Сервис центр бүхий гэр хороолол

Нийслэлийн иргэд өвөлдөө утаа, зундаа хөрсний бохирдол дунд амьдарсаар жилийн 365 хоногийг элээсээр. Нүдэнд харагдаж байгаа нь утаа боловч зундаа хөрсний бохирдол дээд зэрэгтээ хүрсний олон улсын байгууллагууд мэдээлж байгаа юм. Тодруулбал 2008-2010 онд сантиметр зузаантай хөрсөнд 700-800 мянган нян илэрдэг байсан бол өнөөгийн байдлаар хэдэн арван саяар хэмжигдэх болжээ.

Тиймдээ ч нийслэлийн удирдлага, Гэр хорооллын дэд бүтцийн газрын санаачлагатайгаар, Барилга, хот байгуулалытн яамны дэмжлэгтэйгээр зөвхөн утааг арилгах биш зуны цагт хөрсний бохирдлыг бууруулах инженерийн цогц шийдлийг боловсруулсан нь тус суурьшлын бүсэд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх ““Дэд бүтцийн төв” төсөл аж. БНХАУ-ын засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр тэрбум юанийн санамж бичиг, гэрээ байгуулсны дүнд дахин төлөвлөлтийн 20 байршил, “дэд бүтцийн төв”-ийн 50 байршлыг тогтоогоод байгаа юм.

“Дэд бүтцийн төв”-ийн төсөл дээр Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дэргэдэх албан бус мэргэжлийн зөвлөл, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн зэрэг олон газар, нэгжүүд, төрийн бус байгууллагууд мэргэжлийн хүмүүс ажилласан тул харьцангуй хөрсөн дээрээ буух боломжтой амьдралд ойрхон төсөл гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Төслийн нарийн задаргааг харвал 200-300 айлын дунд инженерийн хангамжийг нь шийдсэн “дэд бүтцийн төв”-үүдийг гэр хорооллын дундын бүст хуваан байгуулахаар ажиллах аж. Төсөл нь иргэдийн оршин буй газарт инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэх замаар агаар, хөрс, усны бохирдлыг арилган амины орон сууц бүхий хороолол болгон хөгжүүлэх гэсэн алсын харааг тээж байгаа юм. Ингэхийн тулд иргэдийн хүсэл, санал санаачлагад тулгуурлах болно гэдгийг албаны хүмүүс хэлж байна.

Хамгийн гол нь гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөлтэй уялдуулан иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн нам давхарын амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтмол орлоготой иргэдэд зориулж төлбөрийн чадварт нийцсэн амины орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Төсөлд шаардлагатай санхүүжилт нь хамрагдаж буй айлуудын тоо, сонгосон газар нутгийн оцнлог, төвийн инженерийн шугам сүлжээ очсон эсэхээс хамаарч 5-10 тэрбум төгрөг болно гэж тооцжээ.

Эхний ээлжид дундын бүсийн өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн хүсэлт, санаачилга, эдийн засгийн чадамжинд суурилан 2017-2020 онд 100 “Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулна. Ингэснээр хамгийн багадаа 20 мянган айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ажээ. Төсөлд инженерийн шийдлээс гадна хашааны нэгдсэн зохион байгуулалттай болох, гэрэлтүүлэг, камержуулалт, явган болон авто зам, тохижилт, дагалдах бүтээн байгуулалтуудыг цогцоор нь шийдэх юм.

Тэгвэл иргэдийн зүгээс юу бэлдэх вэ. Тэд бэлдсэн инженерийн шугамыг ашиглахын тулд өөрсдийнхөө 0.07 га газартаа тохилог байшин барих эсвэл таван ханатай гэрээ амины сууцтай болгох, амины сууцтай нь дулаан алдагдалгүй болж халаалт, халуун, хүйтэн усны шугамаа татах боломжтой юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдийн амьдарч буй газарт инженерийн шийдэл нь саадгүй хүлээн авах нөхцлийг хангах ёстой. Энэ нь ойролцоогоор нэг айл өрхөд 5-8 сая төгрөг болно. Харин амины орон сууцаа буулган шинээр барих бол 30-60 сая төгрөгт багтаан нэг стандартын зураг төсөлүүдийн дагуу барих эсвэл бүүр 5-6 айл нийлээд нийтийн орон сууц барих боломж нь иргэдэд нээлттэй үлдэж байгаа юм.

