Санамж бичиг

Санамж бичиг. Болж байдаг л үзэгдэл. Тиймээс санамж бичигт төдийлэн ач холбогдол өгөх нь бага. Харин өчигдөр Монголбанк, Сангийн яам болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Европын сэргээн босголт, хөгжлийн банкны шилжилтийн эхэн үеийн улсуудад зориулан хэрэгжүүлж буй Дотоодын валютаар зээл олгох хөтөлбөрийн санамж бичигт гарын үсэг зурлаа.

Эдийн засаг дэгэн догон буй энэ өдрүүдэд болж байгаа гэдгээрээ санамж бичиг анхаарал татсан юм. Тус санамж бичиг нь Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгт дэмжлэг үзүүлэх гээд манайд тал бүрийн ашигтай аж.

Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас дотоодын зээлдэгчдэд харьцангуй хямд өртөг бүхий төгрөгийн зээлийг олгож эхлэх юм байна. Ингэснээр гадаад валютын орлогогүй зээлдэгчдийн ханшийн эрсдэл буурч улмаар банк, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх бөгөөд тус банкны Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалт хоёр дахин нэмэгдэх аж.

Уг банк нь 2006 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт 60 төсөлд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.