“Санхүүгийн хадан хясаа” гэж юу вэ?

“Fiscal cliff” буюу “Санхүүгийн хадан хясаа” гэх ойлголт АНУ-ын үгсийн санд хэдийнэ оржээ. Энэ ойлголт нь татварын хөнгөлөлтийг цэглэж, зардлыг бууруулан танаж эхлэх үеийн эцсийн хугацааг тодорхойлох утгаар хэрэглэгдэж буй. Гэхдээ чухам хаанаас үүссэн болох, хэр ашигтай талаар бид төдийлөн анзаараагүй болов уу.

АНУ-д хүчээ авах болсон “Санхүүгийн хадан хясаа” нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй татварыг автоматаар нэмэгдүүлж, зардлыг бууруулж буй үйл явцыг тодорхойлдог. Ийнхүү хосолсон арга хэмжээ авснаар тус улсын эдийн засгийг хямрал руу түлхэж байна гэж зарим эдийн засагчид үздэг байна.

“Санхүүгийн хадан хясаа” гэх ойлголтод 607 тэрбум ам.долларын зардлыг бууруулж, мөн татварыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ хамрагдаж байгаа аж. Үүнд батлан хамгаалахын зардлыг бууруулах, цалингийн татварын хөнгөлөлтийг цэглэх, эрүүл мэндийн тэтгэмжид өөрчлөлт оруулах, хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэх, хүүхдийн болон орлогын зэрэг зарим татварыг чөлөөлөх зэрэг багтдаг.

Дээрх ойлголт бий болохоос өмнө “Fiscal precipice” (буюу “Санхүүгийн хавцал”) гэх ойлголтыг ХIХ зуунд хэрэглэж байсан түүхтэй. Үүнийг толь бичиг зохиогч Бэн Зиммер гэгч америк хүн 1893 онд “Chicago Tribune” сонины редакцид ажиллаж байхдаа анх тэмдэглэн үлдээжээ. Тэрбээр “Хавцалтай зүйрлүүлэх нь маш тодорхой эртний хэллэг юм” гэжээ.

Харин “Санхүүгийн хадан хясаа” гэх ойлголт харьцангуй сүүлийн үед гарч ирсэн бөгөөд “New York Times” сонины хөрөнгийн талаар бичдэг буланд анх 1957 онд хэрэглэж байжээ. Волтер Стерн гэгч хүн тухайн үед зарим хүн анх байшин худалдаж авах үедээ хэмжээнээсээ хэтэрсэн зээл авч байсантай хамаатуулан бичсэн байдаг.

Харин дараа нь 1970-аас 1980-аад оны үед тухайн хот, муж болон улсын төсвийн алдагдлыг тодорхойлох үүднээс, ялангуяа 1975 онд Нью Йорк хотод болж байсан хямралтай холбоотойгоор тус ойлголтыг хэрэглэдэг байв.

Түүнээс хойш 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн мөрийн хөтөлбөрт тусгасан зардлын талаарх илтгэл тавих үедээ сенатор Жим ДеМинт хэрэглэсэн байна.


Хамгийн сүүлд тус улсын Холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Бэн Бернанке энэ оны нэгдүгээр сарын 1-нд Конгрессийн хороонд тавьсан илтгэлдээ уг нэр томъёог ашигласан бөгөөд өдгөө олны танил болж чадсан ажээ.

Санхүүгийн хүндрэлтэй байдлыг хадан хясаатай зүйрлэсэн нь өдгөө тогтсон ойлголт болжээ. Гэхдээ олон төрлийн ярвигтай үйл явдлуудаас бүрдсэн цогц асуудлыг хэлэлцэхэд энэхүү зүйрлэл нь үнэхээр ашигтай байж чадах болов уу.