Сорилт ба боломж

Монгол орны эдийн засаг хурдацтай өсөж байгаа энэ цаг үед эрчим хүчний салбарын хамт олны өмнө шинэ сорилт, шинэ зорилт, шинэ шалгуур тулгарч байна. Улс орны эдийн засаг хурдацтай, тогтвортой хөгжихийн тулд эрчим хүчний салбар түүчээ нь болж түрүүлж хөгжих ёстой. Өнгөрсөн 90 жилийн түүхээс харахад манай ахмадууд эрч хүчтэй хөдөлмөрөөрөө Эрдэнэт, Дархан, Улаанбаатарын станцууд бүхий эрчим хүчний системийг цогцлуулж, дараа үедээ хүлээлгэн өгсөн. Энэ бол зүй ёсны бахархал мөн.

Харин одоо биднийг шинэ сорилт хүлээж байна. Өмнийн говь, Дорнын талд шинээр байгуулагдсан уурхайнууд, тэдгээрийг дагасан суурьшлын шинэ бүсүүдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах том зорилт бидний өмнө тулгараад байна.Энэ зорилт нь эрчим хүчний салбар өргөжин тэлэх, санхүүгийн хувьд хөл дээрээ баттай зогсох том боломжийг давхар нээж өгч байгаа юм.

Мөн одоо ажиллаж буй эрчим хүчний үйлдвэрүүдийн дийлэнх нь 1960-1970-аад онд ашиглалтад орж, технологийн хувьд хоцрогдож хуучирсан нь үйлдвэрийн технологийг үе шаттайгаар шинэчилж өргөтгөн, насжилтыг уртасгах зайлшгүй шаардлага үүсэж байна. Нэг ёсондоо, амь тариа хийх шаардлага тулгарсан гэсэн үг. Өнөөдөр төрийн өмчит эрчим хүчний үйлдвэрүүд хэлбэрийн хувьд хувьцаат компани боловч агуулгын хувьд жинхэнэ утгаараа ажиллаж чадахгүй байна.

Тиймээс эдгээр компанийг хувьцаат компанийн жинхэнэ сонгодог загварт оруулж тодорхой хувьцааг нь олон нийтэд нээлттэй зарлаж public компанийн хэлбэрээр ажиллуулж, мөнгө босгон технологийн шинэчлэлт, өргөтгөл хийж насыг нь уртасгах, зах зээлийн өрсөлдөөн бий болгох, олон нийтийн оролцоо хяналтыг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү дэмжиж, үнэ тарифыг шат дараатайгаар чөлөөлөх зайлшгүй шаардлага байна.

Цаг хугацаа биднийг хүлээхгүй, ажлаа эрчтэй, хурдацтай эхлүүлэх нь чухал. Бидэнд гашуун туршлага бий. 1990 оны эхнээс яригдсан Эгийн голын УЦС-ын хувь тавилан үе үеийн Засгийн газрын үед Орхон, Сэлэнгэ, Бүрэн, Шүрэнгийн станц болж өөрчлөгдсөөр одоо хүртэл нүдэнд харагдах зүйлгүй байсаар. Хэрвээ том чадлын усан цахилгаан станц баригдсан бол Монголын эрчим хүчний салбарт бодитой хувь нэмэр оруулах байсан нь гарцаагүй. Боломж хэзээд байдаг. Гагцхүү тэр боломжоо тухайн цаг хугацаанд нь олж ашиглаж байж бид бусадтай хөл нийлүүлэн хөгжинө. Бурууг шийдвэр гаргагчдаас биш өөрсдөөсөө хайж, салбарын талаар УИХ-аас баталсан бодлогын баримт бичгүүдээ (Мастер план, Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр) шинжлэх ухааны үндэстэй шинэчлэн боловсруулж ажил хэрэг болгохын төлөө тууштай байж, хамтдаа зүтгэцгээе. Алив нэгэн улс төрийн хүчин, нам эвслээс үл хамаарсан эрчим хүчний хар хайрцагны бодлогыг салбарын хэмжээнд дархлан тогтоож, нэгдсэн нэг санаатай, хамтын удирдлагын зөв тогтоцтой, санхүү эдийн засгийн хувьд бие даасан зах зээлийн горимд нийцэж ажиллаж чадахуйц салбар болон хөгжихийн төлөө бид ажиллах ёстой.

Дэлхийн банк, Сити групп зэрэг байгууллагын судалгаанд Монгол Улсыг ойрын 10 жилд эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжих орнуудын нэгээр нэрлэж байна. Нэгэнт түрхрэн эргэлдэж эхэлсэн Монгол дахь уул уурхай дагасан мөнгөний урсгалыг алсын хараатай хурц ухаанаар зөв чиглүүлж дотооддоо эрчим хүчний салбартаа боломжит хэмжээгээр шингээе, томоохон уул уурхайн компаниудад эрчим хүчээ зардаг болъё.

Эдийн засгийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний эх үүсвэртэй болж улмаар эрчим хүч импортлогчоос эрчим хүч экспортлогч орон руу шилжиж чадвал энэ нь зөвхөн манай салбарын түүхэн том ололт төдийгүй Монгол Улсын бие даасан, хараат бус байдалд чухал нөлөө үзүүлэхүйц ажил болж чадах билээ.

Монгол инженерийн оюун ухаан хүч чадлыг харуулсан шинэ бүтээл оновчтой санал санаачлагыг шат шатандаа дэмжин ажиллаж, юм хийж байгаа хүнийг зөв хөгжүүлж, шударга үнэлэх үнэлэмжийг дээшлүүлье. Салбарынхаа боловсон хүчний өрсөлдөх чадварыг чанаржуулъя, хүнээ хөгжүүлье.

Дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлж сэргээгдэх болон бусад эрчим хүчний эх үүсвэрийг өргөнөөр ашиглаж, тогтвортой эрчим хүчний хөгжлийг хангая. Монгол орон нар, салхи, усны их нөөцтэй орон. Энэ боломжоо ашиглаж, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг мэдэрч ажиллах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрчим хүчний салбарын өнгө бол улс орны өнгө төрх юм. Бид найдвартай ажиллаж хүчирхэг, зөв тогтоцтой эрчим хүчний салбарыг цогцлоож гэмээнэ Монгол орны маань хөгжил өнгөтэй, өөдтэй байна. Бид өөр өөрийнхөө эрхэлсэн ажилдаа хэр идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллахаас энэ бүх зүйл шалтгаална.
Сорилтыг боломж болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе.