Салхин станцын анхны цамхаг сүндэрлэжээ

Намар намрын өнгө нэг л янзаараа. Шарласан өвс, шаргал наран, сэвшээ салхи, амар тайвныг илтгэх чимээгүйхэн өдрүүд ар араасаа хөвөрнө. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг ч цагийн аясаар намрын өнгөнд дарагдаж, угаас эл хуль хөдөө нутаг улам л ажин түжин. Гэхдээ Сэргэлэн сумын Салхит уулнаа хүнд даацын машин, механизмын дохио хангинаж, уул толгодын оройгоор хүмүүсийн цувуу тасрахгүй аж. Монгол улсын эрчим хүчний салбарт сүүлийн 30 жилд хийгдээгүй том бүтээн байгуулалт болох “Newcom” группын “Салхит” салхин цахилгаан станцын ажил энд өрнөж байгаа нь энэ. Уг станц нь 14000 мянган га газрыг хамрах багаад 50 мВт буюу жилдээ 100 мянган өрхийн эрчим хүчний хэрэглээг хангах хүчин чадалтай байх юм.

“Салхит” салхин цахилгаан станцын эхний хоёр салхин сэнс тэнгэр багандан сүндэрлэжээ. Уг салхин сэнс нь 120 гаруй метр өндөр бөгөөд баганы өндөр нь л гэхэд 80 метр, 125 тонн жинтэй бол далбаа тус бүр нь 40 гаруй метр урт, 6.2 тонн жинтэй аж. Энэ аварга зүйлийг тогтоохын тулд 240 шоо метр буюу есөн давхар байшингийн сууринд орох хэмжээний бетон зуурмаг орсон гэнэ. “Clean energy” компанийн инженер Н.Баярмөнх “Салхин сэнсний суурийг цутгасан бетон зуурмаг нь усан цахилгаан станц барьдаг зориулалттай зуурмаг. Тиймээс найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан” гэв. 240 гаруй тонн жинтэй, 120 гаруй метр урт сэнсийг босгохын тулд Монголд ганц байгаа 650 тоннын даацтай хөдөлгөөнт краныг ашиглаж байна. Уг сэнсийг угсрахад 1-2 өдөр л шаардах бөгөөд Салхит паркад нийт 31 ширхэг салхин үүсгүүр суурилуулах юм. Энэ оны арванхоёрдугаар сар гэхэд суурилуулалтыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр жилд 190 мянган тонн нүүрс, 1.6 сая тонн нүүрс цэвэр ус хэмнэх бөгөөд 20 мянган га газар мод тарьсантай дүйцэхүйц хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлэх гэнэ.

Анхны бүхэн хэцүү байдаг гэдэг дээ. Тиймээс анхны гэх тодотголтой салхин станцын эхний хоёр сэнс тэнгэр багандан босох хүртэл багагүй хугацаа өнгөрчээ. Салхины нөөцийн судалгаа хийсэн 2004 оны тэр үеэс л тал нутагт сэлхин сэнс босох ажил эхэлсэн байна. Уг ажлын хүрээнд 110 кВт-ын эрчим хүч дамжуулах шугам, төмөр замын гарам, 33 км сайжруулсан шороон зам мөн салхин сэнсүүдийг холбосон сайжруулсан шороон зам барьжээ. Уг бүтээн байгуулалтад нийт 170 гаруй тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд хөрөнгийн эх үүсвэрийг Европын сэргээн босголт хөгжлийн банк, Голландын хөгжлийн банкнаас авсан байна. Уг зардлыг салхин станц ашиглалтад орсноос 10 орчим жилийн дотор нөхөх боломжтой талаар “Newcom” группын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэлсэн юм.

Манай улсын өрсөлдөх чадварыг хойш чангаагчдын нэг нь эрчим хүчний салбар. Энэ талаар Б.Бямбасайхан захирал “Манай эрчим хүчний салбарын хөгжил тааруу байгаа нь гаднын хөрөнгө оруулагчдад хүрдэг таагүй мэдээний нэг байдаг. Эрчим хүчний тогтвортой байдал бизнесийн болоод улс орны тогтвортой байдалд шууд хамааралтай. Гэтэл сүүлийн 30 жил бид энэ салбараа орхигдуулсан гэхэд болно” гэв. Гэхдээ хууль эрх зүйн таатай орчин энэ салбарт бүрдсэн нь том амжилт гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан юм. Тухайлбал, 2007 онд батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний хууль. Тус хуульд 2020 он гэхэд эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангана гэх зорилт тавьсан нь эрчим хүчний салбарт их бүтээн байгуулалтын аясын салхийг авчирчээ. Түүний эхлэл нь Салхит салхин парк юм.