Соёлын хуанли-2018

Түр зугтахыг хүсэж байгаа хүмүүст зориулан дэлхий даяарх энэ жилийн сар болгоны соёлын онцлох арга хэмжээг түүвэрлэн танилцуулж байна


Нэгдүгээр сар
Жайпур утга зохиолын наадам, Энэтхэг улс
Энэтхэгийн утга зохиолтой холбоотой, холбоогүй хэн бүхэнд зүгээр л “Жайпур” гэгддэг уг арга хэмжээг Лондон, Колорадо мужийн Булдер хотууд даган дуурайж, олон өнгө төрхөөр зохион байгуулдаг. Гэвч Ражастаны нийслэлийн Дигги Паласын гадаа талбайд чанга яригчтай асар, майхнууд битүү цувуулж, хэдэн зуун мянган үзэгчдийг цуглуулдаг үндсэн арга хэмжээг гүйцэх нь нэгээхэн ч үгүй. Энэ өдөр илтгэгч, зохиолчид, Болливүүдийн одод, улстөрчид гээд төрөл бүрийн хүмүүс нэгэн дор хурдаг. 2018 онд Анне Уалдман, Дэвид Хэйр, Ха-Жүн Чан нар ирэхээ мэдэгдээд байгаа. Наадам жил бүр наанадаж нэг шуугиан баталгаатай дагуулдаг билээ.

Хоёрдугаар сар
Саидайжи Иёо Хадака Мацури, Япон улс - Окаяма хот
Соёлын хуанли дээрх этгээд сонин арга хэмжээнүүдийн нэг. Энэ үеэр 500 гаруй жил зохиогдохдоо бүсэлхийний хаалтаас өөр өмсгөлгүй мянга мянган нүцгэн эр хоёрдугаар сарын үдшийн жин хүйтэнд усаар биеэ ариулаад, харанхуйд шавааралдан зүтгэж азын модон саваа shingi- цугласан олон руу шиддэг учиртай. Хэдийгээр гадаад хүмүүс оролцож болохгүй гэж хатуу хориг тавиагүй ч алсаас үзэхэд ч зугаатай байх болов уу.

Гуравдугаар сар
Сезаны хөргүүд, АНУ - Вашингтон ДиСи мужийн Үндэсний Урлагийн Галлерей
Паул Сезаны судалбар зургууд нэг дор цуглаж Америкийн нийслэлийг чимнэ. Пикассогийн “Бид бүгдийн эцэг” хэмээн нэрийдсэн уран бүтээлч 200 хөрөг зурж үлдээснийг уг үзэсгэлэнгээр анх удаа дагнан үзүүлэх юм. Уран бүтээлүүд Парисаас Лондонгоор дамжин аялж Вашингтонд иржээ. Импрессионизмийг 20 дугаар зууны эхэн үеийн абстракционизмтай холбосон гүүр гэгддэг Сезаны өөрийн нь цоо ширтэх хөрөг багтсан энэ цуглуулгын гүйдэлтэй мэт харцнуудаас зураачийг шинэ өнгөөр харах боломж үзэгчдэд олдож байна.

Дөрөвдүгээр сар
Мельбурны Олон улсын Комеди наадам, Австрали улс
Инээд наргианд дуртай хүмүүст зориулагдсан дэлхий хамгийн том гурван арга хэмжээ бол Эдинбургийн зуны fringe наадам, Монреалын Зүгээр л Инээхийн төлөө (Just for Laughs), мөн сарын турш үргэлжилдэг Мельбурны хошин урлагийн наадмууд юм. Австраличууд зардал мөнгө гарган хөхрөлдөхөөсөө хэзээ ч ичиж зовж байгаагүй боловч Мельбурн одоо дуу шуу ихтэй олон улсын томоохон найрын төв болж, 10 гаруй улсын 2000—аад үзүүлбэрийг авчран хөгжилдөх болжээ.


