Санхүүгийн мэдлэгээ дээшлүүлье

Монгол Улсад шинэ үеийн нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоо үүсч хөгжсөний 20 жилийн энэ онд тохиож буй. Энэхүү тэмдэглэлт ойг угтан Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/-ээс маргааш Чингисийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна.

ММНБИ-ийн үйл ажиллагаа, зорилго чиглэл, нийгэмд хэрэгжүүлж буй үүрэг оролцоог иргэд, аж ахуйн нэгж, хууль тогтоогч нарт таниулах нь уг өдөрлөгийн зорилго гэж хэлж болно. Тус өдөрлөгт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аудитын компаниуд, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, санхүүгийн анхан шатны сургалтын төвүүд, мөн програм хангамжийн компаниуд албан ёсоор оролцох аж.

Өдөрлөгийн үеэр дээрх байгууллагууд өөрсдийн үйлчилгээ бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ иргэд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн зөвлөгөө, мэдээллийг үнэ төлбөргүй хүргэх юм байна. Түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг сурталчилах, худалдаалах, богино хугацааны төлбөргүй сургалтыг хүртэл зохион байгуулах аж. Мөн нягтлан бодогч аудитор, санхүүгийн мэргэжилтнүүдийг ажлын байранд зуучлах, захиалга авах, санд бүртгэж нөөцөнд авах гээд чамгүй ажлууд хөтөлбөрт багтжээ.