Сарыг эзэмших уралдаанд бэлдэцгээ

Avatar Oyundari. Sh
2019-11-06 12:53:39
Ангилал: Дэлхий
Аполлон 11 хөлгөөс 50 жилийн дараа хүн саран дээр очиход бэлдэж байна

Нийл Армстронг 1969 онд саран дээр хүний мөрийг анх тамгалснаас хойш зарим хүнд юу ч хийх боломжтой боллоо гэж бодогдох болсон. Энэхүү аяллын дараа болсон зүйлийг эс тооцвол сар руу хэд хэдэн удаа аялж, өөр аль ч улсын хийж чадаагүй зүйлийг хийж чадахаа харуулж бахархсан америкчууд өөр зүйлд эх үүсвэрээ зарцуулах ёстой болсон учир сарны аяллаа орхив. Тэднээс өөр хэн ч ийм сорилтыг хүлээж аваагүй. Өдгөө ч 1969 оны адил зөвхөн цагаан арьст америкчууд л сансраас үзэсгэлэнт гэрэлт дэлхийг бүхлээр нь харсан хэвээрээ бөгөөд тэднээс дөрөв нь амьд сэрүүн байна. Гэвч бусад улсын залуус тэдний мөрөөр замнахад ойрхон байна.

Үүний шалтгаан нь агааргүй, оршин суугчгүй сар нэг талаар Апполон хөлгийн үеэс илүү хүмүүсийн сонирхлыг татах болсон явдал юм. Сүүлийн 20 жилд саран дээр бааз байгуулах, магадгүй хүмүү­сийн хүсэж буй сар руу аялах хөлгийг цэнэглэх боломжтой мөс болон бусад ууршимхай нэгдлүүд сарны туйлаас олдов. Олон улс сансрын технологийг эзэмшихийн хэрээр хувийн компани, засгийн газар саран дээрх баялгийн нөөц болон бусад боломжийг сонирхож байна.

Сансрын гурван хөлөг 2018 оны сүүлчээр сарыг зорьж, 2019 оны эхээр газардана. Эдгээрээс хамгийн том зорилготой нь саран дээр газардах Хятадын хоёр дахь хөлөг Chang’e 4 бөгөөд сарны нөгөө талд буух оролдлогыг улс орнуудаас анхлан хийнэ. Албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч Хятад улс 2030 он гэхэд сар руу хүмүүсээ илгээх зорилготой нь тодорхой харагдсан.
Энэтхэгийн Chandrayaan-2 нь сар руу аялсан хоёр дахь удаагийнх бол тийрэлтэт хөдөлгүүрийн хүчээр буух анхны оролдлого болно. Сарыг зорих өөр нэг хөлөг бүр анхны гэсэн чухал тодотголтой байх бөгөөд Израиль улсын анхных төдийгүй улсын бус анхны хөлөг гэдгээрээ онцлогтой байна. “Sparrow” нэртэй энэхүү хөлөг Израилийн сансрын агентлагаас санхүүгийн дэмжлэг авсан ч ихэнх хөрөнгө оруулалтыг нь сайн дурын хандиваар цуглуулж, SpaceIL хэмээх төрийн бус байгууллага нислэгийг нь удирдана.

2007 онд Google Lunar XPRIZE хэмээх саран дээр өөрөө явагч буулгаж, өндөр нягтралтай видео бичлэг илгээх анхны багт 20 сая ам.доллар олгох уралдаанд өрсөлдөхөөр SpaceIL нь байгуулагдсан. Уралдааны ялагч тодроогүй учир Google компани 2018 оны эхээр мөнгөө буцаан татсан. Энэхүү уралдаанаас гарсан зарим баг одоо ч ажлаа үргэлжлүүлсээр. SpaceIL-аас гадна Японы ispace компани 2020 онд саран дээр газардах төлөвлөгөөтэй байна. Америкт л гэхэд Moon Express, Astrobotics компаниуд 2019 онд NASA-аас санхүүжилт авах хүлээлттэй байна.

NASA 2010 оноос нам тойрог замд судалгаа хийсэн зарчмаа үргэлжлүүлж, 2020 онд сарыг судлах, тийш ачаа хүргэхэд хувийн хэвшлийн оролцоог дэмжих төлөвлөгөөтэй байна. Олон Улсын Сансрын Станцад ачаа хүргэх технологи хөгжүүлэхэд хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт хийснээр пуужинг сансарт нисгэх бизнес давамгайлах болсон. Энэ нь Илон Маскийн SpaceX компани үүсгэн байгуулагдахад ихээхэн нөлөөлсөн. Astrobotics, Moon Express компаниуд саран дээр газардах технологио сайжруулахын тулд мөнгөн тэтгэлэг олохоор өрсөлдөж байгаа бөгөөд удахгүй сарны гадарга дээр шинжлэх ухааны зориулалттай ачаа хүргэх гэрээ байгуулах болно. Тус хоёр компани 2020 онд нислэгээ хийнэ гэсэн хүлээлттэй байна. Мөн NASA сар, дэлхий хоёрын дунд байрлаж, сансрын нисгэгчдэд сарнаа явагчдыг зайнаас удирдах, өөрсдөө бууж очих боломж олгох Gateway хэмээх сансрын шинэ станцын эхний модулийг нийлүүлэхэд хувийн хэвшлийг оролцуулах тендер зарлана.

Сансрын нислэгийн шинэ боломжууд нь зөвхөн засгийн газрын анхаарлыг татаад зогссонгүй. Японы жижиглэн худалдааны тэрбумтан Юүсакү Маэзава найман хүнтэй багийг Ангараг руу илгээхээр SpaceX-тэй гэрээ байгуулсан. Энэ нь тус компанийн одоогоор бүтээж буй хөлгүүдийн нэг байх бөгөөд 2023 онд хийгдэх нислэг юм. Ноён Маск шиг хүсэл тэмүүлэлтэй байдаг бол бусад хүмүүс ч иймэрхүү хөлгүүдийг сарны гадаргуу дээр хялбархан буулгаж чадах юм.

Ерөнхийлөгч Жон Ф.Кеннеди Аполлон хөтөл­бөрийг нээж хэлсэн үгэндээ сар руу аялах нь “хялбар гэхээсээ, амаргүй учир” Америк улс зориглон орж байна гэж дурдсан. Өдгөө ч тийм байна. Гэхдээ өнөө үед сансрын салбар илүү чадалтай болж, цар хүрээ нь өргөжсөн учир саран дээр газардах нь илүү хялбар байх болно. Хувь хүмүүсийн хүсэл тэмүүлэл ч бий учир өдгөө үүнийг хялбархан хийх болов уу.

Avatar

Oyundari. Sh