Санхүүгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх нь маш чухал

Харилцан ашигтай хамтарч ажиллах байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоож, Монголын эдийн засгийн тухай ойлголтоо нэмэгдүүлэхээр Монголд ирсэн “ТCX Fund” байгууллагын дэд ерөнхийлөгч Харалд Хэршхофертэй ярилцлаа. Түүнийг Монголын эдийн засгийн чуулганд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудлаар үг хэлэхийг урьсан юм.

-Таниас Монголын эдийн засгийн чуулганы үр дүнгийн талаар сонирхож болох уу?

-Монгол Улс ялангуяа ашигт малтмалаар баян учир хөгжих боломж ихтэй орон юм. Тус чуулганаар хэлэлцсэн асуудлууд нь энэхүү боломжийг хэрхэн ашиглаж, хөгжихөд чиглэсэн. Эрдэс баялгаар баян бусад орны туулсан туршлагаас харахад эдгээр нөөц баялаг нь ард түмэнд нь ашиг тус авчрахаас гадна бас бэрхшээл ч авчирч болдог. Ерөнхийдөө байгалийн баялаг ихтэй орнууд асар их хөгжил дэвшил болон дампуурлын орчилд орж, эрдэс баялгийн бус эдийн засгийг шахан гаргаж болно. Энэхүү үзэгдэл нь Голланд улсад байгалийн хий нээж илрүүлэхэд ажиглагдсан учир дэлхий дахинаа Голланд өвчин гэж нэрлэдэг. Макро эдийн засаг, хөгжлийн бодлого нь эрдэс баялгаас гарах сайн муу үр дагаврын аль алиныг нь анхааралтай авч үзэх хэрэгтэй. Сайн цагт нь төсвийн илүүдэл, хөгжил сааруу цагт нь төсвийн алдагдал бий болгох бодлого нь түүхий эдийн үнэ маш бага болох ба экспортын барааны хувьд байгалийн баялгийн үнэ цэнийг түр зуур бууруулах зэргээр өөр бусад хүндрэл гарч болох юм. Гэхдээ л Монголын эдийн засагт тодорхой өсөлт бий болгоход тусална.
Монголын эдийн засгийн чуулган хүмүүст өөрсдийнхөө санаа зовоосон асуудлыг нээлттэй илэрхийлэхэд маш чухал зүйл болсон гэж бодож байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг байгууллага Монголд төсвийн бодлого эдийн засгийн өсөлттэйгээ урвуу хамааралтай буюу эдийн засаг нь өсөж байхад төсөв маш их хэмжээний алдагдалтай байгаад санаа зовж буйгаа илэрхийлсэн. Одоогийн төсвийн алдагдал Төвбанкны инфляцийг бага түвшинд барих гэсэн бодлогыг маш хэцүү болгож байна. Инфляци асар их өсч, одоогоор 14 хувьд хүрээд байгаа бөгөөд цаашдаа ч өсөх хандлагатай байна шүү дээ.

-Монгол Улс хөрөнгө, санхүүгийн шинэ зах зээлд хөл тавьж байна. Энэ талд Та ямар зөвлөгөө өгөх бол.

-Монголын эрх баригчид болон хувийн хэвшлийнхний зүгээс эхний ээлжинд барьж авч хийх хамгийн чухал асуудал бол санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх явдал юм. Эрдэс баялгийн бус эдийн засгийг, ялангуяа жижиг үйлдвэрлэлийг үр дүнтэй санхүүжүүлэхэд орчин үеийн санхүүгийн зах зээлийн сайн ажиллагаатай орчин маш чухал. Энэ нь Монголын эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн олон талт байдлыг хангахад хэрэгтэй юм. Эрдэс баялгийн эдийн засгийг санхүүжүүлэхэд харьцангуй хялбар байдаг. Харин ханшийн, цалин хөлсний өсөлт, өрсөлдөх чадварын доройтлоос болж эрдэс баялгийн бус эдийн засаг санхүүжилтээр дутагддаг. Оновчтой макро эдийн засгийн бодлогоос гадна харьцангуй өрсөлдөх чадвар сайтай бүтээгдэхүүнтэй, мөн үйлдвэрлэлийн, хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлыг бий болгож байгаа компаниудад санхүүжилт боломжтой эсэхийг нягтлах хэрэгтэй. Эрсдэлийг хуваалцах хэрэгсэл, мөн боломжуудаар хангахад санхүүгийн үйлчилгээ бас чухал байдаг. Жишээлбэл, манай “ТCX Fund” нь монгол төгрөг болон бусад орны валютын хооронд хүүний түвшний своп солилцоог 3-4 жилийн хугацаатайгаар гадаад валютын ханшийн эрсдэлийг хуваалцах хэрэгслийг санал болгох замаар иймэрхүү эрсдэл хуваалцах боломжийг хөгжүүлэхийг оролдож байна.

Яагаад эрсдэлийг хуваалцах нь илүү их чухал байгаа юм бэ гэдгийг тайлбарлая. Төвбанкны гол зорилт бол өөрөөр хэлбэл, инфляци тодорхой босгыг давахгүй гэдгийг баталгаажуулах явдал юм. Мөнгөний бодлогоо энэ зорилттойгоо нийцүүлэн гаргадаг. Ерөнхийдөө инфляцийн зорилт хэрэгжсэн үү хэрэгжээгүй юү гэдгийг Төвбанкнаас үнэлсэн үнэлгээтэй холбоотойгоор хүүний түвшинг өсгөх буюу бууруулдаг. Хүүний түвшин болон инфляци дээр анхаарлаа хандуулан Төвбанк валютын ханшийг илүү хувирамтгай болгож болох юм шиг. Хэрвээ валютын ханш илүү хувирамтгай болох юм бол хүмүүс ханшийн өсөлтийн эрсдэлтэй тулгарч ингэснээр тэдэнд санхүүгийн хувьд эрүүл байхад нь учрах иймэрхүү эрсдэлийг хуваалцах буюу бууруулахад илүү их хэрэгсэл хэрэгтэй байх болно.

