Соёлт нийгмийн хэрэглээ

Би амьдралынхаа бараг тал хувийг ус авч өнгөрөөсөн байх. Хар багын л өөрийн болоод бусдын ундны усны төлөө худгийн урт дугаарлалтад зогсдог байж билээ. Урдуур дайрна, дайруулна эмээ, өвөө нар усанд үл дугаарлахыг эс тэвчинэ. Бид чинь ус уух хувьтай адилхан л хүмүүс биз дээ гэж дотроо цухалдана. Гэхдээ хэзээ ч энэ бодлоо ил гаргаж байсангүй. Хар багаасаа л ус авахын зовлонг мэдэх болсон учраас орон сууцанд л амьдарна гэж бодох болсон юм. Орон сууцанд амьдрах бас нэг шалтгаан бол харуй бүрий, хүйтэн нойтонд “жорлон” орохоос үхтлээ айдаг байсан явдал юм. Бага байхад яагаад ч юм бэ харанхуй, модон “жорлон” хоёр “чөтгөр” мэт санагддаг байжээ. Энэ бол миний орон сууцанд орох мөрөөдлийг өдөөсөн бас нэгэн шалтгаан. Ер нь энэ мэт шалтгаанаас л болж гэр хорооллын бүх хүмүүс байранд амьдрахыг мөрөөддөг байх.

Дээрх мэт асуудлыг “гэр хорооллын цэвэр, бохирын усны асуудал” гэж нэрлээд шийдэх талаар олон улсын байгууллага, төрийн яамдууд санал санаачилга гаргаж, ярилцсаар байна. Үүний нэг нь энэ сарын 29-30 нд зохиогдож буй “Ус ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн III чуулган” юм. Уг чуулганд ЭМЯ, НҮБ, ACF, ЗТБХБЯ тэргүүтэй холбогдох яам тамгын болоод олон улсын байгууллага оролцлоо. Чуулганы талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Gilles Fagninou “Бидний ярилцаж байгаа цэвэр, бохир усны асуудал олон нийтийг хамарсан маш том зүйл. Улаанбаатар хотын гэр хороолол төдийгүй хөдөө, орон нутагт ч цэвэр, бохир усны асуудал тулгамдаад байна. Би Хөвсгөл аймагт очиж энэ талаар судалгаа хийхэд сургуулийн хүүхдүүд усанд орох ганцхан шүршүүртэй байсан. Гэхдээ тэндээс гоожиж байгаа ус нь хүйтэн байсан юм. Учрыг асуухад халаах ямар нэгэн тоног төхөөрөмж тэдэнд байхгүй гэсэн. Тиймээс сурагчдын ихэнх нь өвлийн хүйтэнд усанд барагтай бол ордоггүй. Энгийн энэ мэт жишээнээс харахад тэнд соёлт нийгмийн хүний өдөр тутмын хэрэглээг хэрэглэж чадахгүй байна” гэв.

Гэхдээ 2010 оны судалгаанаас харахад Хөвсгөл аймгийн иргэдийн 65 гаруй хувь нь цэвэр усаар хангагдаж чаддаг гэжээ. Харин Нийслэл хотын гэр хорооллын иргэдийн 25 хувийнх нь л цэвэр усны хангамж сайн байдаг гэх дүн гарсан байна. Мөн гэр хорооллын иргэдийн цэвэр бохир усны асуудлыг эртхэн шийдэхгүй бол “Улаанбаатар хотыг өвчтэй болгож байна” гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа. Энэ нь ус, хөрсийг бохирдуулж байгаа аж. Харин асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой аж. ЗТБХБ-ын “Барилга орон сууц нийтийн аж ахуйн бодлогын газар”-ын мэргэжилтэн Э.Пүрэвжав “Өнөөдөр бид цэвэр усны талаар ярьж байгаа үед хүртээмжийн асуудал нэгдүгээрт яригдана. Мөн ариун цэврийн байгуулмжийн хангамжийн асуудал ч байна. Одоогоор Улаанбаатар хотын 48.8 хувь нь л сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдсан байгаа. Тиймээс бид энэ тал дээр бодит үр дүн гарахуйц ажил хийхгүй л бол Нийслэлийн тэн хагас нь модон жорлонд бие засаж, бохир усаа гудамжиндаа асгасаар л байна” гэв. Мөн ЭМЯ-ны НЭМБХЭГ-ын мэргэжилтэн Д.Нямхоролын тавьсан илтгэлд дурьдсанаар манай иргэдийн болоод мэргэжлийн байгууллагууд усны чанар, аюулгүй ус гэдэг нь чухам ямар шаардлага хангах ёстой талаар мэдэхгүй байна гэсэн юм. Мөн бохир ус эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг иргэд ойлгохгүй байна гэдгийг хэлж байлаа. Энэ талаар Д.Нямхорол “ДЭМБ-аас ундны аюулгүй ус гэдгийг маш энгийнээр тодорхойлж өгсөн байгаа. Үүнд, ундны ус нь ямар нэгэн өвөрмөц үнэр амтгүй, тунгалаг, химийн найрлагын хувьд харьцангуй тогвортой, ямар нэг хорт бодис, бичил биет агуулаагүй байхыг хэлнэ гэсэн байгаа. Гэтэл манайд химийн болоод ургамал амьтны гаралтай ус бохирдуулагч их байна. Мөн бид өөрсдөө ариун цэврийн тал дээр анхаарахгүй байна” гэсэн юм. Ямартай ч энэ мэт цэвэр болоод бохир усны асуудал хаа хаанаа тулгамдаад байгааг салбарын мэргэжилтнүүд хэлж байлаа. Мөн асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд түгээлтийн асуудал чухал талаар чуулганд оролцогчид санал нэгтэй байсан юм. Түүнчлэн гэр хорооллын иргэд заавал өндөр үнэтэй орон сууцанд орохын тулд их хэмжээний өр банкинд тавих биш, багахан хэмжээний зээл аваад цэвэр, бохирын шугамд холбогдож болох талаар санал гаргасан. Гэхдээ энэ тал дээр төрөөс анхаарч гэр хорооллын нэгдсэн цэвэр, бохир усны сүлжээг татаж өгөөд иргэд өөрийн гэрт шугам татах ажлыг өөрсдөө хийх нь зөв гэсэн юм. Хэрвээ гэр хорооллын иргэдийг тэрэг, худаг, модон жорлонгоос нь салгаж чадвал тэд орон сууцны айлаас дутахааргүй тав тухай амьдрач болох юм.