уул уурхай

Оюутолгой төслийн “Рио Тинто” групп, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээр үргэлжилж байгаа билээ. Ерөнхийлөгчийн сонгууль, зуны амралттай холбоотойгоор хэсэг хугацаанд зогссон гэж хэлж болно. Харин намрын их ажил ундарсан энэ өдрүүдэд Рио Тинто группээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд, Засгийн газарт захидал ирүүлсэн нь хэлэлцээрийн явцыг хөдөлгөөнд оруулав.

Захидалд тусгасан саналуудыг тоймловол:

1. Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлогоос гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөг буюу 350 сая ам.доллар төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах.

2. Гүний уурхайд хөндлөн малталт хийж эхлэхээс өмнө УУХҮЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр гүний уурхайн нөөцийг батлуулах ёстой бөгөөд гүний уурхайн ТЭЗҮ-ийг тус зөвлөлөөр дахин хянуулах.

3. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдох 2.3 орчим ам.долларын өрийн хэмжээг бууруулах, хэлэлцээр хийх

4. Лондоны Арбитрын шүүхэд Засгийн газраас гаргасан сөрөг нэхэмжлэлээ түр азнах

5. Засгийн газрын эзэмшиж буй, “Оюу толгой” компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар зөвлөлдөж болно гэжээ.

Засгийн газар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр дээрх саналуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Рио Тинто групптэй хэлэлцээр хийж буй Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар дараах байдлаар байр сууриа илэрхийллээ:

“Гүний уурхайн ТЭЗҮ-ийг тус зөвлөлөөр дахин хянуулахад татгалзах зүйлгүй. Монголын Засгийн газрын авсан зээлийн хүү дунджаар найм орчим хувь. Хүүгээс хүү тооцдог тул манайд дарамттай. Энэ төслөөс ногдол ашиг хүртэх хугацааг наашлуулах боломжтойг дуулгалаа. Ажлын хэсэг энэ долоо хоногтоо хуралдаж Рио Тинтогийн саналын талаар ярилцаж, дараа нь Засгийн газарт танилцуулна. Б.Болд тэргүүтэй Рио Тинтогийн захирлууд Монголд ирсэн учраас ойрын хугацаанд хэлэлцээ хийнэ. Ажлын хэсэг дэргэдээ хууль, санхүү, технологийн гэсэн гурван зөвлөх баг ажиллуулна. 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана. Оюутолгойн гүний уурхайн олборлолт яаралтай эхлэх ёстой бөгөөд үүнд Засгийн газраас хамаарах зүйл байхгүй” гэлээ.

Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго Лондоны Арбитрын шүүхэд гаргасан татварын хоёр акттай холбоотой маргааныг “Оюу толгой” компани өөрөө эхлүүлсэн учир маргаан цаашид үргэлжилнэ, Рио Тинто групп 350 сая ам.доллар төллөө гээд маргаан зогсохгүй гэдгийг хэллээ. Тэрээр далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох талаар аль ч тал санал гаргаагүйг онцлоод 34 хувийг хэрхэн талаар шийдээгүй байгаа гэж мэдээлэв.

Ийнхүү “Оюутолгой” хэмээх шатрын өрөг дээрх нөхцөл байдал Монголын хувьд эерэг болж ирлээ. Монголын талын хүсэл бол хөрөнгө оруулалт, санхүүжилттай холбоотой гэрээг Монголын хуулинд нийцүүлэх, татварын горимоо тодорхой болгох, Засгийн газрын эзэмшлийг 53 хувьд хүргэх.

Харин Рио Тинто группийн хувьд хэлэлцээрийн ширээний ард сууж, тодорхой асуудлуудаар ярилцаж, үр дүнд хүрч, төслийг үргэлжлүүлэхээ илэрхийлж байна гэж ойлгож болохоор байна. Рио Тинтогийн тавьсан саналаас харвал тодорхой асуудлуудаар шийдэл эрэлхийлж, монголчуудад илүү боломж олгохыг хүссэн нь харагдаж буй. 350 сая ам.доллараас гадна, хүүг бууруулах, хувь эзэмшлийн бүтцэд өөрчлөлт оруулах боломжтой гэсэн саналууд нь манай талын хувьд томоохон боломж гэж эдийн засагчид, судлаачид, бизнесмэнүүд олон нийтийн сүлжээнд бичсэн байна.

