Санхүүгийн дэг журмыг сахих нь


Санхүүгийн зах зээлийн итгэл найдварыг эргэж олохын тулд Их Британи улсаас бусад бүх Европын Холбооны гүрэн ирээдүйд төсвийн зарцуулалтын хатуу дүрмэнд захирагдах болж байна.
“Еврог дахин аварлаа, харин Их Британи улс гадна үлдлээ” гэж өнгөрсөн баасан гаригт /09.12.2011/ Брюссель хотноо хийсэн дээд хэмжээний уулзалтад оролцсон Европын Холбооны дипломатуудын нэг нь дүгнэв. Европын Холбооны зөвлөлийн дарга Херман ван Ромпу үүсгэн байгуулахаар төлөвлөж буй Санхүүгийн нэгдэлд нийт 26 улсын төрийн болон Засгийн газрын тэргүүнүүд оролцох хүсэлтэй байгаа аж. Тодруулбаас, одоогийн байдлаар еврогоор гүйлгээ хийдэг 17 улс орон, үүн дээр нэмж Парламентаас санал хүсэлтийг нь авах есөн улс оржээ.

Их Британи улс харин Европын Холбооны Лиссабонд байгуулсан гэрээнд аливаа өөрчлөлт оруулах сонирхолгүй байгаа. Тийм учраас Европын Холбооны 26 улс гүрэн ирэх оны гуравдугаар сард улс хоорондын эрх зүйн шинэ гэрээнд гарын үсэг зурж, оны эцсээр хүчин төгөлдөр болох төлөвтэй аж.

Даруй хэрэгжүүлж эхлэх шинэ төлөвлөгөө

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар төсвийн зохицуулалтыг хатуу хянах саналыг дэвшүүлж, хэрэгжүүлэх шийдвэрт хүргэлээ. Энэхүү төлөвлөгөөний дагуу төрийн өрийн хэмжээг хязгаарлаж, Европын Холбооны комисс улсын төсвийн хатуу бодлогыг барихаар болсон байна. Мөн дүрэм журам баримтлаагүй тохиолдолд оноох шийтгэлийн асуудлыг багтаажээ. Одоогоос нэг жилийн өмнө иймэрхүү саналыг хүлээж авахгүй байсан канцлер санхүүгийн хямралаас суралцах хэрэгтэйг онцолсон аж. Ангела Меркель “Бид нэг мөнгөн тэмдэгттэйн хувьд ярилцаж тохиролцсон шийдвэрээ биелүүлээгүй тохиолдолд нэгдсэн байгууллагууд хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж хэлэв. Энэхүү тохиролцсон хэлэлцлийн дагуу орон бүр өөрийн гэсэн төсвийн хэмжээтэй. Үүнийг үл харгалзаж, зөрчил гаргаваас арга хэмжээ авдаг болох нь тодорхой боллоо.

200 тэрбум евро

Тун удахгүй европчууд Олон улсын валютын санд 200 тэрбум евро оруулахаар зэхэж байна. ОУВС нь энэхүү мөнгийг Итали гэхчлэн тусламж шаардлагатай улсуудад дамжуулах юм байна. ОУВС-гийн захирал Кристине Лагард Брюсселийн зөвлөгөөнд оролцсон бөгөөд гарсан шийдвэрүүдийг зөв чиглэл рүү хандсан сайн алхам болсон гэж дүгнэв.