Р.Мөнхтуяа: Хаан банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжсэн, стратегийн хөрөнгө оруулагч болох зорилготой

Sarangerel
2025-10-03 09:58:45
Ангилал:

Дэлхий дахин цар тахалтай нүүр тулсан 2020 оны өвөл, шинэ он гарахаас хэдхэн хоногийн өмнө ХААН Банкны Төлөөлөн удирдах зөвлөл нэгэн томилгоо хийсэн нь Монголын банк санхүүгийн салбарын түүхэнд тод шийдвэр болон үлдсэн юм. Энэ бол ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар Рэнцэнбатын Мөнхтуяаг томилсон явдал байв. Түүхэн томилгоо гэж тодотгосны учир нь ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар анх удаа эмэгтэй хүн ажиллах болсонд оршиж байгаа юм. Монгол Улсын ууган, хамгийн том арилжааны банкийг өмнө нь гадаад, дотоодын эрэгтэй захирлууд удирдаж байв. Монгол Улсын хамгийн олон харилцагчтай, хамгийн олон салбартай гээд хамгийн, хамгийн үзүүлэлтийг өөртөө агуулдаг банкийг эмэгтэй хүн удирдахаар болсон нь цар тахлын хүнд хэцүү цагийг зөөллөсөн, эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн шийдвэр болсон билээ. Ингэж л Р.Мөнхтуяа захирал Монголын системийн ач холбогдол бүхий таван банкны гүйцэтгэх удирдлагууд дунд ганц эмэгтэй захирал болж, эмэгтэй хүний нарийн нандин, эгэл даруу зан чанараар ялгарч, ХААН банкийг удирдаад хэдийнэ таван жил болж байна.

-ХААН Банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандсан бодлого явуулж, олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж байна. Яагаад бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд илүүтэй анхаарч байна вэ?

-Жендэрийн бодлого гэхээр эмэгтэй хүнд давуу байдал олгох гээд байгаа юм шиг ойлгодог тал бий. Тийм биш. Эн тэнцүү, тэгш байдал үүсгэх, эмэгтэйчүүдэд бизнес эрхлэхэд нь тулгарч буй асуудлыг шийдэхэд туслах, санхүүжилтээр дэмжих зорилго тавиад байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд нийтлэг ямар бэрхшээл байна вэ гэхээр зээл авахаар барьцаа хөрөнгө дутагдалтай, эрх мэдэл хүрэхгүй асуудлууд байдаг. Өрхийн бизнес эрхэлдэг айл байлаа гэхэд өмч нь өрхийн тэргүүний нэр дээр, орон сууц нь мөн нөхрийнх нь нэр дээр байх жишээтэй. Тиймээс ХААН Банк бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн 60 хувийн шаардлага тавьдаг бол эмэгтэй бизнес эрхлэгчдэд 40 хувь болгож сулруулсан.

Манай банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулж тусгайлсан гурван төрлийн бүтээгдэхүүн санал болгодог. Нэгдүгээрт, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн бизнесийн зээл бий. Нэг тэрбум төгрөг хүртэлх хэмжээтэй, 36 сарын хугацаатай, барьцаа хөрөнгийн шаардлага нь сул. Хоёрт, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн цахим шилжилтийг дэмжих зээлийг бид санал болгодог.

Цахим бүтээгдэхүүн болон хиймэл оюун ашигласан, техник технологи нэвтрүүлсэн тохиолдолд энэ зээлийг авах боломжтой. 36 сарын хугацаатай, нэг тэрбум хүртэлх төгрөгийн зээл олгох нөхцөлтэй. Энэхүү зээлийн гол онцлог нь техник технологийг амжилттай нэвтрүүлж дууссаны дараа нийт зээлийн дүнгийн 10 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг харилцагчид буцаан олгодог. Гуравт, эмэгтэйчүүдэд зориулсан кредит картын үйлчилгээ бий. Эмэгтэйчүүд илүү их үйлчлүүлдэг газруудаар кредит картаа уншуулан лояалти хөнгөлөлттэй үйлчилгээ авах боломжтой.

-Таны бодлоор бизнес эрхлэгч эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ? ХААН Банк энэ тал дээр ямар шалгуур тавьдаг вэ?

-Эмэгтэй бизнес эрхлэгчийн талаарх албан ёсны тодорхойлолт манай улсад хараахан байхгүй. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилгоор ХААН Банк олон улсад түгээмэл мөрдөж буй дараах шалгуурыг ашиглаж байна. Үүнд, тухайн бизнесийн 51 болон түүнээс дээш хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг байх, эсвэл тухайн аж ахуйн нэгжийн 20 болон түүнээс дээш хувийг эмэгтэйчүүд эзэмшдэг бөгөөд нэг буюу түүнээс дээш эмэгтэй гүйцэтгэх удирдлагатай, эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг байх шалгуур бий. Зарим улс Компанийн тухай хуульдаа энэ талаар тусгасан байдаг. Яагаад улс орнууд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж байна вэ гэхээр эмэгтэйчүүд санхүүгийн хувьд чадалтай, тогтвортой байх тохиолдолд тухайн улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Санхүүгийн боломжтой эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байдаг. Ер нь эмэгтэйчүүд санхүүгийн хувьд хүчтэй байвал хүүхдүүдийнх нь сургалтын чанар сайжирдаг. Тухайн гэр бүлийн гишүүд эрүүл, зөв амьдрах боломж нөхцөл бүрддэг. Эрүүл зөв хооллолт, амьдралын зөв хэвшил нь цаанаа өндөр боловсролтой, ирээдүйн эрүүл зөв иргэдийг бий болгодог ач холбогдолтой.

-ХААН Банк Монголд анх удаа Жендэр бонд гаргасан. Ийм бонд гаргахын гол зорилго юу вэ?

-Энэ бонд бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг тусгайлан санхүүжүүлэх бүтээгдэхүүн юм. Манай банк 213 сая ам.долларыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан гаднын эх үүсвэрээс татсан. Өөрийн эх үүсвэрийг ч мөн дайчлаад ажилласан. Нийт 30 тэрбум төгрөгийн мөнгөн дүнтэй, гурван жил буюу 36 сарын хугацаатайгаар Монголын хөрөнгө оруулагчид, эмэгтэй бизнес эрхлэгчид бие биенээ дэмжээсэй гэсэн бодлогоор Жендэр бондыг гаргасан юм. Бид өмнө нь олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд анхлан Ногоон бонд гаргасан туршлагатай. Нэг талаас бизнес эрхлэгчдэд санхүүжилт хэрэгтэй, нөгөөтээгүүр хөрөнгө оруулагчид нийгмийн хариуцлагын хүрээнд бусдыгаа дэмжих үзэл бодолтой байдаг.

Жендэр бондын хөрөнгө оруулалт нь өөр нэг эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих хэлбэр болно. Бид мөн эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор 1.4 их наяд төгрөгийн зээлийн бүтээгдэхүүнийг бий болгоод байна. Энэ оны эцэс гэхэд 1.9 их наяд төгрөгт хүргэх зорилготой. Гаднын банк санхүүгийн байгууллагаас эх үүсвэр татах ажлаа цаашид үргэлжлүүлэх болно. Манай эмэгтэйчүүд ч бие биенээ дэмжихдээ дуртай байдаг. Цаашдаа ХААН Банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжсэн, стратегийн хөрөнгө оруулагч болох зорилготой байгаа.

ХААН Банк бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгийн 60 хувийн шаардлага тавьдаг бол эмэгтэй бизнес эрхлэгчдэд 40 хувь болгож сулруулсан

-Жендэр бонд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд ямар ашиг тустай вэ?

-Хоёр талын ашиг тустай. Нэгдүгээрт, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг санжүүжилтээр тасалдалгүй хангах юм. Хоёрдугаарт, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ чадавхжуулах сургалтуудыг бид “Бизнес төв”-үүд, ЖДБ-ийн академиараа дамжуулж тасралтгүй явуулна.

Манай эмэгтэйчүүд ихэнхдээ жижиг, дунд бизнес эрхэлдэг. Бизнесээ томруулахын тулд удирдаж буй хүн нь алсын хараа, эрхэм зорилгоо стратегийн түвшинд хардаг байх хэрэгтэй. Бизнесийнхээ 3-5 жилийн цаадах зургийг харах хэрэгтэй. Бизнесээ хэдэн жилийн дараа ийм түвшинд хүргэнэ, стратегиа ингэж тодорхойлно гэсэн том зургаар харахад нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хувь нэмэр оруулах үүднээс бид чадавхжуулах сургалтуудыг хийгээд байгаа юм. Зөөлөн ур чадварыг нь сайжруулна гэсэн үг.

-Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн сахилга бат хэр сайн байдаг вэ?

-Миний бодлоор монгол эмэгтэйчүүдийн санхүүгийн сахилга бат сайн шүү. Зээлийн хугацаа хэтрэлт бага буюу ердөө 2 хувьтай байдаг. Манай банкны хувьд 2024 оны эцсийн байдлаар банкны системд хугацаа хэтэрсэн зээлийн түвшин хамгийн бага буюу 4.0 хувьтай байна. Эмэгтэй бизнес эрхлэгчдийг тусад нь салгаж харвал 1.0-2.0 хувь байдаг. Эмэгтэйчүүд маань зээлээ хугацаандаа төлдөг, хугацаандаа төлөхийг эрмэлздэг. Тийм учраас манай банк эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зорьж ажиллаж байна.

-Танай банк Тогтвортой хөгжлийн зорилгуудад хувь нэмэр оруулахад манлайлж ажилладаг?

-Манай банк 2018 оноос хойш Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг бүх үйл ажиллагаандаа уялдуулж, энэ чиглэлээр ихээхэн ажил хэрэгжүүлж ирсэн. 2020 оноос дотооддоо дагаж мөрдөх Тогтвортой хөгжлийн бодлогыг баталснаас гадна брэндийн шинэчлэлийн хүрээнд үнэт зүйлдээ “Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллана” гэж тусгасан. 2024 оны жилийн эцсийн байдлаар манай ногоон зээлийн багц 712 тэрбумд хүрч, нийт банкны системийн ногоон зээлийн багцын 52.6 хувийг дангаар бүрдүүлж байна. 2025 оны эцсийн байдлаар нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгохоор зорьж байна. Манай банкны 2024-2026 оны дунд хугацааны тогтвортой бизнес төлөвлөгөө ч мөн Тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийг дэмжихэд чиглэсэн.

Тогтвортой дунд хугацааны төлөвлөгөөг бид анх удаа боловсруулж, тогтвортой хөдөө ахуйн чиглэлээр бизнесийг яаж хийвэл амжилтад хүрэх вэ гэдэгт анхаарал хандуулж байна. Өөрөөр хэлбэл, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мах, сүү, үр тариа, малын тэжээл, ноос ноолуур, арьс ширний салбарын бизнес эрхлэгчдийг кластераар нь дэмжих чиглэлд нэлээд ажил хийхээр төлөвлөөд байна. Тэргүүлэгч банкны хувьд орон нутгийн бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдэд цогц үйлчилгээ үзүүлэхээр 21 аймагт нийтдээ 24 “Бизнес төв” ийг байгууллаа. Харин Улаанбаатар хотод ийм 18 төв бий. Эдгээр төвөөр дамжуулж бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллах юм. Бүх аймагт төвүүд нээсэн нь тухайн бүс нутагт хөгжих боломжтой бизнесүүдийг судлах, шаардлагатай бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой.

Эмэгтэйчүүд маань зээлээ хугацаандаа төлдөг, хугацаандаа төлөхийг эрмэлздэг. Тийм учраас манай банк эмэгтэй бизнес эрхлэгчдэдээ санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зорьж ажиллаж байгаа

-ХААН Банкны удирдлага, ажилтнуудын хэдэн хувийг эмэгтэйчүүд эзэлж байна вэ?

-Үндсэн 4500 ажилтантай. Үүн дээр гэрээт ажилтнуудыг нэмбэл 6000 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Нийт ажилтны 69 хувь нь эмэгтэй. Манай банк гурван түвшний захирал менежерүүдтэй. 550 салбарын 550 захирал болон төв банктайгаа нийлээд 630 захиралтай. Дунд түвшний менежерүүдийн 60 орчим хувь нь эмэгтэй. Топ удирдлагын түвшинд 38 хувь нь эмэгтэйчүүд байна.