Монголын тал саналын хүрээнд ямар тактик боловсруулж хэлэлцэх, олгосон боломж, саналуудын хүрээнд ямар үр дүн гаргаж болох, тэр хүрээнд судалгаа шинжилгээг сайтар хийж, хэлэлцээрийн ширээний ард суух нь зүйтэй юм.

Ер нь бол Рио Тинто ч, Монголын тал ч гүний уурхайн төслийг зогсоохыг хүсэхгүй байгаа. Монголын талын ажлын хэсэг ямар санал боловсруулахаас олон зүйл хамаарах нь тодорхой болж байна.

Гэхдээ ашигтай гэрээ байгуулж чадах уу гэдгээс илүү чухал асуулт бол “Ашигтай гэрээ байгуулахад саад болох хамгийн том аюул юу вэ?” Өөрөөр хэлбэл, мөнгөний үнэр авсан, таатай нөхцөл байдлыг ашиглах гэсэн улстөрчид олон нийтийн дунд популист кампанит ажил өрнүүлж, эсвэл хувийн бизнестээ тэр мөнгийг ашиглах оролдлого гаргахгүй гэсэн баталгаа бий юу?

Тиймээс бид Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой улстөрчдийн мэдэгдлүүдэд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Үнэхээр л улс оронд, ард иргэдэд өгөөжтэй гэрээ байгуулъя гэж байгаа бол элдвийн сэтгэл хөөрөл, сүржин мэдэгдлээс ангид, цэвэр ажил хэрэгч зарчмаар хандах ёстой. Аль аль талдаа ашигтай байх, аль аль талдаа буулт хийж, шийдэл хайх нь бизнесийн том хэлэлцээрийн үндсэн зарчим. Энэ хүрээнд хэлэлцээ цааш үргэлжлэх нь тодорхой юм.

Рио Тинтогийн саналыг нэг тал нь гэдийж, нөгөө нь буулт хийж байна гэсэн өнцгөөс харах ёсгүй

Монголын Засгийн газарт Рио Тинто группийн тавьсан саналын талаар уул уурхайн эдийн засагч Ду.Жаргалсайхантай товч ярилцав.

-Монголын Засгийн газар эн тэнцүү түвшинд хэлэлцээр хийж, өмнөх алдааг давтахгүйгээр ашигтай гэрээ байгуулахад юу шаардлагатай гэж та үзэж байна вэ?

– Рио Тинтогийн саналыг нэг тал нь гэдийж, нөгөө тал нь буулт хийж байна гэсэн өнцгөөс харах ёсгүй. Хоёр талд ашигтай, аль аль нь хүлээн зөвшөөрсөн шийдлийг эрэлхийлсэн санал гэж хармаар байна. Үүнийг монголчууд ойлгох хэрэгтэй.

Нөгөө талаар, энэ саналыг нь хүлээж аваад цаашаа ажил амар хялбар явна гэж бодохгүй байна. Оюутолгой төслийн Монголын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах гол үндэс нь хоёр талын хүчин чармайлт. Энэ төслийн монголчуудад ирэх өгөөжийг зөвхөн улсын төсөвт орох мөнгөөр хэмжиж болохгүй. Мэдээж энэ мөнгийг хэмжилгүй яахав. Харин энэ төслөөс орж ирж байгаа мөнгө боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, ажлын байр, бизнес гэх мэт нийгэм, эдийн засгийн олон салбарын хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ гэдэг нь хамгийн чухал.

Гэтэл энэ нөлөөллийг бид өнөөдөр хэмжиж чадахгүй байна. Хэмжих шалгуураа боловсруулаагүй байна.

