Соёлын салбарын хөгжил тусгаар тогтнолын хэмжүүр болдог

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Соёлын аж, үйлдвэрийн үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барихад бэлэн болсоноо өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус хөтөлбөрийг 2009 онд санаачилсан бөгөөд хэсэг хугацаанд хүлээгдсэний эцэст энэ онд соёлын талаарх төрөөс баримтлах бодлого батлагдсан учир Соёлын аж үйлдвэрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгохоор ажиллаж буй. Хувь хүний бүтээлч сэтгэлгээ, ур чадвар авьяас билгээс эх сурвалжтай, оюуны өмч, зохиогчийн эрхийн дагуу хамгаалагсдан ашиг олох боломжтой салбарыг хэлдэг аж. Манай улсад төрийн өмчит болон төрийн байгууллагуудын талаарх цөөн мэдээлэл байдаг боловч хувийн байгууллагуудын үйлдвэрлэлийн талаар мэдээлэл дутмаг байдаг аж. Тиймээс аялал жуулчлал их хөгжиж буйтай холбоотойгоор соёл, амралт, тоглоом, музейн шинэ аж үйлдвэрийн цогцолборыг барьж, соёлын аж үйлдвэрийн дэд бүтцийг бий болгон үйлдвэржилттэй холбохыг зорьж тус хөтөлбөрийг баталжээ. Мөн олон улсын соёлын сүлжээнд нэгдэж, хувийн хэвшил, иргэний нийгмийг оролцоог хангахыг хөтөлбөрт голчилж буй аж. Тэгвэл Соёлын аж, үйлдвэрийн үндэсний хөтөлбөрийн хэрэгцээ шаардлага, цаашдын төлөвийн талаар зарим хүнээс тодрууллаа.

Ц.Мөнхжаргал /Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын салбар хариуцсан мэргэжилтэн/

- Соёлын аж, үйлдвэрийн үндэсний хөтөлбөрийн зорилго монголчуудын олон мянган жилийн соёлын өвийн өвөрмөц онцлогийг шингээсэн, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий сэргээгдэх баялаг бүтээх, үйлчилгээ, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж үндэсний өвөрмөц дүр төрхийг дэлхий нийтэд бүрдүүлэхэд байгаа юм. Бид дэлхий нийтэд өөрсдийн соёлын гайхамшигт өв, уламжлал, уламжлалаараа дамжуулан өөрсдийн брэндийг бий болгож, улс орныхоо нэр хүндийг дэлхий нийтэд таниулахаас гадна соёлын өвөө үйлдвэржилтийн эргэлтэд оруулж эдийн засагтаа хувь нэмрээ оруулах үүд хаалга нээлттэй байгаа. Дэлхий нийтэд соёлын аж, үйлдвэр гэдэг ойлголтыг удаан бүрэн утгаар нь хэрэгжүүлж, улс орныхоо нүүр царайг дэлхийд таниулж, нөгөө талаас ашиг орлого олсоор ирсэн. Бид соёлын аж үйлдвэрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр соёлын салбарын шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт ба шинэ санаачлагыг урамшуулах, сонирхогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж уялдуулахад гүүр болж чадна. Дээр нь соёлын аж үйлдвэрийн шинэ чадавхи, шинэ бүтээгдэхүүнийг бий болгох замаар дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэн ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлж соёлын салбарыг хөгжлийг дэмжих хөдөлгөгч хүч болгон ашиглах боломж ч нээгдэнэ. Мөн үндэсний уламжлал, өв соёл, ёс заншлаа хэвээр нь авч үлдэх, хойч үеийнхэндээ өвлүүлж тэдэнд үндэсний, эх оронч сэтгэлгээг бий болгож, уламжлалаа, ёс заншлаа мэддэг хүн болж төлөвшихөд нь тус хөтөлбөр нь үр дүнгээ өгч чадна. Эцэст нь хэлэхэд соёлын салбарын хөгжил нь манай улсын тусгаар тогтнолын хэмжүүр болдог юм.

