Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээлч нөлөө нь юу вэ

B Shurenchimeg
2021-11-30 18:26:07
Ангилал: Нийгэм

Соёлын яамнаас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийн үзэл баримтлалыг олон нийтэд танилцуулах, уран бүтээлчдээс санал авах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Соёлын сайд Ч.Номин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хууль, манай улсын нэгдэн орсон гэрээ, аюулгүй байдлын үзэл баримтлалд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих, үндэсний баялаг болохыг тодорхой заасан байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын үндэсний баялаг болсон оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулахын тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлагатай” гэж онцоллоо. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн багийн гишүүн, судлаач Д.Дайриймаа ЮНЕСКО-гийн 2018 оны тайлан мэдээнд дурдсанаар дэлхийн дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбараас жил бүр 2.2 их наяд ам.долларын орлого олж, 30 сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн ойрын хугацаанд дэлхийн ДНБ-ий 10 хувийг бүрдүүлнэ гэж дурьдсан байдаг” гэсэн юм.

Харин манай улсын ДНБ-ийн 0.4 хувийг соёл урлагийн салбар бүрдүүлж байна. Цаашид үүнийг нэмэгдүүлэн 1.3 хувьд хүргэх бүрэн боломж бий.

Судалгааны багийн ахлагч, хуульч, судлаач, хууль зүйн ухааны магистр Д.Лхамжав тус хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг танилцуулсны дараа “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, П.Анужин, Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг нар оролцсон юм. 

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөлд хөрөнгө оруулалт, санхүүжилт, судалгаа хөгжлийн, кластераар хөгжүүлэх, хүний хөгжлийг дэмжих болон төр хувийн хэвшлийн түншлэлийн гэсэн таван төрлийн дэмжлэгийг тусгасан байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын дэмжлэгийг төсвөөс хараат бусаар зах зээлийнхээ механизмаар хөгжлийн голдиролын дагуу хөгждөг тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухай хэлэлцүүлэгт оролцогчид дурдлаа. УИХ-ын гишүүн П.Анужин “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндсэн цөм нь хүний бүтээлч сэтгэлгээ тул энэ бүтээлч байдлыг боловсролын системдээ тулгуурлан хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн Монгол хүний оюуны бүтээлийг үнэлэх тал дээр шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгцээ бий болсон” хэмээсэн юм. 

“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн орчин” хэлэлцүүлэгт оролцогчдын онцлох байр суурийг хүргэе. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин

Манай улс байгалийн баялгаасаа эдийн засгийн гол орлогоо бүрдүүлдэг. Энэ нь бидний давуу тал хэдий ч урт хугацаандаа сул тал болж хувирах учраас эдийн засгаа солонгоруулах, үүний тулд бусад салбараа хөгжүүлэх шаардлагатай. Ялангуяа соёлын бүтээлч салбар маш том нөлөө үзүүлж чадна гэж бодож байна. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий даяар соёлын бүтээлч үйлдвэрлэл нэлээн хөгжиж шинэ шатанд гарч ирлээ. Энэ хэрээр зах зээл нь тэлж, эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж байна. 

Манай улсын хувьд дэлхий даяар явагдаж байгаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өөрчлөлт, тэлэлтийн нэг хэсэг болох нь чухал. Ирээдүйн экспортын орлогын эх үүсвэрийг зөвхөн газрын баялагаас бус соёлын бүтээлч салбар, аялал жуулчлал, хүнс хөдөө аж ахуй зэрэг бусад салбаруудаас олдог болох зайлшгүй шаардлагатай. Тус хуулийг боловсруулж соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хууль эрх зүйн орчноор дэмжих хэрэгтэй. Хуулийг өргөн барьж хэлэлцэх үед хэр хэмжээний төсвийн дэмжлэг шаардлагатай талаар судалгаа, тооцоог маш сайн хийх хэрэгтэй.  

Хуулийн төслийн судалгааны багийн ахлагч Д.Лхамжав

Тухайн улсын соёлын бодлогоос хамаарч юуг илүү үнэт зүйт гэж үзэж байгаа, алийг нь илүү хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлж, үүнд нь үндэслэн төрөөс нь дэмжлэг үзүүлдэг. Өмнөд Солонгост  соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихтэй холбоотой 88 төрлийн хууль, тогтоомж үйлчилдэг. Харин Ирланд улс 2013-2017 оны хооронд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих татварын хуулийг баталсан. Тодруулбал, уран бүтээлчдийн орлогыг 100 хувь татвараас чөлөөлж, энэ нь тус салбарын өсөлтийг 44.8 хувиар нэмэгдүүлжээ. 

Манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлд тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлвэл эргээд эдийн засагт үзүүлэх нөлөө нь нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Олон улсад соёлын салбараа хөгжүүлэхэд татварын дэмжлэг түгээмэл. Ялангуяа кино үйлдвэрлэлд зориулсан татврын хөнгөлөлт, чөлөөлөлтийг улс орон бүр хэрэгжүүлэх нь бий. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт татахад зориулсан татврын хөнгөлөлт олгодог. Гэхдээ байнга татвраас чөлөөлөөд байна гэсэн үг биш хамгийн гол нь хэзээ, уран бүтээлийн аль үед нь ногдуулах вэ гэдэг чухал. Энэ мэт маш олон төрлийн хөнгөлөлт, дэмжлэг байдаг. 

Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг

Хуулийн хэрэгжилтийг хангахад Оюуны өмчийн газар, төрийн байгууллагуудаас илүү уран бүтээлчдийн үүрэг маш чухал. Зөв зохион байгуулалт, менежментээр дата сан үүсгэх боломжийг бүрдүүлж өгөх, зохиогч, эзэмшигчийн асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Үүнээс үүдэн дата сан бүрдэхгүй байх, бүрдлээ гэхэд маргаан гарах эрсдэлтэй учир уран бүтээлчид маань үүнд үлгэрлэн оролцох нь зүйтэй. 

Оюуны өмчийг дээдлэх, хүндэтгэх асуудлыг дунд сургуулиас эхэлье гэсэн манай газрын бодлого байдаг. Энэ хүрээнд оюуны өмчийг дээдлэх, хүндлэх асуудлыг томчуудад заахаас илүүтэй хүүхэд багачуудад тайлбарлах нь зүйтэй гэсэн санал гаргаж, 2015 онд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулсан. Дуу хөгжим, дүрслэх урлаг, мэдээлэл технологийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн талаар тодорхой сэдвүүдийг шингээсэн. 

Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Сувд

Соёлын бүтээлч үйлдвэрлэл бүх цаг үед байсан. Гэхдээ соёл урлагийг эдийн засгаас ангид юм шиг ойлгодог. Соёл урлагийн салбарыг зарлага гаргадаг, улсын төсөвт дарамт болдог, эдийн засгийн үр өгөөж багатай гэсэн ойлголт бүх шатанд байсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулиар энэ ойлголт  үгүй болно гэж бодож байна. Энэ хууль батлагдаад, хэрэгжээд явбал соёл урлаг бол эдийн засгийн маш том өгөөжтэй гэдгийг хүмүүс ойлгоно гэдэгт итгэл төгс байна. 

Манай залуучууд эл хуулийг боловсруулаад хэлэлцүүлэг явуулж байгаад урлагийн хүний хувьд үнэхээр баяртай байна. Цаашдаа улам боловсронгуй болох хууль гэж ойлгож байгаа. Тийм учраас Соёлын яамны хамт олон, хуулийн төслийн багт ажилласан бүх залуучуудад театрынхаа уран бүтээлчдийн өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье. 

Монгол Улсын ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн С.Дулам

Монголд төдийгүй дэлхий дахинд соёлын бүтээлч үйлдвэрлэл улам бүр эдийн засагт жин дарсан салбар болж байна. Манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бий болгох цаг нь ирсэн. 

Миний хувьд Монгол орны уул хаданд хэдэн мянган жил оршсоор ирсэн хадны сүг зураг дээр байгаа дүрс, дохио зангааны бэлэгдэлийг тайлан соёл урлагийн контент бий болгох боломжийг эрэлхийлж ирсэн. Хадны сүг зургаас Монголын бүжгийн урлагийн хамгийн эртний хэлбэрийг олж болох юм гэж бодоод 2015 онд “Тэнгэрийн хүүхдүүдийн бүжиг” төслийг санаачилсан. Төсөл маань хэрэгжээд гурамсан бүжгэн жүжиг тавьлаа. Эхний “Хөмөргөн гурвалжин” жүжиг маань олон улсын анхаарлыг татаж, 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд ЮНЕСКО-гийн тайзан дээр 193 орны соёлын экспертүүдийн өмнө тоглогдож, маш өндөр үнэлэлт авсан. Хөгжим, бүжгийн хөдөлгөөн, тайз дэлгэцийн хувьд хаана ч байхгүй өвөрмөц бүтээл болсон. Монголын баялаг зөвхөн хөрсөн доороо биш хөрсөн дээрээ байна гэдгийг ард түмэндээ болон олон улсад харуулахын төлөө эл бүтээлүүдийг хийсэн. 

Мөн Соёл урлагийн их сургууль “Монголчуудын эрхэмлэх үнэт зүйл” гэсэн төсөл хэрэгжүүлж, олон судлаачдын судалгаа, эрэл хайгуулын үндсэн дээр есөн үнэт зүйлийн жагсаалт гарган Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажуулсан. Энэ гурамсан бүжгэн жүжиг болон есөн үнэт зүйлийн судалгаа нь бүхэлдээ инновац гэж бодож байгаа. 

 

 

 

B Shurenchimeg