Сочигийн 50 тэрбум ам.долларын “молиго”

Оросын холбооны улсын Сочи хотноо болж өнгөрсөн Өвлийн Олимп хэр зарлагатай өөрөөр хэлбэл хэр үнэтэй байв?
Өвлийн Олимп эхэлсэн даруй барууны хэвлэл мэдээллийхэн түүхэнд байгаагүй хамгийн үнэтэй Олимпоор нь цоллож, 50 тэрбум ам.доллар гэх тоог цуурайтуулж байсан. Хамгийн үнэтэй гэгдэх Бээжин хотын зуны Олимпийг зохион байгуулахад 40 тэрбум ам.доллар зарцуулсан нь дээрх тооноос даруй 25 хувиар бага байгаа юм
“Nexis” мэдээллийн сангийн мэдээлснээс үзэхэд нүд орой дээр гаргам 50 тэрбум ам.доллар гэх энэ тоо өнгөрсөн жилээс хойш 2000 гаруй мэдээ, нийтлэлд дурьдагджээ. Түүнчлэн 1000 гаруй нийтлэл тус тоог илүү бодит харагдуулахын тулд 51 сая ам.доллар гэж бичсэн байгаа юм. Тэгвэл энэ тоо хаанаас гарч ирсэн бэ?
Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Өвлийн олимпийн бэлтгэлийн хороог даргалж байсан Дмитрий Козак Орос улс Сочигийн Олимпт 1.5 их наяд рубль зарцуулахаар зэхэж байгаа гэж хэлж байсан билээ. Гэвч энэ тоог нягтлах шаардлага байна. Өнгөрсөн жилийн ханшаар 1.5 их наяд рубль нь 50 тэрбум ам.доллартай тэнцэх байсан ч Сочигийн Олимпийн нээлт болсон өдрийн доллартай харьцах ханшийг харвал 43.1 тэрбум ам.доллар болж байгаа юм.
Олимп зохион байгуулах зардалд юу, юуг багтаахаас мөн шалтгаална. Козак Оросын Засгийн газар Олимпийн тоног төхөөрөмж, хэрэгсэлд 6.7 тэрбум ам.долларыг зарцуулна гэж байв. Үүний зэрэгцээ 16.7 тэрбум ам.долларыг төмөр зам, авто зам болон бусад Сочигийн тойрсон дэд бүтцэд зарахаар төсөвлөсөн гэж хэлж байсан. 2013 оны ханшаар энэ нь нийтдээ 23.4 тэрбум ам.доллар бөгөөд 50 тэрбумын талд ч хүрэхгүй тоо болж байгаа юм. Харин үлдсэн хэсгийг Олимпийн спонсорууд буюу Оросын Ерөнхийлөгчийн тэрбумтан найзууд гаргасан гэх.
Орос улс энэ их хөрөнгө оруулалтын дараагаас Сочи хот нь аялал жуулчлалын соронз болно гэж төлөвлөсний үндсэнд хувийн хөрөнгө оруулалтыг дэмжиж оруулж ирсэн.
Гэвч нийт зарлага тэр чигээрээ Сочид зарцуулагдаагүй бололтой. Сочи хотод Формула1-ын уралдааны шинэ замыг 350 сая ам.доллараар байгуулсан. Козакийн хувьд үүнд төр болон хувийн хэвшлийн санхүүжилтийн зарим хэсэг Олимптой холбоогүй зүйлүүдэд зарцуулагдаж байгаа гэж тайлбар өгсөн.
Олимптой холбоотой авлигал яваад байгааг мөн батлах хүн цөөнгүй байна. Борис Немцов, Алексей Навални зэрэг Оросын тэрс үзэлт улстөрчид Путины талын олигархиуд Засгийн газрын “арыг нь дааж” буй зээлүүдийг завшихын тулд хэдэн арван тэрбумаар Олимпийн бүтээн байгуулалтын зардлын тооцоог нэмсэн гэж үзэж байгаагаа хэлж байна. Немцов “30 тэрбум гаруй ам.долларыг Олимп нэрээр дундаас нь цавчсан” гэж байгаа юм.
Дээрх асуудлын нарийн зангилаануудыг хэвлэл мэдээллийнхэн 50 саяын үний шошгонд хууртагдан дээгүүр нь алхаад өнгөрсөн. “Times of London” Сочигийн Олимпийг зохион байгуулах нь Путины хувьд эргэн ирсэн супер хүчээ гайхуулан харуулах боломж” байлаа гэж бичжээ.
“Америкийн сэтгүүлзүйн буруу мэдээлсэн 10 нийтлэлүүд” номын зохиолч Америкийн Их сургуулийн профессор Жосеф Кэмпбэл “ Сэтгүүлчдийн хувьд өөрөө эрэл хайгуул хийхээс илүүтэй бусад мэдээллийн хэрэгслүүдээр олон дахин давтагдаж байгаа тоо баримтыг ашиглах нь амар байдаг. Учир нь, давтагдашгүй тоо баримтыг олж тогтооно гэдэг нөр их хөдөлмөр шаарддаг” гэжээ.
“Олимпийн төсвийн талаарх мэдээ сурвалжлагуудын ард ‘сармагчин шиг харж, сармагчин шиг хийсэн байдал’ олон ажиглагдаж байна” хэмээн “Хэвлэл мэдээллийн алдаанууд” номын зохиогч Крейг Силверман хэлсэн байна. Тэрбээр мөн хэлэхдээ сэтгүүлчид тоонд их дуртай. “Бидэнд статистик, доллар, хувиар илэрхийлэгдэх тоо өг, бид тэднийг чинь идээд, эргүүлэн гулигалж, чиг хандлага, өнцөг, баталгаа болгоод урагш нь түлхээд өгье” гэж байгаатай адил. Тэгээд дэлхийн хэмжээний итгэлт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үйл явдлуудын талаарх нийтлэлүүдэд өнөөх сайхан том тоонуудыг оруулаад гаргаад өгчихдөг. Ингээд л тоонууд үнэн болж бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүдэнд ашиглаж болохоор харагддаг” гэв.
“Бодоод үзэхээр аймар биш гэж үү” хэмээн Крейг Силверман нэмэн хэлжээ.
Магадгүй Кремлийн гадна байгаа хэн ч Сочигийн Олимп хэр өртөгтэй байсныг баримттай хэлж чадахгүй байх. Гэвч ямартай ч 50 тэрбум ам.доллар байгаагүй бололтой.