-Эмэгтэй захиралтай банкны онцлогыг та юу гэж дүгнэдэг вэ?

-Ажлаа хийх, банкийг удирдан чиглүүлэх тал дээр эрэгтэй, эмэгтэй захирлын ялгаа төдий л байхгүй болов уу. Уламжлалт, тогтсон ойлголт л жаахан ялгаатай. Биеийн хүчний биш, менежерийн буюу удирдахуйн ухааны ажил хийж буй учир адилхан байх. Эмэгтэй захирлын давуу тал нь зарим жижиг деталь том ажилд ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг сайн мэддэгт оршдог. Ажилтнууд сэтгэл хангалуун ажиллах, ар гэрийнх нь найдвартай байдал ажилд нь эергээр тусаж, том ажлыг үр дүнтэй гүйцэтгэхэд сайнаар нөлөөлдөг гэдгийг эмэгтэйчүүд мэддэг, ойлгодог.

-Ногоон бизнес гэж юуг хэлэх вэ?

-Байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэхийг л хэлээд байгаа юм. Тодруулбал, эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүч ашигладаг, ус, хог хаягдлын менежменттэй, тоног төхөөрөмж сонгохдоо байгальд ээлтэй сонголт хийхийг хэлнэ. Үндэсний хэмжээний хамгийн том банкны хувьд бусдадаа үлгэрлэх зорилгоор ХААН Банк цамхаг, Хүүхдийн 100 дахь Сөүл оффис, аймгийн төвүүд болон зарим сумын төвийн салбар нэгжийн барилгад нарны хавтангууд суурилуулсан. ХААН Банкны Сөүл оффисын барилгын дээвэр дээр анх нарны хавтан байрлуулахад эрчим хүчний хэмнэлт нь 12-13 хувь болж байсан. Эрчим хүчний хэмнэлт 22 хувь, түүнээс дээш байх стандарттай. Бид судалгаа хийгээд барилгын бүх шилэн фасадны оронд цонхны шилэн дээр нарны эрчим цуглуулдаг технологи суурилуулахад эрчим хүчний хэмнэлтийн хэмжээ 22 хувьд хүрсэн. Энэ бол Монголд анх удаа нэвтрүүлсэн технологи. Мөн банкны хэмжээнд бүх гэрэлтүүлэг, унтраалгаа сольсон. Хүн байхгүй үед өөрөө автоматаар унтардаг технологи юм.

Усны менежментийг хүмүүс их том зүйл гэж боддог. Гэтэл усны крантаа солихоос л эхэлнэ. Мэдрэгчтэй технологи буюу гараа ойртуулахаар ус гоожиж, холдуулахаар гоожихгүй. Энэ бүхэн бол ногоон бизнес юм. Дэлхий нийт ногоон технологи руу шилжиж байгаа болохоор сүүлийн үеийн технологийг худалдаж авч, солиход л болно. Үйлдвэрийн дамжлагуудыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй төхөөрөмж суурилуулах хэрэгтэй. Энэ нь ирээдүйд гарах 3-5 жилийн үйл ажиллагааны зардлыг хэмнэнэ. Эрчим хүчний 22 хувийн хэмнэлттэй нарны панел ашиглавал цахилгааны зардлыг 22 хувиар бууруулна. Мэдрэгчтэй гэрэлтүүлэгтэй бол зардлыг 22 хувиар хэмнэнэ. Усны менежмент хэрэгжүүлбэл усны зардлыг гурав дахин хэмнэнэ гэх мэт. Бизнес эрхлэгчид үйл ажиллагааны зардлаа хэмнэж л байвал бизнес нь ашигтай болно, бизнесийн зардал нь буурна. Үүнийг бизнес эрхлэгчид мэдээсэй, зардлаа бууруулахад хамтарч ажиллаасай гэж боддог. Байгууллага нь хуучин технологио сольчихоор ажилтнууд ч байгальд ээлтэй байхыг хичээж, улмаар тэдгээр технологийг гэртээ нэвтрүүлнэ. Манай банкны ажилтнууд хогоо ялгаж хаяад сурчихсан. Зарим ажилтан маань гэртээ усаа гоожуулахаар санаа зовоод крантаа хурдан хаадаг гэж ярьж байна. Ажилтнуудынхаа зан үйлийг өөрчлөхөд энэ мэтчилэн нөлөө үзүүлдэг.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд арилжааны банкууд 50 сая мод тарих зорилт тавьсан. Сэлбэ голын эх, Их баяны аманд 40 га талбайг ойжуулсан

