“Роснефть” БНХАУ-тай хамтарна

“Роснефть” компани газрын тосоор арвин зүүн Сибирийн орд газрын нөөцөө БНХАУ-ын “China National Petroleum Corp” (CNPC) корпорацитай хуваалцахаар болжээ. Өнгөрсөн баасан гарагт хоёр тал харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон байна. Өнгөрсөн сард манай урд хөрш нефть импортоороо АНУ-ыг гүйцэж түрүүлжээ. Харин хойд хөрш нефть үйлдвэрлэлээрээ хамгийн томд тооцогддог. Манай хоёр хөрш өмнө нь газрын тосны урт хугацаат нийлүүлэлтийн гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж байсан удаатай.

“Роснефть”-ийн цэвэр өрийн хэмжээ 57 тэрбум ам.долларт хүрсэн ч гандан бууралгүй, Хятадын корпорацитай түншлэхээр эрс шулууджээ. Учир нь Зүүн Сибирийн орд газрын нөөц хангалттай их бөгөөд ирэх онд нэг сая, 2017 оноос жилд тав гаруй сая тонн нефть олборлох төлөвлөгөөтэй байна. Цаашдын хамтарсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээний хувьд 51 хувийг “Роснефть”, 49 хувийг CNPC тус тус эзэмших төлөвтэй байна.

“Uralsib Capital” брокерийн компанийн Алексей Кокин “Хятадын компаниуд дэлхийн хэмжээнд анхан шатандаа хэрэгжиж буй төслүүдэд оролцох сонирхолтой байгаа бөгөөд энэ нь ч дэлхий нийтийн хандлага юм. Үүний нэгэн адил “Роснефть” компани CNPC корпорацитай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж буй. “Роснефть”-ийн нөөц хэзээ нэгэн цагт дуусах нь тодорхой учраас Хятадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гэдгийг тэд ойлгосон хэрэг” гэжээ.

Зүүн Сибирийн газрын тосны орд газар нь Номхон далайтай ойрхон байрлах тул “Роснефть” шугам, хоолойгоор дамжуулан БНХАУ руу өдөрт 300 мянган баррель нефть тээвэрлэдэг аж. Энэ оны эхээр нийлүүлэлтийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр харилцан зөвшилцсөн байна.

Харин CNPC корпорацийн нэрээ нууцалсан нэгэн эрхэм дээрх гэрээ, хэлэлцээрийг цаашид улам нарийвчилсан байдлаар хийж байгаа талаар мэдэгдсэн юм. Тэрбээр “Хоёр тал гэрээ, хэлэлцээрийг эцсийн байдлаар байгуулах эсэх нь худалдааны нөхцөл ямар байхаас шалтгаална” гэжээ. Харин “Роснефть”-ийн хувьд Хятадын “Sinopec” компанитай дээрхтэй төстэй гэрээ байгуулсан бөгөөд Бүгд Найрамдах Удмурт улс дахь Уралын нурууны баруун хэсэгт хамтарсан үйл ажиллагаа явуулж байгаа аж.