РРР түншлэлээр 10 орчим төслийг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо

ТӨХ-ны зөвлөх Д.Байлийхүүтэй уулзаж, түншлэлийн төслүүдийн талаар тодрууллаа.

-Концессын тухай хууль батлагдаад нэг жил боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулсан бэ?

-Концессын хууль нь манай улсад шинэ зүйл. 1980-иад оны Мардайн ураны ордод хийсэн Концессын гэрээг эс тооцвол өмнө нь хийж байгаагүй ажил. Бид төр хувийн хэвшил, түншлэлийн талаар баримтлах бодлого болон энэ чиглэлийн хуулийг гаргах гэж бараг 10 шахам жил зарцуулсан. Одоо хууль болон бодлого нь гарсан боловч амьдралд хэрэгжүүлэхэд бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл их байна. Бид төр, хувийн хэвшил, түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслөө зөв сонгохоос эхлээд хийх ажил их бий. Өнгөрсөн жил Засгийн газраас ойрын жилүүдэд төр, хувийн хэвшил, түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж болох төслүүдийн жагсаалтыг батлан гаргасан ба энэ жагсаалтад 120 гаруй төсөл орсон. Гэтэл үүнээс яг аваад хэрэгжүүлэх бэлэн төсөл нь 10 ч хүрэхгүй цөөхөн байна. Одоогоор дээрх төслүүдээс хоёрыг нь сонгоод нийтэд зарласан. Бидний хүсч буй шаардлагыг хангасан оролцогч хэр олон ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Хувийн хэвшлийнхэн чинь өөрт нь ашиггүй л бол төрийн зүгээс хийлгэх ажилд тэр бүр орохгүй шүү дээ. Үүнээс гадна дэд бүтцийн төслүүдэд төрийн зохицуулалтын орчин нь тодорхой, ойлгомжтой, өөрөөр хэлбэл, урт хугацаанд тогтвортой байж л бусдын ялангуяа бидний хүсдэг том хөрөнгө оруулагчид орж ирнэ. Гэтэл дээрх төслийн ихэнх хувь нь энэ талд тун хангалтгүй байна. Бид энэ талаар цаашдаа их зүйл хийх шаардлагатай. Үүнээс гадна манай зүгээс өөрийн хүмүүсийг сургаж бэлтгэх талаар манайд тусалдаг донор орнууд болон олон улсын байгууллагуудтай хамтарч хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа. Эдгээр төслүүдийн хүрээнд 20 гаруй мэргэжилтнийг гадаад орнуудад сургаж дадлагажуулах ажлыг зохион байгууллаа. Мөн дотоодоо холбогдох яамд болон орон нутгийн засаг захиргааны ажилтнууд, хувийн хэвшийнхэнд зориулсан сургалтыг 10 гаруй удаа хийсэн.

-Ойрын хугацаанд ямар төслийг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэхээр зорьж байна вэ?

- Өмнийн говьд авто зам барих хоёр төслийн тендер зарлаад байна.

-Концессын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах- аар зүйл ажиглагдсан гэж зарим бизнесмэн ярьж байна лээ. Ер нь энэ хууль хэр чанартай болсон бэ?

-Хуулийн хувьд олон жил ярьж хэлэлцэж байж батлагдсан шүү дээ. Гаднынхны туслалцааг ч авсан. Ялангуяа АХБ анхаарал ихэд хандуулж, туслалцаа үзүүлсэн. Энэ утгаараа сайн хууль болсон. Ойрын үед энэ хуулийг шууд өөрчлөх шинэчлэх тухай асуудал гарахгүй байх. Харин зарим төслийг хэрэгжүүлэх явцад тодорхой болгох зүйл гарахыг үгүйсгэхгүй.

- РРР түншлэлийн төслийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод явуулах чиглэлээр ямар санаа оноо байгаа бол.

-Яг одоогоор хэрэгжээд эхэлсэн төсөл байхгүй байна. Зарласан төслийг нийтэд сурталчлах, шалгаруулах, ялагчыг сонгох болон хэрэгжилтийн явцын талаар үнэхээр нийтэд тогтмол мэдээлж ил тод байх нь төслийг үр дүнтэй болгох хамгийн чухал зүйл. Одоо ил тод байх талаар маш их ярьдаг, шаардах ч болсон цаг. Иймд энэ асуудалд нэлээд ахиц гарах байх аа. Бид ч хичээж байгаа.