Сайнтай, муутай, саадтай ч...

ЗАЛРУУЛГА: Mongolian Economy сэтгүүлийн дөрөвдүгээр сарын (№151) дугаарт гарсан Сайнтай, муутай, саадтай... гарчигтай нийтлэлд "..., 180-220 мянган тонн алт.. " хэмээн нийтэлснийг 220 мянган унци гэж залруулав.


Телевизээр “Оюу толгой” компанийн суртал­чилгаа үзэж суусан зургаан настай охин маань “Ээж ээ, энэ Оюу толгой чинь сайн юм биш үү?” гэж асуудаг юм байна. Сайн гэх үү, муу гэх үү эсвэл бүр мэдэхгүй гэх үү гээд хэсэг зуур үгээ олж ядан суухдаа яг ямар хариулт энэ компанийг, энэ төслийг, энэ ордыг илүү тохиромжтой илтгэх бол гэж бодлоо. Харин хариулт нь маш энгийн юм. Үгээр тодорхойлох ямар ч боломжгүй бөгөөд үйл ажиллагааг нь явуулж буй хүмүүс, үйл ажиллагаанд нь саад болж буй хүмүүс, үйл ажиллагааг нь огт мэдэхгүй хүмүүс л компани, төсөл, ордод хэн нэгэн заавал нэр зүүлгэж, ямар нэг байдлаар тодорхойлолт хийх ёстой мэтээр ойлгуулж иржээ.

Уул уурхайн супер цикл Монголд хаялгаа өгч улсын эдийн засгийг 17 хувь хүртэл өсгөж байсан жилүүдэд Оюутолгойн ордыг тойрсон сайн, муу, саар эрчээ авч өнөөдрийг хүртэл сайнтай, муутай, саадтай ч үйл ажиллагаагаа явуулж буй. МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээс өнгөрсөн онд хийсэн судалгаанд “Судалгааны үр дүнгээс харахад Оюутолгойн төсөл... Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлж байна. Хөрөнгө оруулалтын анхны гэрээг 2009 оноос эхлэн харьцангуй богино хугацаанд хэрэгжсэн хэдий ч төсөл нь экспортын нийт орлого 3.2 дахин, татварын орлого 3.96 дахин, зэсийн экспорт гурав дахин өсөхөд нөлөөлснөөрөө үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангаж, хувийн хэвшил болон хөгжингүй орнуудтай (гуравдагч хөрштэй) хамтран ажиллах гүүрний үүргийг гүйцэтгэж байна...” хэмээжээ. Гэхдээ төсөл бүрэн хэрэгжихэд чухал ач холбогдолтой буюу нийт нөөцийн 80-аад хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өдгөө өрнөж буй олон асуудлаас болж арай зогсоогүй ч эрчимтэй өрнөхгүй байна. “Оюу толгой” компани энэ онд гүний уурхайд 16 хүртэлх км хөндлөн малтлага хийх төлөвлөгөөтэй байгаа.

Тухайн үед Монголын талаас Дубай явж гэрээ үзэглэсэн хүмүүс “Төсөл Монголд ашигтай гэдэгт итгэлтэй байна” гэж байв. Тэдний нэг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Монголын талын хүртэх ашиг 54.9 хувь байна гэдэг нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 5000 ам.доллар болж буусан ч доош хэлбэлзэж унахгүй байх ашгийн хэмжээ. Хэрэв зэсийн ханш 7000 ам.долларт хүрвэл Монголын талын хүртэх ашиг 56.1 болж өснө” гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн оны мөн үеээс өнөөг хүртэлх зэсийн зах зээлийн мэдээллээр нэг тонн зэсийн ханш 5810-7320 ам.долларын хэлбэлзэлтэй байжээ. Сайд асаны хэлснийг үндэслэлтэй гэж үзвэл Монголд гарз тохиогоогүй л байна. Зэсийн баяжмалаа олон улсын зах зээлд гаргаад хэдийн таван жил болж буй энэ компани 2018 оны сүүлийн улирлын тайландаа “2018 онд зэс, алтны үйлдвэрлэл нэмэгдэж, үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлэв” гэсэн. Дэлгэрүүлбэл, өнгөрсөн онд үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө зэс дээр 2.6 хувь, алт дээр 1.8 хувиар давуулан биелүүлсэн аж. Үүнийг тоогоор илэрхийлбэл 159,1 мянган тонн зэс, 285 мянган унци алт “Product of Mongolia” шошго зүүжээ. Тэгвэл 2019 онд 125-155 мянган тонн зэс, 180-220 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэх таамаг гарсныг тус компанийн цахим хуудаснаас хялбархан олж уншина. Иймд төлөвлөгөөний биелэлт нэхэх боломж нээлттэй байгааг анхаарна биз дээ. Нуулаа, хаалаа гэдэгт бас бодолцох цаг болоо байлгүй.