Оюутолгой хэмжээ нь л том болохоос ялгаагүй олон мянган компанийн нэг нь. Оюутолгой шиг төслүүдийн төрөл бүрийн салбарт өгөх өгөөжүүдийг ангилаад, тоон утгаар нь хэмжиж болдог шалгууруудыг боловсруулах ёстой. Жишээ нь, санхүүгийн салбарт ирэх үр өгөөжийг нь яаж хэмжих юм. Боловсролын салбарынхыг нь яаж тодорхойлох юм гэх мэт. Аль аль нь ойлгомжтой байх ийм хэмжүүр, шалгуур үзүүлэлтгүй бол хоёр талын байр суурийг ойртуулах, нэгдмэл болгоход их хэцүү. Энэ төсөлд мөнгөөр хэмжигдэхгүй үр өгөөж маш их байгаа.

Ер нь бид хувийн компаниудын хувь нэмэр нийгэм, эдийн засагт яаж нөлөөлдгийг хэмжиж чаддаггүй. Хувийн бизнес эрхэлж байгаа хүнийг зөвхөн ашгийн төлөө ажилладаг гэж л хардаг. Хүн ажилтай байна гэдгийг зөвхөн цалингаар хэмжихгүй. Ажилтай хүн эрүүл, зорилготой, гэмт хэрэг үйлдэхгүй гэх зэргээр нэг хүнийг ажлаар хангах нь олон асуудлыг зэрэг шийддэг.

-Рио Тинтогийнхон 2024 он хүртэл гурван жилийн хугацаанд жил бүр 350 сая ам.долларыг төсөвт оруулъя гэсэн санал тавьсан нь дараагийн сонгуультай холбоотой заль байж магадгүй гэсэн хардлага байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

– Хэн нэгэн санал тавихад болгоомжилж хүлээж авдаг нь хүнд байдаг мөн чанар. Хардлага бол бидний зүй ёсны мэдрэмж. Харин тэр хардлагыг тайлдаг арга нь юу хүсээд байгаагаа сайн мэддэг, тэрийгээ цаад талдаа ойлгуулах хэмжүүр, үзүүлэлттэй байх. Өөрийн хүсэл зорилгыг шинжлэх ухааны аргаар хэмжиж болохуйц түвшинд боловсруулж чадахгүй бол хардлага тасрахгүй.

Оюутолгой төслийн иргэн болгонд ирэх өгөөжийг яаж тодорхойлохоо бид өнөөдөр мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа учраас аль нэг даргын үгээр Оюутолгойн төслийг сайнаар ч, муугаар ч тайлбарлаж болоод байна.

Түүнчлэн зарим эдийн засагч, бизнесмэн Рио Тинто-гийн саналын талаар ямар бодолтой байгааг жиргээнээс тандлаа:

М Си Эс группийн Дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин:

“Хэлэлцэж эхлээгүй ч Оюутолгойн хэлэлцээр ахицтай л байгаа юм байна. Рио Тинто зээлийн хүүгээ буулгая, нэмж 350 сая доллар өгье, эзэмшлийн бүтцээ үндсээр нь өөрчлөх талаар ярилцья гэжээ”.

Санхүүч, шинжээч А.Билгүүн:

“Рио Тинто манай засагтай хамтран ажиллах тодорхой алхмуудыг хийсэн нь эерэг дохио. Риод байгаа Монгол захирлуудын хувь нэмэр их бий”.

“Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл:

“Оюутолгой төслийн Монголын талд очих орлогыг нэмэгдүүлэх, хүүг буруулах, шаардлагатай бүтцийн өөрчлөлт хийхэд бэлэн гэж санал хүргэсэн байна. Засгийн газрын ажлын хэсгийн хэлцэл үр дүнгээ өгч эхэлж байна. Хоёр талын байр суурийг нэгтгээд шийдэлд хүрвэл манай эдийн засагт том түлхэц өгөх нээ.”

“Рио Тинто”-ийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал

“Оюу толгойн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын үр өгөөжийг нэмэгдүүлэх саналыг Засгийн газарт тавьсан. Ойрын үед хэлэлцээгээ үргэлжлүүлж харилцан ашигтай үр дүнд хүрэхийн төлөө ажиллана.”

 

 

 

 

 

Mongolian Economy