Ахуйгаас амсхийх боломжууд

Тавдугаар сар
Карл Марксын 200 насны ойн арга хэмжээ, Герман улс - Триер хот
Марксын үзэл санааг хүмүүс юу ч гэж үздэг байлаа гэсэн тэрбээр өнгөрсөн хоёр зууны хамгийн аугаа сэтгэгчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тиймээс ч Марксизм-Ленинизмийг 40 жил хүлцсэн улсуудын нэг болох түүний эх оронд ирэх тавдугаар сард Марксын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Триерийн дөрвөн музей Марксын хувийн амьдрал, зохиол бичвэр, үзэл санаануудынх нь дурсгалыг хүндэтгэж, нээлттэй үзвэрийн талбай гаргах юм. Сүүлийн жилүүдэд улстөрийн хавчигдмал нөхцөлд байсан Европын зүүнийг баримтлагч маань эндээс бага ч гэсэн сэтгэлийн дэмийг олох биз ээ.

Зургадугаар сар
Бой Бумба, Бразил улс - Паринтинс хот
Бразилийн Амазон мужийн Паринтинс хотыг та дайраад өнгөрч бол чадахгүй. Бүсийн нийслэлээс хэдэн зуун миль зайд усан онгоцоор явж хүрнэ. Гэвч Бой Бумба наадмын төлөө зүглэхэд гэмгүй юм. Жил бүрийн зургадугаар сард тус наадамд тусгайлан зориулж барьсан цэнгэлдэх хүрээлэнд Капричосо, Гарантидо хэмээх хоёр баг халз тулж, үлгэр домгийн үхэр мангасын түүхийг өмсгөл зүүсгэлтэйгээр хэн нь сайн дуулж бүжиглэн хүүрнэхээ үздэг. Хот даяараа хоёр талын дэмжигчид хуваагдан талцах ба хэрэв өрсөлдөгчийнхөө газар өрсөлдөгчийнхөө өнгийн (улаан эсвэл хөх) хувцсыг өмсвөл асуудал дуудна.. Гялалзсан галзуу наадам.

Долоодугаар сар
Карлови Вэригийн кино наадам, БНЧУ
Кинонд дурлагсад Сандэнс, Канн, Венец, Торонто, Берлин гээд жилийн турш нэр хүндтэй арга хэмжээнүүдэд зай завсаргүй дарагддаг. Гэвч тэдний дундах нуугдсан эрдэнэ бол кино урлагийн чинхүү бишрэгчдийг долоодугаар сард БНЧУ-ын сувиллын хотод хүлээн авдаг Карлови Вэри наадам юм. Зочид нь ихэвчлэн төв Европоос ирдэг ч олон улсад сайшаал хүлээх кинонуудыг түрүүлж анхаарлын төвд авчирдгаараа алдартай.

Наймдугаар сар
Интерсельтик наадам, Франц улс – Лохьен хот
Кельтүүд нэгэн цагт Европын хэд хэдэн зурвас газрыг эзэгнэж байв. Одоо бол зөвхөн тивийн хойд болон баруун хэсгийн буйд нутгуудад амьдарч байгаа. Гэсэн ч жил бүр Шотланд, Ирланд, Мэн арал, Уэльс, Корнвэлл, Бретон, Галициас тугаа барьсан хүмүүс Бретоны Лохьен хотод Кельтийн гэсэн бүхнээ тэмдэглэхээр цугладаг. Энэ газар 2018 онд Уэльс хүндэт улсаар цоллогдож, дахиад л хийл, лимбэ хөгжим, дөрвөлжин хээтэй шотланд даавуу, бүжиг цэнгүүнээр дүүрэх болно.

Есдүгээр сар
Океания, Англи улс - Лондон хотын Урлагийн Рояал академи
Дэлхийн бараг л бүх нутаг өдгөө өөрсдийн гэсэн урлагаа нээж, түүнээ алдаршуулдаг бол Номхон далайн өргөн уудам Океаны арлууд энэ тал дээр хараахан амар сайхандаа жаргаагүй байгаа юм. Тэгвэл Лондон хотын Рояал академи Шинэ Гвинейгээс Ийстэр арал хүртэлх соёлыг өөрсдийн нь хэлж буйгаар хамгийн анх удаа сурталчлан таниулж, энэхүү байдлыг өөрчлөхөө зарлаад байна. 1768 онд Жэймс Күүк Англиас Endeavour хөлөгтэйгөө энэ нутгийг зорин гарч, Рояал академи мөн байгуулагдаж байсны 250 жилийн ойтой 2018 оны уг арга хэмжээ давхцаж буй.