ТЭРБИШДАГВАДУУЛСАН НЬ

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Дубайн гэрээг зогсоох нь зүйтэй хэмээсэн саяхны мэдэгдэл манай мега төсөлд, эдийн засагт, олон улсын хувьцааны зах зээлд шарх нэмсэн хэрэг болох нь уу гэдгийг ажиглах хэрэгтэй. “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцаанд асуудал гарлаа гэх сургаар хэвлэлийнхэн ч шаагилдаж, бизнесийнхэн ч сандарч эхэлсэн. Гэхдээ мэдэгдэл гарсны маргааш нь олон улсын зах зээл дээр тус компанийн хувьцаанд “Асуудал” гэчих зүйл харагдаагүй бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид тус компанийн хувьцааг авахад эрсдэлгүй гэсэн мэдээлэл Bloomberg тэргүүтэй гадаадын хэвлэлүүдээр гарсан. 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны 15:30 минутын байдлаар “Туркойз Хилл Ресурс” компанийн нэгж хувьцаа 1.67 ам.доллар байснаас харахад хөрөнгөтнүүд хөнгөн хандаж, хуумгай загнахыг хүсэхгүй байгаа бололтой. Тэд яарч, улмаар даарахгүйн тулд ажиглалтын горимд шилжээ биз. Ямартай ч олон улсад байдал харьцангуй тогтвортой байна.

"Хэрүүлийн алим" хочтой Дубайн гэрээг зогсоох, цуцлахтай холбоотой асуудал гарахад УИХ-ын гишүүн үргэлж нэр холбогдож байдаг сонин тохиолдол ажиглагддаг юм. Д.Тэрбишдагва долоон жилийн турш энэ асуудалд идэвхтэн оролцогч байж ирсэн нь нэг талаар эдийн засгийн дайсан мэт боловч үзэл бодолдоо үнэнч нэгэн гэж харагдахаар болж ирлээ. Тэрбээр аль нь ч байж болно. Гэхдээ энэ төсөл улс төрийн оролцоогүй, цэвэр бизнесийн зарчмаар явах ёстой гэж итгэгчид бас олон байдаг. Тэд төр ордын 34 хувийг эзэмшдэг тул тэр хэмжээнд оролцоогоохадгалах учиртай атал боссын дүрд орж хүлээсэн үүрэг, хийх ажлаа умартаж байна гэж шүүмжилдэг. Ч.Сайханбилэг энэ талаар 2012 онд “Энэ бол УИХ-ын гишүүд, улстөрчдөд хамаатай асуудал биш. Энэ бол цэвэр эдийн засгийн, бизнесийн харилцаа, компани хоорондын асуудал. Бид том төсөл, бүтээн байгуулалтаа бүгдийг нь ингэж улстөржүүлэх юм бол тамын тогооноосоо хэзээ ч гарахгүй” гэж сануулж байсан удаатай. Гэвч зөвхөн Оюутолгой гэлтгүй Тавантолгойн ордыг хүртэл олон арван жил улстөржүүлж ирсэн нь өнөөдөр Монгол Улсын төр бодлогоо баримталж, татвараа аваад явах боломжийг улам хумьж байна.

Уул уурхайн салбарын нөлөө манай улсад хүчтэй хэвээр байгаа бөгөөд энэ салбарт хэрэгжсэн анхны мега төсөл нь "Оюу толгой". Хэрэв Монгол Улс тус төслийг 100 хувь зээлээр санхүүжүүлэх байсан бол манай улсын гадаад өр багадаа зургаан тэрбум ам.доллар болж, хүүгийн төлбөрт (10 хувь гэвэл) жил болгон 600 сая ам.доллар төлж, улмаар эдийн засгийг маш хүнд нөхцөлд оруулах байсныг МУИС-аас хийсэн дээрх судалгаанд өгүүлжээ. Удахгүй төлж дуусгах ёстой “Чингис” тэргүүтэй бондуудын эргэн төлөлтийн хажуугаар жил бүр 600 сая ам.доллар төлөх болбол монголчууд ядууралд тарчилж буй венесуэльчүүдэд атаархах байсан болов уу.

Төслийн явц доголдоход хүрлээ гэж бодоход удаан бүү үргэжлээсэй. Учир нь сайжруулна гэж яваад муужруулж орхих нь элбэг тул ядажтуршлага болоод багаар ч гэсэн урагшлуулах хэрэгтэй. Тэгвэл наанадаж татварын орлогоороо эдийн засгаа залгуулаад байх юм. Өнгөрсөн оны байдлаар “Оюу толгой” компани Монгол Улсад татвар, хураамж хэлбэрээр 322 сая ам.доллар төлжээ.

Мэдээж төслийн хүрээнд сайжруулах, цаашлаад улс, үндэстэнд илүү хүртээмжтэйгээр үйл ажиллагаагаа зохион байгуулах шаардлага буйг үгүйсгэхгүй. Гэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлаараа дэлхийд тэргүүлж, энэ салбарын стандартад стандарт тогтоож байгаа ийм хэм­жээний цорын ганц төсөлдөө бид, монголчууд хэтэрхий хатуу хандах хэр зүйтэй юм бол?