Харин одоо олгож байгаа банкуудын “ногоон зээл”-ийн хүүг бууруулах, амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулдаг болох, иргэдийн газар болон түүн дээрх үл хөдлөх хөрөнгийг зэх зээлийн эргэлтэнд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор санхүүгийн найдвартай схем бүрдүүлэх ажлыг хариуцсан Барилга, хот байгуулалтын яам, бусад оролцоо бүхий яамд, санхүүгийн байгууллагууд боловсруулж байгаа аж.

Мэдээж эхний ээлжид иргэдийн итгэлийг олохын тулд жишиг болгож Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд дэд бүтцийн төвийг барьж байгуулна. Тэндхийн иргэдтэй уулзаж төслийн зориулалтыг танилцуулахад 232 өрхийн нэгээс бусад нь бүгд зөвшөөрчээ.

Ер нь гэр хороолын айлууд орон сууцанд амьдарч буй иргэдээс олон тал дээр давуу. Тухайлбал хувийн эдэлбэр газар, түүн дээрээ аж ахуй эрхлэх зэрэг боломж, хэн нэгнээс хамааралгүй тайван амгалан, цахилгаанаас бусад эх үүсвэр өөрийн мэдлийн гэх мэт бий. Гагцхүү нийтийн тээвэр, инженерийн хангамж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж нь шийдэгдээгүй тул иргэд хотын төв рүү төвлөрөх шалтгаан болоод байгаа юм.

Уг нь гэр хороололд цахилгааны хүртээмж нь эх үүсвэр талдаа хангалттай боловч гагцхүү салбар шугам сүлжээ нь ачааллаа даахгүй байгаа аж. Тийм учраас “Дэд бүтцийн төв”-ийг байгуулах төслийн хүрээнд хүчин чадлуудыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Мөн түүнчлэн “дэд бүтцийн төв”-өөс айл өрх бүр лүү гарах гол салбар шугам сүлжээнүүдийг барьж байгуулан харин эх үүсвэр талдаа 2003 оноос хойш барьсан гэр хорооллын дунд ашиглагдахгүй байгаа цэвэр усны шугам, бохир усны шугамуудыг түшиглэхээр төлөвлөөд байгаа гэдгийг ч онцоллоо.

“Эцсийн дүндээ 2020 он гэхэд 100 “дэд бүтцийн төв”-ийг байгуулахаар төлөвлөсөн. Ингэснээр хамгийн ихдээ 30 орчим мянган айлыг хамруулж агаарийн бохирдлыг 20 хүртэл хувиар бууруулах боломж байгаа” гэдгийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнхбаатар хэллээ.

Дулаан эх үүсвэрүүдийг хатуу түлшний, цахилгаан, хийн түлшний зуух гэсэн технологиудаар тухайн байршилд аль болох нутагших боломжтойг сонгож шийдвэрлэж болох бол харин халуун усан хангамжийг бие даасан байдлаар дулаан хангамжийн эх үүсвэрээс ялтсан бойлероор дамжуулан хэрэглэгчидийг халуун усаар тасралтгүй хангахаар төлөвлөсөн. Эсвэл “Дэд бүтцийн төв”-өөс зөвхөн усан хангамж, цахилгаан хангамжийг нийлүүлээд айл бүр дээр нь халаалт, хэрэгцээний халуун устай нь шийдэх ч хувилбар байж болох аж.

