Сонгуулийн салхи хөрөнгийн зах зээлийг сэвэлзүүлж эхэллээ

Грекийн 300 гишүүн бүхий парламентийн сонгуульд өрсөлдсөн Шинэ Ардчилал болон Пасокын намууд олонх болж чадсан гэдгийг албан эх сурвалжууд баталж байна хэмээн Блүүмберг агентлаг мэдээллээ. Сүүлийн үед Грекийн эр баригчид улсаа хямралаас гэтэлгэхийн тулд олон улсын тусламж авах эсэх дээр ихээхэн зөрчилдөөнтэй байсан билээ. Харин олон улсын тусламжыг хүлээж авахыг дэмжигч намууд сонгуульд ялснаар тус улс евро бүсээс хүчээр гарах асуудал түр ч болтугай намжих төлөвтэй байна.
Түүнчлэн “Дэлхийн хоёр дахь том эдийн засаг ирэх улиралд санхүүгийн гарз хохирлоосоо ангижирна” хэмээн Хятадын Төвбанк таамаглаж байгааг тус улсын ерөнхийлөгч Ху Жин Тао “Mexico’s Reforma” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Мөн тэрбээр “Манай үндэстэн тогтвортой хөгжлөө хадгалах болно” хэмээжээ.
Грекийн сонгуулийн үр дүн болон Хятадын ерөнхийлөгчийн мэдэгдлээс үүдэн европын хувьцааны үзүүлэлт унаж эхэлсэн бол Азийн хувьцаа дээшилж эхэлсэн байна. Мөн евро мөнгөн тэмдэгтийн ханш өсч энэ сарын хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрчээ.
Ази Номхон далайн орнуудын хувьцааны үзүүлэлт 1.7 хувиар өсөж, евро мөнгөн тэмдэгт 0.5 хувиар чангарсан бол иений голлох мөнгөн тэмдэгтүүдтэй харьцах ханш суларч эхэлжээ. Харин 24 таваарыг нэгтгэсэн Стандарт& Пүүрс үзүүлэлт 0.8 хувиар нэмэгдэх зуур Ази тивийн бондын эрсдэл багассан байна. Түүнчлэн Стандарт& Пүүрс 500 индексийн фьючр үзүүлэлт 0.5 хувиар дээшилжээ.