“Рио+20” тогтвортой хөгжлийн замыг тодорхой болгоно

Дэлхий нийтээр тогтвортой хөгжлийн замналаа дүгнэж, тодорхойлох дээд хэмжээний “Рио+20” бага хурал ирэх сарын 13-22-нд Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус уулзалтад нийт 140 гаруй улс орны төлөөлөгчид оролцох бөгөөд хурлаар нэгдүгээрт, тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах хүрээний ногоон эдийн засаг, хоёрдугаарт нь тогтвортой хөгжил засаглалыг бэхжүүлэх гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна. Түүнчлэн тогтвортой улс орон тус бүр 1992 онд баталсан Тогтвортой хөгжлийн үндэсний хөтөлбөрийнхөө хүрээнд 20 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрсэн, алдаа оноогоо дүгнэх аж.

Манай улсын хувьд тус уулзалтад ихээхэн ач холбогдол өгч БОАЖ-ын сайд Д.Цогтбаатараар ахлуулсан ГХЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон холбогдох иргэний нийгмийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг гарган ажиллаж байгаа аж. Тэдний хийж буй гол ажил нь хурлын үеэр хэлэлцүүлэх Тогтвортой хөгжлийн үндэсний илтгэл болон Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нөөцийн талаарх хоёр илтгэлийг бэлтгэж буй аж. Түүнчлэн тус хурлын үеэр улс орныхоо тогтвортой хөгжлийн чиг баримжааг болон сэргээгдэх эрчим хүчний талаар танилцуулах гадаа талбай дахь үзэсгэлэн хамгийн чухал үйл ажиллагаанын нэг гэдгийг БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Түмэнжаргал онцолсон. Учир нь тус уулзалтын үеэр олон улсын донор, хандивлагч байгууллагуудын анхаарлыг улс орондоо татах томоохон боломж гарч буй гэдгийг ч тэрбээр хэлсэн. Ийнхүү манай улсаас Засгийн газрын болон Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүн гэсэн хоёр хэсэг “Рио+20” уулзалтад очихоор бэлтгэж байна.

Мөн манай улсын хувьд тогтвортой хөгжлийн чиг баримжаагаа бусад оронтой жишиж, алдаа оноогоо эргэж харах, бусад орны туршлагаас суралцах ихээхэн ач холобгдолтой хурал болохоороо онцлог аж. “Рио+20” уулзалтын бэлтгэл ажил болгон өнгөрсөн гуравдугаар сард Олон улсын тогтвортой хөгжлийн шинжээчид хуралдаж, улмаар энэ сард тухайн орнуудын тогтвортой хөгжил хариуцсан нарийн бичгүүд уулзаж, Ногоон эдийн засгийн үзэл баримтлалын тунхаг бичгээ эцсийн хэлэлцүүлгээр оруулсан байна. Олон шат дамжсан Тогтвортой хөгжлийн тунхаг бичгийг “Рио+20” уулзалтаар албан ёсоор батлах аж. Үүний дараа улс орнууд хөгжлийн шинэ замын гарцыг тодорхойлсон тунхагийг мөрдөж эхлэх юм.