Санал өгөөгүй хүмүүст хувьцаа өгөх эсэхийг хуралдаанаар шийдвэрлэнэ

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны арван хувийг иргэн бүрт үнэгүй тараахаар 2009 онд шийдвэрлэсэн. Үүний дагуу иргэн бүр 536 ширхэг хувьцаатай болсон. Гэтэл Засгийн газраас хувьцаагаа авах уу, нэг сая төгрөг болгох уу хэмээн иргэдийг алиныг нь авахаа энэ сарын 20-ны дотор мэдүүлэхийг тулгасан. Үүний цаана энэ талаар сонсож, дуулаагүй иргэд, алиныг нь авахаа мэдэхгүй суусаар хугацаандаа саналаа өгч амжаагүй, бүр таг мартсан хүмүүс ч бий. Саналаа өгч амжаагүй иргэдийг хэрхэх болон үүнтэй холбоотой асуудлаар НХХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, “Хүний хөгжил сан”-гийн ажлын хэсгийн ажилтан Д.Гэрэлтуяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн иргэн 536 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөг болгох хүсэлт ирүүлээд байна вэ. Санал өгч амжаагүй хүмүүст хувьцаа шууд эзэмшүүлнэ гэсэн яриа байна?

-Сүүлийн мэдээгээр нийт 1.516.713 хүн бэлэн мөнгө авахыг хүссэн өргөдөлөө өгсөн байна. Зарласан хугацаанд саналаа өгч амжаагүй иргэн олон бий. Засгийн газраас бидэнд эхний ээлжийн тайлан, иргэдийн хүсэлтийг зургаадугаар сарын 1-нд хуралдаанаар оруул гэсэн болохоор одоо байгаа хүмүүсийнхээ тоог танилцуулахаар бэлдэж байна. Засгийн газрын хуралдаанаар дараагийн чиглэлийг өгч, санал авах эсэх нь тодорхой болох байх.

-Нийслэлийн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 330 мянгаа аваад бараг дуусаж байна. Харин орон нутгийнхийг хэзээнээс тараах вэ?

-“Хүний хөгжлийн сан”-гаас холбогдох арилжааны банкуудад шаардлагатай мөнгийг өчигдөр байршуулсан. Өнөөдөр тарааж эхэлж байна. 100 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 204 мянган өндөр настанд нэг сая төгрөгийг бэлнээр олгохоор улсын төсөвт санхүүжилтийг суулгасан учраас энэ мөнгө цаг тухайдаа тараагдана. Гэхдээ өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй иргэний 197484 нь сая төгрөг бэлнээр авах хүсэлтээ ирүүлээд байна.

-Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мөнгө эсвэл хувьцаа авах саналын хугацааг бас зогсоосон уу?

-Тэдний саналыг 2012 оныг дуустал авна.

-Дараагийн 330 мянган төгрөгийг хэзээнээс өгөх бол. Сонгуулиас өмнө бүгдийг нь өгч амжих уу?

-Сонгуулиас өмнө өгнө гэж байгаа. Яг хэднээс өгөхийг нь хэлж мэдэхгүй байна.