-Та НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элчээр ажилладаг. Мөн ХААН Банк нийгэмд чиглэсэн олонд ажил хийдэг.

-НҮБ-ын Хүүхдийн сангийн үндэсний элчээр 2024 оноос хойш ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хоёр үндсэн төслийг 2024 оноос хэрэгжүүлж байна. Нэг нь “Хүүхэд бүрд аяга сүү” төслийг хэрэгжүүлэхэд орон нутгийн сүүний фермерүүд, малчид, кластерын оролцогч талуудыг дэмжиж хамтран ажиллахыг зорьж байна. Мөн Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хөдөөгийн алслагдсан сум, багийн малчид болон хилийн цэргийн ангийн алба хаагчдын хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Багийн бага сургууль байгуулах” төслийг эхлүүллээ. Төслийн үр дүнд энэ онд багтаад алслагдсан багуудын нутагт дэвсгэрт сургуулийн цогцолбор байгуулагдсанаар 2-10 насны 600 гаруй хүүхэд гэрийнхээ ойролцоо сургуульд хамрагдах боломжтой болох юм.

ХААН Банк энэхүү санаачилгад манлайлан оролцож, Ховд аймгийн Үенч сум, Увс аймгийн Боршоо боомт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Төв аймгийн Батсүмбэр суманд тус тус бага сургууль барих санхүүжилт олгож байна. Мөн Монголын арилжааны банкууд хамтраад “Тэрбум мод сан”-г байгуулж, 50 сая мод тарих том зорилт тавьсан. Энэ зорилтоос гадна бид ХААН Банк сангаараа дамжуулан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлийн ундны усны эх үүсвэр Сэлбэ голын эх, Их баяны аманд 40 га талбайг ойжуулсан. Энэ онд олон хамтрагч байгууллагын тусламжтайгаар нийт 500 га талбайд 1.2 сая мод тарихаар төлөвлөж байна. Манай ХААН Банк сангаас нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл, хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж буйгаас “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 15 дахь жилдээ, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг ес дэх жилдээ хэрэгжүүлж байгааг дурдах хэрэгтэй. Эдгээр нь алслагдсан аймаг, орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, үзлэг оношилгоонд иргэдийг хамруулахаас гадна монгол хүн бүрийг эрүүл байлгах, өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл зөв амьдралын дадал хэвшилд сургах зорилготой аянууд юм.

-Ярилцлагын төгсгөлд ХААН Банкны энэ оны эхний хагасын эдийн засгийн гол тоон үзүүлэлтээс дурдвал?

-Манай банкны санхүүгийн тайлан 2025 оны зургадугаар сарын 30-ны байдлаар эцэслэж гарсан. Банкны нийт актив хөрөнгө 21 их наяд төгрөг, зээлийн багц 13.7 их наяд төгрөгт хүрсэн. Нийт 589 мянган зээлдэгч, 2.9 сая харилцагчтай, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 18 их наяд төгрөг, 33 мянган хувьцаа ззэмшигчтэй, 2.4 их наядын үнэлгээтэй байгууллага болсон байна. 2024 онд бид 365.5 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Өдөрт нэг тэрбум төгрөгийн татвар төлсөн гэсэн үг. Энэ жилийн хувьд 400 тэрбум төгрөг болж нэмэгдэх байх. Энэ хэрээр харилцагчдын маань бизнес ч өсөлттэй байгаад бид бүхэн баяртай байна.

/Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба Монголын хүч тусгай дугаараас 2025.08 сар/