Түүнчлэн цахилгааны эх үүсвэрийн хувьд компакт дэд өртөөг суурилуулах бөгөөд энэ нь 30 жил засвар үйлчилгээ шаарддаггүй, уламжлалт дэд өртөөнөөс дөрөв дахин бага талбай эзэлдэг олон давуу талтай шинэ технологи ажээ. 200 айлийн дунд нэг компакт дэд өртөөг “Дэд бүтцийн төв”-д суурилуулна.

Энэ бүхний эцэст “дэд бүтцийн төв”- нь шинэ технологи биш бөгөөд дэд бүтцийг гэр хороололд хүргэх шинэ төрлийн менежмент боловч харин тэдгээрт суурилуулах тооног төхөөрөмжийн хувьд бол шинэ технологийг амьдралд хүргэх сайхан гүүр болж байгаа дүр зураг эндээс харагдаж байлаа.

“Дэд бүтцийн төв”-үүдийг байгуулснаар гэр хорооллын айл өрхүүдийн 1/3 буюу 20-30 мянган айл өрхийн инженерийн сүлжээний асуудлыг шийдвэрлэх боломжтой. Үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байрууд нэмэгдэж бодитоор 6-8 мянган ажлын байр нэмэгдэхээр тооцоолжээ.

Өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд эдэлбэр газраа байраар солих асуудал иргэдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Харин энэ удаагийн гэр хорооллын “дэд бүтцийн төв”- нь иргэн бүр өөрсдийн эзэмшлийн талбайдаа инженерийн бүрэн шийдэлтэй байх боломжийг олгож буйгаар онцлог гэдгийг төслийнхэн хэлж байлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд иргэдэд төслийг сурталчилан таниулах ажлуудыг удаа дараа зохион байгуулж, судалгаа явуулжээ. Үр дүнд гэр хорооллын бүс дэх уг мэдээллийг авсан нийт 6000 орчим иргэдийн 80 орчим хувь нь уг төслийг дэмжихээ илэрхийлсэн “сайн” дүн гарсан байна.

Дашрамд хэлэхэд гэр хорооллыг гэр хорооллын дахин төлөвлөлт 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлж байгаа төсөл нь цаашид ч үргэлжлэх бөгөөд “Дэд бүтцийн төв”-ийн төслүүдийг барьж байгуулсанаар дахин төлөвлөлтийн төслөө зогсоочихлоо гэдэг айдас, яриа ор үндэсгүй болохыг албаны хүмүүс хэлж байна.

Учир нь Улаанбаатар хотын гэр хорооллыг бүсчлэн хөгжүүлэх бодлогод төвийн бүсийн гэр хороололд гэр хороолллын дахин төлөвлөлт, дундын бүсэд “Дэд бүтцийн төв” барьж байгуулах чиглэлүүд тусгагдсан, түүнийгээ ч ягштал мөрдөж байгаа юм байгаа ба цаашдаа Баянхошуу, Сэлбэ гэх мэт 9 том дэд төвүүдийн төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд хэрэгжих “мега” төслүүд урт хугацаандаа зогсолтгүй хэрэгжинэ.

Харин “дэд бүтцийн төв”-барьж байгуулах ажил нь хөрөнгө оруулалтын хувьд ч тэр, барьж байгуулах боломжийн хувьд ч тэр, хөрөнгө оруулалт нь байвал жилийн дотор хэдийг ч барьж байгуулах боломжтойд энэ төслийн давуу талуудын нэг оршижээ.

Гэр хороололын иргэд маань түлээ, нүүрсээ зөөж, нийгмийн болон инженерийн дэд бүтцээс ангид амьдардаг үе өнгөрч өөрийн эдэлбэр газартаа амины орон сууцандаа тав тухтай амьдрах боломжтой шийдлийг Нийслэлийн удирдлагууд санал болгож байна, харин иргэн та өөрийнхөө амьдрах нөхцөлийг сайжруулах тал дээр санаачилгатай ажиллаж чадах уу? гэдэг асуултыг танд үлдээе.