Яг одоо олон хүн төгрөгийн ханшийг өсөөсэй гэж хүсэн хүлээж байгаа. Гэхдээ энэ нь гарцаагүй нөхцөл байдал биш бөгөөд саяхны гэнэтийн уналтын тохиолдлыг хүмүүс сайтар санаж байгаа билээ. Тийм учраас хүмүүс болон аж ахуйн нэгжүүд болгоомжтой байж валютын ханшийн савалгаанд өртөхгүй л байгаасай гэж бодож байна. Тэд байнгын өсөлттэй байлгахын тулд валютын ханшаар наймаалцаж болохгүй. Эрсдэлийг хуваалцах хэрэгслийг хөгжүүлэхийн тулд нэг чухал алхам хийх хэрэгтэй. Энэ нь дотоодын валютад хүүний жишиг түвшинг бий болгох явдал юм. Засгийн газраас бонд буюу вексель гаргах ба 2-3 жилд аажмаар үр өгөөжөө өгөх замаар үүнийг хийдэг.

-Манай Засгийн газраас Монголын хөрөнгийн биржийг гадаадын багаар удирдуулах гэж байгаа?


-Найдвартай байхын тулд санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг сайн бөгөөд ил тод удирдах явдал чухал. Би хувьдаа Монголын санхүүгийн салбарын хөгжилд гадаадын санхүүгийн байгууллагуудын оролцоо хэрэгтэй байж болох юм гэж үзэж байгаа. Ингэснээр орчин үеийн техник технологи хурдан шуурхай нэвтэрнэ. Танай улсад. Монголын хувьд сайн ажиллагаатай санхүүгийн салбарыг хурдан хөгжүүлэх нь маш чухал гэж би дээр хэлсэн. Хэрвээ гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн хувь нэмрээ оруулж чадах юм бол тэднийг хүлээн авч энэ нь мөн хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд ч сайнаар нөлөөлөх болно.

-Монголын ашигт малтмалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт маш ихээр орж ирж байна. Үүнтэй холбоотой ямар эрсдэлүүд гарч болох вэ?

-Танай баялаг одоогийн болоод ирээдүй хойч үедээ аль алинд нь ашигтай байх арга замаар л эдийн засгийн эргэлтэд орох нь хамгийн чухал сорилт юм.

-Таны Улаанбаатарт ирсэн гол зорилго юу байсан бэ?

-Танай эдийн засгийн хөгжлийг өөрийн биеэр ирж үзэх, мөн ирээдүйн харилцагч нартайгаа холбоо хэлхээ тогтоохоор ирсэн. Энд бид валютын ханшийн хеджийн хэрэгсэл санал болгож байгаа бөгөөд хэд хэдэн банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар ярилцаж байна.
“ТCX Fund” нь ихэвчлэн хөгжлийн банк болон хөгжлийн байгууллагууд болох 20 гаруй хувь нийлүүлэгчээс бүрдсэн хамтарсан байгууллага юм. Зарим нь Монгол Улсад төлөөлөгчийн газартай. Голландын EBRD, KFW, JBIC, FMO байгууллагууд манай хувьцаа эзэмшигчдийн дунд байдаг. Валют солилцооны сангийн зорилго нь тухайн орны валютаар зээл олгох болон хөгжлийн зээллэгээс валютын ханшийн эрсдэлийг үүрэхийг дэмжих явдал юм.

Бид хэрэв ерөнхийдөө дээр дурдсан санхүүжилтээс үүссэн валютын ханшийн эрсдэл олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагаар удирдуулбал хөгжил жигд явах болно гэж үзэж байна. Хатуу валютын орлогогүй жижиг зээлдүүлэгч буюу жижиг дунд үйлдвэрлэл байж болно. Валют солилцооны сан нь валютын ханшийн эрсдэлийг дэлхийн түвшинд өөрийн хувьцаа эзэмшигчдээс нэгтгэдэг учир бид маш үр дүнтэй валютын ханшийг удирддаг хэрэгсэл юм. Бид нэлээдгүй амжилттайгаар үүнийг өнгөрсөн гурван жилийн турш хийж байна.

-Та Монголд анх удаагаа ирж байна. Манай улсын талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ?


-Би хурдацтай өөрчлөгдөж буй нийгэм, бас олон боломжийг харж байна. Танай ард түмэн мянга мянган жилийн түүхтэй тодорхой амьдралын хэв маягаар соёлын хэм хэмжээг бий болгосон. Одоо энэ бүхэн хурдан өөрчлөгдөх болно. Соёлын хэм хэмжээ нь техникийн болоод эдийн засгийн өөрчлөлтийг ерөнхийдөө удаан хүлээн авдаг гэдгийг бид мэднэ. Энэ бол түүхийн маш сонирхолтой үе байх болно. Харамсалтай нь би хөдөөгүүр аялж байгалийн сайхныг үзэж чадсангүй. Гэхдээ энэ нь миний буцаж ирэх сайхан шалтгаан болж байгаа шүү.