Саркози: “Эдийн засгийн шинэ тойрог эхэлж байна.”

Францын ерөнхийлөгч Николя Саркози ирэх долоо хоногт Германы Канцлер Ангела Меркельтэй уулзаж “Европын ирээдүйн баталгаа”-ны талаар ямар арга хэмжээ авах тухайгаа ярилцана хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Хэрвээ евро бүсэд хамаарах орнууд эдийн засгийн хувьд нэгдэхгүй аваас цаашид евро оршин тогтнохгүй” гээд, Франц улс үүний төлөө тэмцэхээ ч амлав.

“Еврогийн бүсийн 17 орон мөнгөний бодлогоо уялдуулах хэрэгтэй. Нэг мөнгөн тэмдэгт хэрэглэгчдийн хувьд бүх гишүүн улс төсвөө ижил түвшинд барих нь зүйтэй. Хэрвээ бүсийн орнуудын хооронд амьжиргааны түвшин, үйлдвэржилт, өрсөлдөх чадварын ялгаа өргөжих аваас тун удахгүй евро бүс задрах болно” гэв. “Унэхүү өрийн хямралд Европоос хариу урвал үзүүлэхгүй удаасан учир ийнхүү газар авсан. Еврогийн үүсэл болсон Маастрихийн гэрээ хангалттай сайн байгаагүйгээс ийм зүйл болж байна. Франц, Германы зүгээс орнуудын харилцааны асуудлаарх шинэ гэрээг гаргахаар ажиллаж байгаа” хэмээн Саркози ярьжээ.

Парис дахь BBC-гийн сэтгүүлчийн мэдээлснээр Францын Ерөнхийлөгчийн хэлсэн үг нь нэг ёсондоо энэхүү өрийн хямралын эсрэг еврогийн бүсийн удирдагчид анхнаасаа дорвитой алхам хийгээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг болж байна. “Үүнээс цааш Грекээс бусад еврогийн бүсийн улсуудын хүвьд өрийн бүртгэл гэж байх ёсгүй. Итгэлцэл дээр тулгуурлан зээл олгох, тэрхүү зээлийг буцааж өгөх ёстой” хэмээн Саркози хэлсэн юм. Харин Англи улсын байр суурийн тухайд CNN-ийн сэтгүүлч “Өнөөдөр европт 300 сая хүн еврог өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байна. Иймээс евро нь мөнгөн тэмдэгтийн хувьд алга болно гэдэг нь бараг боломжгүй зүйл юм. Харин еврогийн бүсийн хувьд одоогийн 17 гишүүн оронтой энэ байдлаараа цаашид байж чадахгүй л болов уу” гэж хэлсэн байна.