Сайхан амьдралын эрэлд...


Таны өмнө 0-10 хүртэл дугаарласан шат байна гэж төсөөл дөө. Тэг дугаартай шат бол байж болох хамгийн муу, харин 10 дугаартай хамгийн өндөрлөгт байх шат нь хамгийн сайхан амьдралыг илтгэнэ. Та яг одоо хэддүгээр шатан дээр зогсож байна вэ?

“Дэлхийн аз жаргалын тайлан” судалгаанд энэ жил 156 орныг хамруулснаас манай улс 94 дугаарт жагсаж байх юм. Финланд, Норвеги, Дани, Исланд, Швейцарь улсын иргэд тээр өндөрлөгт буюу 10 дугаартай шатан дээр зогсож байна. Харин бид Киргиз, Босниа, Вьетнам, Индонез улстай зэрэгцэн “Аз жаргалын шат”-ныхаа гуравны нэг хавьцаа “мацаж” байна гэсэн үг. Гэхдээ арай ч сүүл мушгиагүй ээ.
Ингэхэд, аз жаргал гэж яг юуг хэлээд байна вэ?

“Хүн бол нийгмийн амьтан” хэмээн Аристотель тодорхойлсон байдаг. Хүн аз жаргалтай байх эсэх нь нийгмийн хөгжлөөс шалтгаалдаг болохыг “Дэлхийн аз жаргалын тайлан”-г 2012 оноос жил бүр гаргах болсон Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс тайлбарлажээ. Тиймээс ч нийгмийн халамж, үйлчилгээ сайтай, орлогын тэгш бус байдал харьцангуй бага Скандинавын орнууд “Аз жаргалын шат”-ны оргилд байраа эзэлсэн байна. Харин ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж буй АНУ, Хятад, Япон улс энэхүү жагсаалтын эхний 10-т ч багтаж чадаагүй нь нэгийг илтгэнэ. “Жинхэнэ аз жаргал санхүүгийн хөрөнгөөс биш, нийгмийн хөрөнгөөс шалтгаална” хэмээн Жеффри Сакс онцолжээ.

Дэлхийн улс орнууд нэг хэсэг эдийн засгаа тэлэхэд гол анхаарлаа хандуулж, ДНБ-ий хэмжээгээрээ өрсөлдөж ирсэн. Гэтэл үүний үр дүнд орлогын тэгш бус байдал газар авч, авлига, хээл хахууль ихэссэн зэрэг сөрөг шинж тэмдэг баян орнуудад хүртэл ажиглагдах болсон. Нэг хэсэг нь хэт чинээлэг болж, нөгөө хэсэг нь ядуу, хүнд хэцүү амьдралаасаа салж чадахгүй байх нь хөгжил биш юм гэдгийг дэлхий аль хэдийнэ ойлгочихоод байна.
Эдийн засаг биш, аз жаргал
ДНБ гэх ганц хэмжүүрээр хөгжлийг тодорхойлж болохгүйг ойлгосон цагаасаа эхлэн эрдэмтэн, судлаачид улс орнуудын хөгжлийг юугаар илэрхийлж, харьцуулах вэ гэдэгт ухаан бодлоо уралдуулж иржээ. 1990 онд Нобелийн шагналт эдийн засагч Амартъя Сэнийн боловсруулсан Хүний хөгжлийн индекс улс орнуудын хөгжлийг илтгэх нэлээд чухал үзүүлэлт болж чадсан. Мөн аливаа орны хөгжил, өрсөлдөх чадварыг ганц үзүүлэлт биш, эдийн засаг, нийгмийн олон үзүүлэлт цогцоороо бүрдүүлдэг болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс ч Дэлхийн эдийн засгийн форум 2004 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг гаргадаг болсон билээ.

Харин аз жаргалын индекс нь шинэлэг хэрнээ олны анхаарлыг маш ихээр татаж байгаа ойлголт юм. Хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тиймээс иргэдээ аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь улс орнуудын бодлогын цөм нь байх хэрэгтэй билээ.

НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 20-ныг Олон улсын аз жаргалын өдөр болгон тэмдэглэхээр 2012 онд шийдвэрлэсэн байдаг. Энэ нь өдөр, шөнө тэнцдэг өдөр учраас аз жаргалтай амьдрахад хүн бүр тэгш эрхтэй гэдгийг илтгэхийг зорьжээ. Гэвч дээр дурьдсан Аз жаргалын тайлангаас харахад, зарим улсын иргэд харьцангуй сайхан амьдарч байхад зарим орны хүмүүс тэгэж чадахгүй байна. Энэхүү жагсаалтын 94-т орж буй Монгол Улсынхаа ард түмнийг Финландын эсвэл Норвегийн иргэд шиг сайхан амьдруулахын тулд бид юу хийх ёстой юм бол оо?

