Роснефть Аляскад байгалийн хий, газрын тосны талбай эзэмших эрхтэй боллоо

Роснефть компани “Point Thompson Alaska”-ийн газрын тос, байгалийн хийн орд газрын 25 хувийг эзэмших гэрээг “Exxon Mobil” компанитай байгуулжээ. Уг гэрээг Арктикт хийх Оросын томоохон хамтын ажиллагаануудын эхлэл болгон хийж байгаа аж. Роснефтийн тэргүүн Игорь Сечин, “Exxon Mobil”-ын захирал Стивен Грийнлий нар 2011 онд байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээгээ өргөжүүлэн Арктикт хамтарсан хайгуулын ажил хийх гэрээнд гарын үсэг зуржээ.

Уг гэрээг байгуулснаар Аляскийн хамгийн том ордуудын нэг, одоогийн “Exxon Mobil” компанийн үйл ажиллагаа явуулдаг газарт хайгуулын ажил хийх боломжтой болж байгаа юм . Игорь Сичений хэлж байгаагаар уг төсөлд оролцсноор Роснефть компани Аляскийн хойд эргийн байгалийн хийн баталгаат нөөцийн дөрөвний нэгийг нээн илрүүлэх, мөн цаг агаарын хүнд нөхцөлд орчин үеийн техник технологийг ашиглан шингэн түлш гарган авах боломжтой болох аж.

Үүний хариуд “Exxon Mobil” Арктикт Оросын эзэмшлийн 600.000 акр талбайд (2428 км2) хайгуулын ажил хийх эрхтэй болох аж. Энэхүү 600.000 акр талбай нь хамгийн бага судлагдсан, мөн баялаг ихтэй байх магадлалтай талбай юм байна.

“Point Thompson” нь Аляскийн хойд хэсэгт байрлах газрын тос, байгалийн хийн баялаг бүхий газар нутаг юм. Анх 1960 онд нээгдсэн бөгөөд уг ордын хувьцаа эзэмшигчид 2016 оноос байгалийн хийн бүтээгдэхүүн боловсруулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Уг талбайд найман их наяд куб тохой байгалийн хийн нөөцтэй гэх тооцоо байдаг. Түүнчлэн хэдэн зуун сая баррель газрын тос байгаа гэх. Хэрэв эдгээр тооцоо зөв бол тус орд газар нь 100 тэрбум ам.долларын үнэ бүхий нөөцтэй гэсэн үг юм.