Салхитай Монгол

Эрчим хүчгүйгээр орчин үеийн хотожсон амьдралыг төсөөлөхөд бэрх. Гэхдээ дэлхий дахинаа хөгжлийн эх үндэс болсон эрчим хүчийг байгальд ээлтэй технологиор хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байна.

Дэлхийд ямар байна вэ?

Өнөөдөр дэлхий нийтийн хэрэглэж байгаа уламжлалт эрчим хүчний түлш болох нүүрс, байгалийн хий зэргийн нөөц хязгаарлагдмал, технологийн явцад хүлэмжийн хий гэх мэт байгаль орчинд үзүүлэх нөлөө ихтэй учраас хязгааргүй нөөцтэй, байгаль орчинд ээлтэй, технологи боловсронгуй болж, үнэ өрсөлдөхүйц болж сэргээгдэх эрчим хүчийг улам ихээр ашиглах болжээ. БНХАУ, АНУ, ХБНГУ гэх мэт дэлхийн томоохон орнууд салхины эрчим хүчийг өргөнөөр ашиглахын зэрэгцээ цаашдаа ч түлхүү ашиглах бодлого явуулахаар төлөвлөсөөр. Үүний тод жишээ бол энэ Фүкү­шимагийн ослын дараахан тавдугаар сард ХБНГУ цөмийн эрчим хүчээс татгалзаж, өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээ илэрхийлсэн явдал юм. Үүнийг даган олон улсын том корпораци Сименс цөмийн эрчим хүчний бизнесээс гарч байгаагаа зарласан.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг /ОУСЭХА/-аас гаргасан тооцоогоор 2050 он гэхэд дэлхийн нийт эрчим хүчний 50 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авах гэнэ. Энэ оны зургадугаар сарын байдлаар дэлхийн салхин цахилгаан станцуудын нийт хүчин чадал 215 мянган МВт хүртэл өссөн үзүүлэлт гарчээ. Мөн энэ тоо жилээс жилд тасралтгүй өссөөр байгаа бөгөөд энэ оны сүүл гэхэд 240.5 мянган МВт хүрэх тооцоог тус агентлагаас хийжээ. Ингэж ихээр өсч байгаа нь 1990-ээд оноос хойшхи комьютерийн бизнесийн эрс өсөлттэй харьцуулахуйц байна гэж олон улсын эдийн засгийн шинжээчид онцлон тэмдэглэж байна.

Монголд ямар байна вэ?

Төв Азийн өндөрлөгт оршдог Монгол Улсын хувьд салхины асар их нөөцтэй гэдэг. Өөрөөр хэлбэл, газар доорх баялгаас гадна байгальд ээлтэйгээр ашиглах боломжтой хязгааргүй нөөц манайд байна гэсэн үг.

Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 10 хувь буюу 160 мянган ам километр гаруй газарт салхины эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглах хангалттай нөөцтэй гэж тогтоожээ. 13 аймгийн нутаг дэвсгэрт 20.000МВт-аас доошгүй, есөн аймгийн нутаг дэвсгэрт 50.000МВт-аас дээш хэмжээний салхины нөөц байгаа аж. Ашигт малтмалын арвин нөөцөөрөө дэлхийн анхаарлыг хэдийнэ татсан Өмнөговь аймаг л гэхэд 300.000 гаруй МВт салхины эрчим хүчний нөөцтэй. Гэтэл бид хүрээлэн буй орчинд хор хөнөөлгүй байгалийн цэвэр баялгийг сайтар ашиглаж чадахгүй байна шүү дээ.

Эрчим хүчний зохицуулах газраас гаргасан судалгаагаар манай улс эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 93 хувийг нүүрснээс, 6.8 хувийг шингэн ба хийн түлшнээс, зөвхөн 0.2 хувийг л сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг ажээ.

Хэдийгээр монголчууд уламжлалт аргаар гэрэл цахилгаантай амьдарч байгаа ч байгаль экологид ээлтэй үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг бүрдүүлээд эхэлсэн байна. Тухайлбал, 1993 онд НҮБ-ийн “Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци” улмаар 1999 онд “Киотогийн протокол”-д тус тус нэгдэж, 2005 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр, 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний шинэчилсэн хөтөлбөр /2011/ зэрэг эрх зүйн баримт бичгийг баталжээ.

Гэхдээ хуулийн хэрэгжилтийн хувьд бодитой үр дүн хараахан харагдахгүй байгаад Засгийн газар дүгнэлт хийж ажиллах ёстой болов уу. Өнөөдрийн байдлаар манай улсын хувьд салхины эрчим хүчийг ашиглаж, хөгжүүлээд байгаа зүйл бага. Өмнө нь жижиг оврын салхин сэнсүүд энд тэнд цөөнгүй байрлуулсан ч өдгөө ажиллаж байгаа нь ховор болсон тухай мэргэжлийн хүмүүс ярьж байна. Харин хувийн хэвшлийн зүгээс салхины эрчим хүчийг хөгжүүлэх талд томоохон ажил эхлүүлээд байгаа билээ. “Ньюком” групп Төв аймгийн Салхит ууланд 50МВт хүчин чадалтай салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Монгол инженерүүдийн мэдлэг чадварт тулгуурлан энэхүү станцыг 2012 ондоо багтаан барьж дуусгах юм.

“Ньюком”-ын охин “Clean Energy” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “2004 оноос салхины нөөцийн судалгааны ажлыг идэвхтэй хийж, улмаар техник эдийн засгийн тооцоог Шотландын “SgurrEnergу” компанитай хамтран гаргаснаар олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалтыг энэ онд эхлүүлсэн. Бидний сонгосон Төв аймгийн “Салхит” уул нь төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд хамгийн ойрхон, салхины нөөц ихтэй нь тогтоогдсон”гэв. Тус салхин станц бүрэн хүчин чадлаараа ажилласнаар Улаанбаатар хотын III, IV цахилгаан станцын дараа орохуйц хэмжээний байгальд ээлтэй эрчим хүчний шинэ эх үүсвэр болох юм.

Жил бүр 70 мянган айлыг хангахуйц 168.5 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 185.5 мянган тонн буюу130 тэрбум литр хүлэмжийн хийг бууруулж, гэр хорооллын 100 мянган өрхийн хэрэглээ болох 1.6 сая тонн цэвэр ус, 70 мянган айлын түлшний хэрэгцээ болох 150 мянган тонн нүүрсийг тус тус хэмнэх юм байна.

“Салхин станц ашиглалтад орсноор манай оронд судалгаа төдий байсан салхины эрчим хүчний ойлголтыг бодит ажил болгосон хамгийн анхны том бүтээн байгуулалт болох юм” гэж Б.Бямбасайхан захирал ярьсан.

Мөн “Ньюком” групп их бүтээн байгуулалт ид өрнөж, эрчим хүчний асар их хэрэглээг шаардаж байгаа говийн бүсийн 250 мянган га газарт салхины нөөцийг гурван жил судалжээ. Ингэснээр эхний ээлжинд 300МВт чадалтай салхин цахилгаан станц байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоог хийхээр ажиллаж байгаа аж.

Төр, засгаас эрх зүйн орчныг нь бүрдүүлээд өгвөл хувийн хэвшлийнхэн эх орны хөгжил цэцэглэлт өөд ийн хурдтай тэмүүлэн ажиллаж байна.