Салхины эрчим хүчний салбар энэ жил “салгална”

Монголын “Ньюком” компанид салхин сэнс ханган нийлүүлж буй Женерал Электрик компани өнгөрсөн оны санхүүгийн тайландаа энэ жилийн өнгийг бараан байна хэмээн бичжээ. Хэдийгээр тус компанийн эрчим хүч, усны бизнесээс олох ашиг өнгөрсөн онд найман хувиар өссөн ч энэ жил салхины эрчим хүчний салбар тогтворгүй байх учир амжилтаа тогтоож чадахгүй хэмээн үзэж буйгаа компанийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Женерал Электрик компани 2012 онд дэлхийн хамгийн том салхин сэнс үйлдвэрлэгчийг хойноо оруулж, тэргүүлэгчийн байрт заларсан билээ. Тус компани татварын урамшуулал хүртэхээр болсон ч энэ нь 2013 оны компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхөд хэтэрхий хожимдсон аж. Харин тус компанийн 2014 оны ашиг орлогод нөлөөлөх төлөвтэй байгаа юм байна.

Женерал Электрик компанийн санхүүгийн тайланд “Өнгөрсөн жил манай компани ололт, амжилт дүүрэн байсан ч шийдвэр гаргах түвшинд АНУ одоогоор ихээхэн тодорхойгүй байгаа нь энэ жил хүндрэхийг харуулж байна. Гэсэн ч дэлхийн эрчим хүчний эрэлт өсч, үйлчилгээний салбар тэлж байгаа учир 2014 оноос усны эрчим хүчний салбарын өсөлт нэмэгдэнэ гэж харж байна” хэмээн бичжээ.