Финланд, Норвеги ба Монгол
“Аз жаргалын жагсаалт”-ыг тэргүүлж буй Финланд улс 150 жилийн өмнө өлсгөлөнд нэрвэгдэж, туйлын хүнд нөхцөлд байсан. Харин өнөөдөр энэ орон дэлхийн хамгийн тайван, аюулгүй, сайн засаглалтай улс болчихоод байна. Аз жаргалаараа хоёрдугаарт жагссан Норвеги улс ч XIX зуунд ядууралд нэрвэгдэж байсан гашуун түүх бий. Хүнээ хөгжүүлэхэд чиглэсэн зөв бодлого нь тус улсыг өнөөгийн амжилтад хүргэжээ. Үнэндээ Финланд, Норвеги хоёул манайхтай ижил хүн ам цөөтэй, жижиг зах зээлтэй. Мөн норвегичууд экспортын орлогынхоо нэлээд хэсгийг уул уурхайн салбараасаа бүрдүүлдэг зэрэг төстэй тал олон байна. Норвеги улс иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд их хэмжээний хөрөнгө оруулж, аз жаргалтай амьдрах нөхцөл бололцоог хангасан туршлагаас судлах, суралцах зүйл бидэнд их бий.

Ер нь улс орон бүр л иргэдээ аз жаргалтай байлгах арга замыг эрэлхийлж байгаа нь гарцаагүй. Тэгвэл бусад орны туршлагаас судлах, суралцах боломжийг шинээр гарсан “Дэлхийн аз жаргалын бодлогын тайлан” бидэнд олгож байна. Энэхүү тайлангаас иргэдээ сэтгэл хангалуун байлгах бодлогын маш олон шийдлийг олж харж болох юм. Тухайлбал, сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ маш чухал боловч ихэнх улс үүний ач холбогдлыг сайтар ойлгохгүй байгааг дээрх тайланд онцолжээ. Тиймээс ялангуяа хүүхэд, залууст чиглэсэн эерэг сэтгэлгээний хичээл, сургалт боловсруулж, аз жаргалтай амьдрах арга замыг зааж өгөх нь чухал болохыг тэмдэглэсэн байна. Монгол шиг хүүхэд, залуус олонтой улс үүнийг анхаарах нь чухал болов уу.

Аз жаргалыг үрслүүлэх нь…

“Сэтгэл судлал ба сайхан амьдрал” гэдэг хичээл АНУ-ын Йелийн их сургуулийн оюутнуудын дунд хамгийн эрэлттэй байгаа нь сонирхол татна. Өнгөрсөн нэгдүгээр сард шинээр нээсэн уг хичээлд Йелийн их сургуулийн дөрвөн оюутан тутмын нэг нь буюу нийт 1200 орчим хүн бүртгүүлж амжсан байна. Тус сургуулийн 316 жилийн түүхэнд нэг хичээлд ийм олон оюутан бүртгүүлсэн удаа байхгүйг “Нью-Йорк Таймс” сонинд нийтэлжээ.

Долоо хоногийн хоёр удаагийн лекцээр доктор Лаурий Сантос оюутнуудад хэрхэн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах урлагийг зааж байгаа нь энэ. “Хэрвээ бид оюутнуудад эерэг сэтгэлгээтэй, сайн зуршилтай байхын ач холбогдлыг ойлгуулж чадвал сургуулийн соёлд эерэг өөрчлөлтийг үрслүүлж байгаа хэрэг болно” хэмээн Лаурий Сантос тайлбарласан байна.

Үүнтэй адилаар манай ерөнхий боловсролын сургуулиуд, их дээд сургуулиудад эерэг сэтгэлгээтэй байх, сайхан амьдрах урлагийг зааж эхэлбэл хүүхэд, залуусын амьдралд аз жаргалыг үрслүүлсэн алхам болж ч мэдэх юм. Дашрамд сонирхуулахад, Лаурий Сантос “Science of Well-Being” буюу “Сайхан амьдрахын шинжлэх ухаан” хичээлийг цахим хэлбэрээр боловсруулсан бөгөөд тун удахгүй Coursera-гаар дамжуулан энэхүү сургалтын хөтөлбөрөө олон нийтэд санал болгох юм билээ. Энэхүү онлайн боловсролын талбар нь дэлхийд тэргүүлэх их сургуулиудын 2000 гаруй сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр хэрэгжүүлсэн байдаг. Бүртгүүлэхэд, сургалтад хамрагдахад үнэ төлбөргүй (сертификат авна гэвэл төлбөртэй) бөгөөд англи хэлний мэдлэгтэй, интернет холболттой л байвал www.coursera.org цахим хуудаснаас өөрийн сонирхсон хичээлээ сонгоход болох юм билээ. Сайхан амьдралд тэмүүлдэг залуус маань энэ мэтийн боломжийг ашиглаж, хөгжсөн орнуудын залуустай “толгой уралдуулан” суралцах нь улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсан хэрэг болох болов уу.