Н.Зоригтбаатар /Байгалийн түүхийн музейн захирал /

- Манайх гурван жилийн өмнөөс Соёлын аж, үйлдвэрийг хөгжүүлье гэж ярьж эхэлсэн. Дэлхий нийт бол энэ чиглэлээр аль хэдийн хол явчихсан байгаа юм. Жишээ нь, урлагт театр, дуу хөгжим, номын сан, музей гэх бүгд ордог. Тэгвэл манай урлаг соёл, музей, дуу хөгжим, театрын талаар дэлхий нийт тэр бүр мэддэггүй. Бид зөвхөн дотроо л үүнийгээ хөгжүүлэхээр явж байна. Манайд дэлхийд соёлоо солилцох, урлаг, музей соёлоо аж, үйлдвэрийн эргэлтэд оруулж, бизнес болгох шаардлагатай тулгараад байгаа юм. Жишээ нь, би өөрийнхөө салбарын чиглэлээр ярихад бид Африкын анаашны араг ясыг Монголынхоо аргальш угалз, ирвэсний ясаар солилцож музейдээ тавьж яагаад болохгүй гэж. Гэтэл манайд энэ дэд бүтэц, эрхзүйн орчин, боломж бололцоо нь огт байдаггүй. Бидэнд хамгийн ойрхон байгаа, халуун сэтгэлтэй санаагаа сайн ойлголцдог хүмүүс бол солонгосчууд байгаа юм. Солонгос улс соёлыг жинхэнэ утгаар соёлын аж, үйлдвэр болгон өргөжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадсан. Үүний нууц н миний харсанаар гурван зүйлд байгаа юм. Нэгт, Солонгосын “Samsung”, “Huynday” гэсэн корпорациуд нь үндэсний аварга том цэцэрлэгт хүрээлэн байгуулж, түүгээрээ дамжуулан үндэсний өв соёлоо шингээж, олон нийтэд сурталчлахын зэрэгцээ ихээхэн хэмжээний ашиг олдог салбар болгосон байх жишээтэй. Нэг ёсондоо соёлын салбар нь үйлдвэрлэл, үйлчилгээ болоод бизнес болоод хөгжчихсэн байгаа юм. Гэтэл манайд соёлын салбар гэж хэдэн хүний тасалбарын мөнгө л олдог, улсаас жил бүр алдагдлыг нь нөхөж өгдөг унтаа, амиа зогоох төдий л явж байна. Гэтэл томоохон орнуудын бизнесүүд нийгмийнхээ соёлын хэрэгцээнд хөрөнгө мөнгө гаргаж буй нь тэдний давуу тал. Хоёрдугаарт, төрийн зүгээс соёлын салбартаа асар их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж, шинжлэх ухаан, технологийн үндэсний хэмжээний томоохон музейг байгуулж буй хөрөнгө оруулалт хийж чаддагт байгаа юм. Гуравдугаарт өндөр хөгжилтэй орнууд хувийн хэвшлийн үйлдвэрлэлийг дэмжиж, боломж, бололцоог гаргаж өгдөг. Солонгосын Чэжү арал гэж дэлхийд алдартай сайхан газар бий. Чэжү аралын урт нь 70 км, өргөн нь 35 км мөртлөө тэнд 43 музей байгаагаас нэг нь улсын чанартай бусад нь хувийн хэвшлийнх байгаа юм. Манай улс зөвхөн пиво, талхаа үйлдвэрлэж ашгаа бодож, мөнгөнд улайрч байхлаар нийгмийнхээ сайн, сайхны төлөө яагаад үндэсний өв уламжлалаа шингээсэн шинэ содон музейг байгуулж яагаад болохгүй гэж. Манайх шиг соёлын арвин баялаг, үнэт өвтэй улсад соёлынхоо салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрэн байна. Одоо гагцхүү хууль эрхзүйн орчноороо дэмжихийн зэрэгцээ, иргэд олон нийт, төрийн эрх баригчид ч соёлын салбарт ач холбогдол өгч, сэтгэлтэй хандах л үгүйлэгдэж байна. Үүний эхлэл нь Соёлын аж, үйлдвэрийн үндэсний хөтөлбөрийг баталж, үр өгөөжийг нь амсахын төлөө хүч хаян, ажиллах чухал байна.