Аравдугаар сар
Hardly Strictly Bluegrass, АНУ - Сан Франциско хот
Сан Францискод тоотой хэдхэн юм л үнэгүй эсвэл хямдхан байдаг бол жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт болдог Hardly Strictly Bluegrass хөгжмийн наадам өөр хэрэг. Шоуг эхлэлийн хөрөнгө оруулалтаар гаршсан нутгийн Уоррен Хэллмэн гадны спонсор байгууллагуудыг үл оролцуулан дангаараа хөрөнгө оруулдаг. Цэнгэлдэх хүрээлэнд ихэвчлэн наадмын нэрэмжит цоглог хэмнэлтэй хийл, мандалин хөгжмийн хослол эгшиглэх боловч 2004 оноос кантри тэргүүтэй бусад жанрын Эммилоу Харрис, Стив Эрл зэрэг уран бүтээлчид оролцох болсныг зарлаж нэрнийхээ урд “Hardly” нэмжээ.

Арвандүгээр сар
Абу Даби Гранд Прикс, Абу Даби хотын Яас Марина тойрог
‘Формула 1’ улирал хаа сайгүй зохиогдох хэдий ч, Абу Дабигийн тойрогт хаалт руугаа дөхөх үеэр өрсөлдөөн илүү ширүүсэхээр байвал моторт уралдаан сонирхогчдын байх ёстой газар энэ болно. Уг Гранд Прикс нь машинуудаас дутахааргүй уралдааны дараах үдэшлэгээрээ онцгойрдгийг Пол МакКартнигаас авхуулаад реппэр Дрэйк хүртэл бараг л бүх алдартныг татан оролцуулж, үүгээр хэвлэл мэдээллийнхэн гарчгуудаа сонгодогоос харагддаг.

Арванхоёрдугаар сар
Катарын Үндэсний Музей, Катар улс
Катар нь Персийн булангийн зарим Араб хөршөөсөө дипломат харилцаагаа тасалсан ч шейхийн засаглалт энэ улс арванхоёрдугаар сард товлосон Катарын үндэсний музейн нээлтээрээ дэлхий даяарх уран барилга бишрэгчдийг гайхуулахад бэлэн болжээ (Энд музейн төслүүдээ хугацаа хэтрүүлэхийг хүлцдэг ч уг музейн хувьд бүр 2016 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн байсан). Барилгын загварыг Францын архитектор Жийн Нювел гаргасан ба ингэхдээ Катарын элсний сарнай, дугуй дүрснүүд, тэгш бус өнцгөөр холбогдсон элсний өнгөтэй элдэв юмс хийгээд Катарыг үндэслэгчийн хуучин ордноос сэдэвлэсэн байна. Далай дундаас сүндэрлэж, эргийн газартай гүүрүүдээр холбогдсон энэ музей хэдийнэ Дохагийн алдартай дурсгалт байгууламжуудын нэг болж чаджээ. Зарим хүн шинэ музейг Дундад Азийн хамгийн үзэсгэлэнтэй газраар нэрлэх нь ч бий. Хэрэв бүх зүйл хуваарийнхаа дагуу явагдвал ирэх жил дэлхийд дор хаяж нэг тэмдэглүүштэй үйл явдал нэмэгдэх нь ээ.

Лэйн Грийн: Ном, урлагийн сэдвийн дэд редактор, нийтлэлч, The Economist
Ивон Райн: Редакцийн эрхлэгч, The World in 2018



“Mongolian Economy” сэтгүүл 173 жилийн түүхтэй The Economist сэтгүүлийн жил бүр эрхлэн гаргадаг Дэлхий-The World in жилийн хөтөч дугаарыг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар Монгол хэлээр гурав дахь жилдээ эрхлэн гаргалаа.

Дэлхий сэтгүүлийн бүтэц

-19 секц бүхий 146 нийтлэл
-81 улс, 13 салбарын чиг хандлага, мэдээлэл, үзүүлэлтүүд,
-1 цагалбар, Дэлхийн үйл явдлуудаас бүрдсэн

Уншигч та #Дэлхий2018 дугаарыг худалдан авахыг хүсвэл Их Дэлгүүрийн #Mажестик номын дэлгүүр, #Интерном мөн #Goodprice супермаркетыг зориорой. Редакциас ирж авбал 30 хувийн хөнгөлөлттэй.

Утас: 90099880, 94092904, 70115477

Дэлхийгээр аялуулж, ирээдүйд хөтөлнө