Самурай бондоос үйлдвэрлэлийг дэмжих төсөлд зарцуулна

Манай улс нийт хэрэглээнийхээ 88 хувийг импортоор авдаг байна. Тодруулбал, 45 сая малтай Монгол гэдэг айл сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 74, гурил гурилан бүтээгдэхүүний 41, нэхмэл хувцасны 62 хувийг гаднаас импортолдог. Тиймээс Монголдоо бүтээх, бүрэн үйлдвэрлэх цаг, шаардлага бий болжээ. Энэ зорилтод хүрэхийн тулд 2014 онд нэг их наяд төгрөгөөр экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжихээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Энэ талаар тэрээр үргэлжлүүлэн “Үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө санхүү хэрэгтэй. Нэг их наяд төгрөгийн 270 тэрбумыг Чингис бондоос санхүүжүүлж сүү, мах, ноос, ноолуур, оёмол, сүлжмэл, хүлэмжийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулсан. Одоо бондын хөрөнгөнөөс 360 тэрбум төгрөг үлдсэн. Энэ хөрөнгийг үйлдвэрлэлд зарцуулна. Мөн Японд арилжаалсан бондын 450 тэрбум төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулахаар төлөвлөсөн” гэлээ.