Санхүүгийн шинэ тоглогч Хөгжлийн банк

Хөгжлийн банк санхүүгийн хүчтэй шинэ тоглогч гэдгээ харуулах нь тодорхой боллоо. 17.4 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкны гарааны мөнгө болгон Сангийн яамнаас Төвбанкинд байршуулсан тухай Эдийн засгийн форумын үеэр Сангийн яамны дэд сайд Ч.Ганхуяг тэмдэглэж байсан. Тэгвэл Засгийн газрын гуравдугаар сарын 16-ны лхагва гаригийн хуралдаанаар тус банкны санхүүгийн нь эх үүсвэрийг бүрдүүлэхэд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкны 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг таван жил, 250 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 10 жил, 300 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 15 жилийн хугацаатай дотоодын зах зээлд гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Хашчулуунд, үнэт цаасны үндсэн болон хүүгийн төлбөрт Засгийн газрын баталгаа гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсөн байна. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Хөгжлийн банкнаас гаргах бондоос төмөр болон авто зам, орон сууцны зээлийг санхүүжүүлнэ. Орон сууцны урт хугацааны зээлийн хүүг зургаан хувь болго гэсэн чиглэл өгсөн. Үүнтэй холбоотой авах арга хэмжээг дараагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэлээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж “Манай Засгийн газар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд анх удаа ийм их хэмжээний бонд гарган оролцох гэж байна. Тиймээс ач холбогдол ихтэй, чухал шийдвэр. Засгийн газраас гаргах 800 тэрбум төгрөгийн бондын 300 орчим тэрбумыг нь орон сууцанд зориулах байх” хэмээв. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Хэдийгээр орон сууцжуулахыг дэмжиж байгаа ч орон сууцны бүх зээлийн хүүг зургаан хувьд хүргэвэл бас л нөгөө халамжийг хавтгайруулсан шинжтэй арга хэмжээ болж хувирна. Тэгэхээр зээлийн хүүг ямар нөхцөлд зургаан хувьд хүргэх боломжтойг дахин тодруулах шаардлагатай” гэж нэмж тайлбарласан. Уг арга хэмжээг авахдаа мөнгөний бодлоготой уялдуулахыг холбогдох газруудад Засгийн газрын хуралдаанаас зөвлөмж болгожээ.

Бүтээн байгуулалтыг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих Хөгжлийн банкийг олон нийт үзэхдээ сонгуулийн өмнөх жил босч байгаа том мөнгө. Хөрөнгийг нь харин зөв зүйлд зарцуулаасай, мэдлэгт суурилсан эдийн засагт чиглүүлбэл илүү үр дүнтэй. Өнөөдрийнх шиг тендер санхүүжүүлж болохгүй хэмээн болгоомжтой хандаж байсан. Ийм бодол санал Эдийн засгийн форумын үеэр оролцогчдын зүгээс гарч байсныг тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу. Тэд мөн төсөв ийм их алдагдалтай байхад тус банкны эрсдэлийг нь тооцсон уу гэсэн асуултыг ч нэг бус удаа хурал удирдагчдаас асууж байсан. Төвбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан “Төсвийн ачааллыг тараах гэж Хөгжлийн банк байгуулж байгаа. Нөгөө талаас макро эдийн засгийн эрсдэлийг бууруулах зорилготой” гэж ярьсан. Харин бусад холбогдох албаныхан “Хөгжлийн банкны тухай хууль батлагдсан. Хуулинд бүх зүйлийг тодорхой тусгасан” гэсэн хариулт өгч байлаа. Одоо тэгвэл Хөгжлийн банкны тухай хуулийг сонирхоод үзье.

Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны хоёрдугаар сарын 10-нд баталжээ. Арилжааны банктай өрсөлдөхгүй, хөгжлийг түргэвчлэх зорилготой Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг долоон бүлэг, 29 заалт бүхий уг хуулинд нэлээд нарийн тусгажээ. Тухайлбал, Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилго бүхий хуулиар заасан үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй ашгийн төлөө төрийн өмчит хуулийн этгээд байна гэж тодорхойлжээ. Тус банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-д танилцуулна. Хөгжлийн банкны хөрөнгө нь улсын төсвөөс хуваарилсан өөрийн хөрөнгө болон хуульд заасан бусад эх үүсвэрээс бүрдэнэ. Түүнчлэн тус банкны зээл олгох байдал хүмүүсийн сонирхлын төвд буй. Санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална. Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана гэж хуулийн 8.2-д заажээ. Хуулийг цааш нь сонирхоход, Хөгжлийн банкнаас олгох зээл нь арилжааны банкуудын зээлийн хүүгээс доогуур байх бөгөөд хөнгөлөлттэй нөхцөлтэй байхаар тусгасан байна.

Харин санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрт тавих шаардлага нь таван заалттай юм. Үүнд, Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах, Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байна. Зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал шалгуурын дагуу тооцсон байх. Төсөл хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөд тооцно гэжээ. Үүнээс гадна хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын зөвшөөрснөөр дотоод, гадаад эх үүсвэрээс зээл авч болно гэж үргэлжилж байх жишээтэй.

Хуулийн 24.1, 24.2-д зээл, зээлтэй адилтгах актив хөрөнгийн нийт дүн болон зээлийн баталгаа, батлан даалт, үнэт цаасны нийт дүнгийн нийлбэр нь тус бүр өөрийн хөрөнгийг 50 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байна гэж тусгасан байна. Түүнчлэн Хөгжлийн банк нь дээрх заасан хязгаарлалтын хүрээнд дангаар болон бусадтай хамтран гуравдагч этгээдэд зээлийн баталгаа, батлан даалт гаргаж болно гэсэн өгүүлбэр харагдлаа.

Энэ их хөрөнгө мөнгөтэй банкны удирдлага, бүтэц ямар байх вэ гэдэг бас сонирхолтой. Хуулийн 19.2-д гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дагуу сонгож, хувь нийлүлэгчдийн хурлын зөвшөөрснөөр ТУЗ томилж, чөлөөлнө. Гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна гэж заажээ. Уг нь бол оны өмнө БНСУ-ын KDB манай хөгжлийн банкны менежментийг авч явахаар шалгарсан. Зарим холбогдох албаныхан Хөгжлийн банкны тухай хуулийг баталсны дараа дээрх шалгаруулалтын асуудлыг эргэн авч үзнэ гэж хэлсэн удаатай. Энэ талаар одоогоор шинэ мэдээлэл сэтгүүлчдийн чихэнд дуулдаагүй байна. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл есөн гишүүнтэй байх ба тэдгээрийн гурав нь хараат бус гишүүн байх аж. ТУЗ-ын хараат бус гурван гишүүнийг Монголбанк, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын банкны холбоо тус тус нэр дэвшүүлж, Засгийн газар томилно. Хараат бус гурван гишүүн нь мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан, хоёроос доошгүй жилд нь эрх бүхий албан тушаал хашсан хийгээд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албан тушаал хашдаггүй байх шалгууртай. Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун ажилладаг. Банкны бүтцийн хувьд актив-пассивийн удирдлагын, зээлийн, эрсдэлийн удирдлагын, хяналтын болон захиргааны асуудал хариуцсан үндсэн нэгжтэй байх гэнэ.
Хөгжлийн банкны үйл ажиллагаа ийнхүү шуудрах замдаа орлоо. Засгийн газрын дараа дараагийн хуралдаанаар тус банкны 800 тэрбумын бондтой холбоотой хийх ажлууд улам илүү тодорхой болох биз ээ.